Byasalgal.mn

ВИПАШЯНА БЯСАЛГАЛ

“МОНГОЛ ДАХЬ ВИПАШЯНА БЯСАЛГАЛЫН АЛБАН ЁСНЫ “ДХАММА-МАХААНА” ТӨВ

Түүхэн уламжлал

Випашяна бол Энэтхэгийн хамгийн эртний бясалгалын арга юм. Энэхүү бясалгалыг 25  зууны тэртээ Бурхан багш Гоутам бээр хүн төрөлхтнөө нээн илрүүлсэн  бөгөөд энэ нь түүний 45 жилийн турш заан сургаж, номлож байсан бүх сургаалийн гол үндэс нь билээ. Бурхан багшийн үед Хойд Энэтхэгийн олон сая ард иргэд энэ бясалгалыг үйлдэн зовлон шаналалаас ангижран  нийгмийн олон салбарт өндөр амжилтанд хүрч байжээ. Мөн Энэтхэгийн хөрш зэргэлдээх Бирм, Шри Ланка, Тайланд, Монгол зэрэг оронд  дэлгэрч гайхамшигт үр дүнгээ өгч байлаа.

Бурхан багш нирваан дүр үзүүлсний 500 жилийн хойно Випашяна бясалгал Энэтхэг орноос устан алга болжээ. Бусад оронд  цэвэр ариун байдлаа алдсан байна. Харин зөвхөн Бирм улсад  бясалгалд чин сэтгэлээ зориулсан багш нарын уламжлалаар өнгөрсөн хоёр мянган жилийн турш үеэс үе дамжин ариунаар хадгалагдан иржээ. Энэхүү уламжлалын  Их багш Саяажи У Ба Кин 1969 онд С.Н.Гоенкаг Випашяна бясалгалын Их багшаар тохоон томилжээ.

Өдгөө Их багш С.Н.Гоенка  Энэтхэгт төдийгүй дэлхийн 120 гаруй оронд түгээн дэлгэрүүлээд байна. Уламжлалын их багш Саяажи У Ба Кин 1971 онд таалал болохоосоо өмнө өөрийнх нь мөрөөдөл биелж байгааг харж чадсан билээ. Тэр бээр Ариун номын өлгий нутаг болсон Энэтхэгийн ард түмэнд Випашяна бясалгалыг эргүүлэн хүргэхийг хүсэж байсан юм. Их багш бээр энэ бясалгалыг зөвхөн Энэтхэгт түгэн дэлгэрээд зогсохгүй, дэлхийн олон орны сая сая хүн зонд амар амгаланг авчрах болно гэдэгт итгэлтэй байжээ.  

Их багш Гоенка 1969 оноос Энэтхэгт  Випашяна бясалгал анх  зааж, 10 жилийн дараа хилийн чанадад түгээн дэлгэрүүлж  эхэлсэн байна. Эхний  27 жилийн дотор тэрбээр 400 гаруй удаа 10 хоногийн бясалгал явуулсаны сацуу  200 гаруй туслах багш нарыг бэлтгэн дэлхийн олон улс оронд илгээн  2000 орчим 10 хоногийн бясалгал явуулсан байна. Энэхэн хугацаанд бясалгалын ? төв байгуулагдсанаас 26 нь Энэтхэгт, үлдсэн нь дэлхийн бусад орнуудад ажиллаж байгаа билээ. Бирм хэмээх жижигхэн оронд өнө удаан жил хадгалагдсан энэхүү үнэт эрдэнэ өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт түгэн дэлгэрсээр байна.  Үнэн аз жаргал, амар амгаланд хүргэгч энэ бясалгалын замаар замнагсдын тоо өдөр ирэх тутам нэмэгдсээр байна.

Эрт үед Энэтхэгийг “Номын орон” хэмээн дэлхий даяара хүндэтгэдэг нэрлэдэг байсан билээ. Өдгөө ариун номын Ганга мөрөн Энэтхэг орноос дэлхий даяар дахин  давалгаалан урсч эхэлжээ  

Бясалгалын арга

Чадвар бүхий багшийн удирдлага дор зориулалтын төвд 10 хоногийн бясалгалд хамрагдсанаар та энхүү бясалгалд суралцаж эхлэх боломжтой.  Бясалгалын явцад бясалгалын төвийн хязгаарт байж, гадны ямар ч хүнтэй харилцахгүй байх ёстой. Мөн унших, бичих болон шашны зан үйл үйлдэх,  тарни маани тоолох зэргийг тэвчих хэрэгтэй.  Өдөрт  хуваарийн дагуу 10 орчим цаг сууж бясалгах журамтай. Мөн эхний ес хоногийн турш нам гүм байж, хамтран бясалгагч нартайгаа дохио зангаагаар ч харилцахыг  тэвчин дүрэм  горимыг чандлан сахих ёстой. Бясалгалын тухай асуудлыг багшаасаа асууж, өөрт тохиолдсон бэрхшээлийн талаар зохион байгуулж буй хүмүүсээс цөөн хэдэн үгээр лавлаж болно.  

