Byasalgal.mn

ВИПАШЯНА БЯСАЛГАЛ

“МОНГОЛ ДАХЬ ВИПАШЯНА БЯСАЛГАЛЫН АЛБАН ЁСНЫ “ДХАММА-МАХААНА” ТӨВ

Их багш С.Н.Гоенка

“Випашяна бясалгалыг хийж буй хүн, зовлонгоос аз жаргалд хүрэх, хүлээснээс ангижирч эрх чөлөөнд хүрэх гэсэн зөвхөн нэг л өөрчлөлтийн зүгт замнадаг”

Сатя Нараян Гоенка (1924 онд төрсөн) бол Бурханы сургаалийн практик таль нь болох Випашяна бясалгалын их багш юм.  Дэлхийн 2-р  дайны дараа Бирм улсын тэргүүлэх бизнесменүүдийн нэг байсан Гоенка багш, чин шударга байж утга төгөлдөр амьдрахад, бясалгалаар хичээллэн сэтгэл оюунаа хөгжүүлэхийн чухлыг бодитой үзүүлж чадсан төдийгүй энгийн даруу байдал,  энэрэл нигүүлсэл, сэтгэл тэгш амгалан байж  бусдын тусын тулд үйлчлэх чин сэтгэлээрээ олонд гайхагдсан хүн юм.  

Гоенка багш,  зовлон хямралаас гарах бодит арга замыг эрэлхийлэгчдэд, аливаа шашинд үл хамаарах, зөвхөн хүний өөрийн хичээл зүтгэлээс хамаарч үр дүнгээ шууд үзүүлэх Випашяна бясалгалын ач тус  гайхамшигтай болохыг онцгойлон тайлбарладаг.

 Бурханы сургаалийг шинжлэх ухаанч байр сууринаас судлах хандлага түгээмэл болж байгаатай холбогдуулан тэрээр НҮБ-н ерөнхий чуулган, Энэтхэгийн Парламент, Харвардын бизнес клуб, Тайваны Дарма Драм уулын сүм, Швейцарийн Довас дахь Дэлхийн Эдийн засгийн чуулган, Масачусетсийн Их сургуулийн дэргэдэх Смитсоны Хүрээлэн болон Энэтхэгийн мэргэжилтнүүдийн холбоо зэрэг олон байгууллагуудын урилгаар илтгэл тавьж байсан байна.

Гоенка багш бол бясалгагч шавь нартаа бусдын төлөө үйлчлэхийн үлгэр дууриалыг өөрийн биеэр бодитой үлгэрлэн үзүүлж тэдэнд сэтгэлийн урам зориг өгч байдаг нэгэн юм.

Тэрээр Игатпури дахь Дхамма Гирид болдог уулзалтан дээр 1989 оны 3 сарын 1-ны өдөр хэлэхдээ “Хэрэв та бусдыг шударга ариун явдлаар замнахыг уриалан дуудахыг хүсч байгаа бол эхлээд өөрийн энэрэл хайрыг үүсгэ. Өөрийн дотоод  сэтгэлдээ амар амгаланг цогцлуул. Тэрхүү амар амгалан танаар зогсохгүй бас бусдад ач тусаа өгдөг нь жам юм” гэсэн байдаг.

Гоенка багш бол цуцашгүй хөдөлмөрч хүн юм. Тэрээр 2002 онд 78 настай байхдаа Випашяна бясалгалын үнэлж барамгүй энэ эрдэмийг хүртээхээр өөрийн гэргий Иллиачидеви болон зарим ахмад багш, шавь нарын хамт 128 хоногийн турш Европ, Хойд Америкийг туулан аялсан байдаг.  Энэхүү аяллын хоёдахь хэсэгт тэрээр АНУ болон Канадыг дамнан 13000 км урт замыг авто замаар туулсан байна.

Энэхүү номын Одисей гэмээр аяллын 62 дахь өдөр буюу 2002 оны 6 сарын 10-ны өдөр Гоенка багш Санта Роса дахь Сономагийн Их сургууль дээр хуран цугласан олны өмнө сургаал айлдахдаа:

“Хүмүүс амьдралынхаа туршид дургүй зүйлстэйгээ учирч, дуртай зүйлсээсээ хагацсан тохиолдол олон байдаг. Бурхан багш энэхүү асуудлын уг шалтгааныг судалж бүх зовлонгоос ангижран чөлөөлөгдөх арга зам болох Випашяна бясалгалыг нээж олсон юм. Бид өөрийн бие махбодид мэдрэгдэх тааламжтай болон тааламжгүй мэдрэмжийн зүг шунан дурлах, эсвэл зэвүүцэн дургүйцэх хариу үйлдлийг хийсээр байдаг ба энэхүү сэтгэлийн дадал нь оюун ухааныг бохирдуулж,  сэтгэл санааг үймүүлж байдаг суурь шалтгаан болохыг Бурхан бээр олж болгоосон байна” гэж өгүүлсэн байна.

Випашяна бясалгалыг хийж, өөрийн зовлон зүдгүүрээс салах замыг Гоенка багш бага залуу насандаа өөрийн туршлагаар мэдэрсэн байна. Бирмийн Мандалай хотод Энэтхэг гаралтай худалдаачны гэрт төрсөн тэрбээр Бирмийн тэргүүлэх бизнесменүүдийн нэг болж олон оронд салбартай том компанийг удирдаж байсан байна. 30 настайдаа Янгоны Худалдаа Аж үйлдвэрийн Танхимын даргаар сонгогдож түүний хажуугаар нийгэм, боловсрол соёлын олон төрийн бус байууллагын тэргүүн болсон гэдэг. Энэ үед тэрээр маш их амжилтанд хүрч байсан хэдийч түүний дотоодод ямарч амар амгалан байдаггүй байв. Үргэлжийн их ажлын ачаалал, сэтгэлийн дарамтнаас болж түүний толгой их өвддөг болсон байна. Сүүлдээ түүний толгойн өвчнийг ямарч эмч анагааж чадахгүй байсан тул улмаар өвчин намдаах эмнээс бүрэн хараат болсон нь түүний байдлыг эрс доройтуулж эхэлсэн байна.  Түүнээс гадна түргэн ууртай, хувиа хичээсэн, орчин тойрныхоо хүмүүст дарамт төвөг учруулсан нэгэн байсан гэж Гоенка багш тэр үеийн тухай дурсан ярьсан байдаг.  Яг энэ үед тэрээр дэлхийн 2-р дайны дараа тусгаар тогтнолоо олоод байсан бүрэн эрхт Бирм улсын анхны сангийн сайд  Саяжи У Ба Кинтай танилцаж түүний онцгой зан чанарыг бишрэн гайхсан гэдэг.  У Ба Кин гуай Випашяна бясалгалыг эгэл бусдад заан сургахаас гадна төр олон нийтийн албаныханд бас зааж байсан байна.  Випашяна бясалгал бол ямар нэгэн шашин эсвэл мөргөлийн зан үйл бус харин  Бурханы сургаалийн жинхэнэ охь гэдгийг тэрээр энэ үед мэдсэн байна.  

“Випашяна бясалгалыг хийж буй хүн зовлонгоос аз жаргалд хүрэх, хүлээснээс ангижирч эрх чөлөөнд хүрэх гэсэн зөвхөн нэг л өөрчлөлтийн зүгт замнадаг” гэж тэрээр 2000 онд НҮБ–ын  Дэлхийн Энх тайвны дээд хэмжээний уулзалт дээр алга ташин буй олны өмнө айлдсан байдаг.  Мянга мянган Католик шашны номлогч нар,  Буддын лам, гэлэнмаа нар, Хинду шашны гэгээнтэн даяанч нар төдийгүй дэлхийн олон шашны тэргүүн нар Випашяна бясалгалын курсэд хамрагдаж  байна.

Випашяна бясалгал бол ямар шашинтай байхаас үл хамааран тухайн хүний  оюун ухааны төгөлдөржил, аз жаргалтай бүтээлч амьдралыг бүтээх практик арга нь юм. У Ба Кин багшийн айлдсанаар бол Випашяна бясалгалын гайхамшигт үр дүн хувь хүн бүрт шууд тодорхой, мэдрэгдэнэ гэжээ. 