Бясалгалын сургалтын гурван үе шат бий.

Нэгд: Бясалгагчид бусдад хор нөлөө учруулах аливаа зүйлээс зайлсхийх ёстой. Үүний тулд амьтны амь хөнөөхгүй, хулгай хийхгүй, худал хэлэхгүй, буруу хурьцал үйлдэхгүй, архи тамхи мэт хортонг хэрэглэхгүй байх таван  сахилыг  авдаг. Эдгээр сахилыг сахиснаар сэтгэл амгалан тайван болж, дараагийн шатанд ороход амар болдог билээ.

Хоёрдугаар  шатанд бясалгагчид эхний гурван өдрийн турш анхаарлаа орж гарах амьсгал дээрээ төвлөрүүлэх “Анапана” бясалгалыг хийдэг. Энэ бясалгал нь сармагчин мэт үсчих сэтгэлийг нэгэн үзүүрт болгодог. Бясалгалын эхний хоёр шат болох ариун явдлыг дээдлэх, сэтгэлээ нэгэн үзүүрт болгох  нь ач тустай хэдий ч гурав дахь шатгүйгээр бүрэн төгс болж чадахгүй билээ.

Гурав дахь шатанд  сэтгэлийн гүнд хуримтлагдсан хир буртгийг үндсээр нь арилган сэтгэлийг ариусгах арга хэрэглэдэг юм. Энэ бясалгал  сүүлийн  зургаан өдрийн турш явагдах бөгөөд  Випашяна хэмээнэ.  Випашянаг бясалгаснаар аливаа хүн өөрийн бие сэтгэлийн гүнд тэгш оршихуйн билгүүнээр нэвтрэн ордог.

Бясалгагчдад өдөрт хэд хэдэн удаа бясалгалын заавар өгөгдөх  бөгөөд  тэр өдрийн бясалгалтай холбоотой номын ярилцлагыг үдэш бүр  их багш Гоенка тайлбарлан ярьдаг билээ. Бясалгалын эхний есөн өдрийн турш бүх бясалгагч хоорондоо юм ярихгүй, нам гүм байх ёстой. 10 дахь өдрөөс  ярьж эхлэх бөгөөд энэ нь  донсолгоотой нийгмийн амьдралд эргэн орох бэлтгэл болох юм. 11 дэх өдрийн өглөө энэрэхүй сэтгэлийг бясалгаж, 10 өдрийн турш хураасан буянаа хамаг амьтантай хуваалцсанаар бясалгал өндөрлөдөг.

Бясалгал хэрхэн явагддаг вэ?

Олон оронд Випашяна бясалгал байнгын төвүүд болон бусад газарт зохион байгуулагддаг.  Төвүүдэд энгийн 10 хоногийн бясалгалаас гадна бясалгалд гүн орж буй хуучин бясалгагч нарт зориулсан 20, 30, 45, 60 хоногийн уртын бясалгал явуулдаг билээ.Випашяна бясалгалын эхний хэсэг болох Анапана бясалгалын хүүхдийн богино курс Энэтхэгт тогтмол зохион байгууллагддаг.  Хүүхдийн бясалгал нь 4-3 хоног үргэлжилж, 8-11 ба 12-15 насны ангиллаар явагдана.  

Випашяна бясалгал нь дэлхий даяар зөвхөн чин сэтгэлийн өглөг дээр тулгуурлан явагддаг бөгөөд шинэ бясалгагчдаас ямар ч төлбөр авдаггүй. Урьд өмнө бясалгалд сууж, ач тусыг хүртсэн хуучин бясалгагч нарын бусдын тусын тулд өгсөн өглөг хандиваар  бясалгал санхүүждэг билээ. Энэхүү бясалгалыг зааж байгаа багш болон туслах багш нар мөн түүнчлэн номын үйлчлэгчид бүгдээрээ сайн дураараа буяны сэтгэлээр бясалгагчдад үйлчилдэг. Энэ  нь ашиг орлогын төлөө биш,  ач тусыг санан өргөсөн буяны өглөгт тулгуурлан үнэ төлбөргүйгээр Бурханы Ариун номыг зааж сургадаг  эртний нандин  уламжлалтай нийцэж байгаа билээ.