1969 онд У Ба Кин багш, Гоенкаг Випашяна бясалгалын багшаар томилоод Энэтхэг рүү явж энэ бясалгал заахыг хүссэнээр ариун номын Ганга мөрөн өөрийн үүссэн төрөлх нутагтаа дахин урсаж эхэлсэн байна.  Түүгээр ч зогсохгүй эх нутгаасаа халин Америк, Европ, Ази Номхон далай, Хятад, Латин Америк, Африкийн олон оронд түгэн дэлгэрээд байна.

Гоенка багш болон түүний гэргий нар 1969 оноос хойш Випашяна бясалгалын курсыг хамтран явуулж байна. Түүний гэргий Саяажи У Ба Кин багшийн алдартай шавь нарын нэг төдийгүй бясалгалын үндсэн багш бөгөөд Матажи буюу “Ачлалт эх” хэмээн хүндлэгдсэн нэгэн юм.  Тэрээр Саяажи У Ба Кин багшийнхаа ач буяныг хариулан, Випашяна бясалгалыг сурч зовлонгийн хүлээснээс чөлөөлөгдөх замд олон олон хүмүүсийг оруулж үйлчлэх  гэгээн үйлсийг хэрэгжүүлэхэд нөхрийнхөө дэргэд байж бүхий л сэтгэлээрээ дэмжиж байдаг хамгийн сайн туслагч нь болжээ.

Энэтхэгт ирсэний дараа Гоенка багш өөрийн бизнесийн ажлыг орхиж бүхий л амьдралаа Випашяна бясалгал заан сургахад зориулсан юм.  Одоо тэрээр 6 хүү, ач нарын гэр бүл багтсан овгийн хүндтэй тэргүүлэгчээс гадна улам бүр өргөжин тэлж, бие даасан байдлаар салбарлан хөгжиж байгаа өндөр зохион байгуулалттай сайн санааны байгууллагын сайн дурын тэргүүн болжээ.  Улам бүр өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг хангахын тулд одоо 800 орчим туслах багш нар Гоенка багшийн аудио болон видео бичлэг болон мянга мянган бясалгагч шавь нарын  дэмжлэгтэйгээр бясалгалын курсуудыг бие даан зохион байгуулж байна. Випашяна бясалгалын курсууд нь үнэ төлбөргүй явагддаг ба Випашяна бясалгалын альч багш нар бусдаас аливаа санхүүгийн болон материаллаг шан харамжийг авдаггүй билээ.

Гоенка багш 2005 оны  3 сарын  5-ны өдөр Энэтхэгийн Игатпури мужийн Нашик хотын бясалгалын төвд ном айлдахдаа “Ариун ном бол үнэлэх аргагүй эрдэнэ  билээ. Хэрэв номыг заасны төлөө төлбөр авч эхэлбэл энэ нь зөвхөн баян хүмүүсийн ном болон хувирах юм. Хэн их мөнгөтэй байна тэр хүн илүү их үнийг төлж аз жаргал, амар амгаланд хүрэхийг эрмэлзэх болно. Гэвч ингэх боломжгүй ба хэрэв ариун ном арилжааны хэрэгсэл болох аваас амар амгаланг авчрагч байхаа болино гэсэн үг юм. Иймд одоо болон ирээдүйд хэн боловч Випашяна бясалгалын төвийг арилжааны байгууллага болгон хувиргах алдааг хэрхэвч гаргаж болохгүй.” гэж анхааруулсан байдаг.

Нэгэн суу билэгт зохиолч, яруу найрагч Гоенка багшийн тухай өгүүлэхдээ Бурхан багшийн үгнээс ишлэл аван “Бусдын ач тусыг үл мартах мөн бусдад туслахдаа хариуд нь юу ч үл хүсэлгүй үйлчилдэг хүмүүс бол ховор нандин хүмүүс юм. Ариун номын үйлчилгээнд 50 гаруй жил өөрийгөө зориулсан Гоенка багш бол эдгээр ховор нандин хүмүүсийн нэг мөн” гэж хэлсэн байдаг.