Byasalgal.mn

ВИПАШЯНА БЯСАЛГАЛ

“МОНГОЛ ДАХЬ ВИПАШЯНА БЯСАЛГАЛЫН АЛБАН ЁСНЫ “ДХАММА-МАХААНА” ТӨВ

Амгалан амьдрах урлаг

Випашяна бясалгалын багш С.НГоенка

 Хүн бүр амгалан аз жаргаланг хүсдэг.Яагаад гэвэл энэ нь бидний амьдралд гачигддаг ганц зүйл билээ. Цаг үргэлж бид сэтгэлийн шаналал, уур хилэн, таагүй байдал, зовлонд нэрвэгдэж байдаг. Ийн сэтгэлийн шаналалд автахдаа энэ зовлон шаналалаа зөвхөн өөртөө хязгаарлахгүйгээр бусдад нялзаан хүртээж байдаг. Сэтгэлийн шаналал тэрхүү зовлонт хүний орчинг бүрхэж түүнтэй учирсэн хүн бүр шаналан зовж уур уцаартай болох нь бий. Үнэндээ энэ нь зөвхөн амьдрахуй арга зам биш болох нь мэдээж.

Хүн өөрөө дотоод сэтгэлдээ амгалан тайван амьдарч бусдыг ч тайван байлгахад туслах ёстой юм. Хүн бол ерөнхийдөө нийгмийн нэгэн гишүүн учир нийтийн дунд амьдарч бусадтай харьцаж амьдрах нь гарцаагүй. Тэгвэл яаж амгалан тайван амьдрах билээ? Бид өөрсдөө дотооддоо амгалан тайван байж, бусдыг ч амгалан тайван амьдруулахын тулд орчин тойрондоо хэрхэн тайван төвшин байдлыг тогтоох вэ? Сэтгэлийн шаналалд автваас түүнээс гэтлэхийн тулд тухайн хүн тэрхүү шаналал зовлонгийн гол үндсэн шалтгааныг олж мэдэх хэрэгтэй болно.

Энэ асуудлыг шинжлэн судлаваас сэтгэл оюундаа ямар нэгэн хир буртаг үүсгэнгүүт хэн боловч шаналал зовлонд автдаг болох нь тун тодорхой болж ирдэг. Сэтгэлийн хир буртаг нь амгалан тайван лугаа хамт оршиж үл чадна. Тэгвэл хүн хир буртагийг хэрхэн үүсгэдэг вэ? Шинжин үзвээс шалтгаан нь тун тодорхой болно. Хэн нэгэн миний дургүй зүйлийг хийж, миний хүсээгүй зүйл тохиолдох тэрхэн агшинд би маш их тавгүй байдалд ордог болох нь мэдэгдэнэ. Үл хүсэх зүйл тохиолдоход бид дотооддоо илүү ихийг хүсэх шаналалыг үүсгэнэ. Хүссэн зүйл бүтэхгүй, саад тотгор тохиолдоход бид дахиад л сэтгэлдээ шаналалыг үүсгэнэ. Ийнхүү дотоод сэтгэлдээ хүлээсийг үүсгэсээр л.

Амьдралын туршид үл хүсэх зүйлс тохиолдсоор, хүссэн зүйл бүтэх, эс бүтэх нь ч бий бөгөөд энэхүү шаналалын хүлээс бүх бие сэтгэлийг тэр аяар нь их түгшүүр, шаналалаар дүүргэж, амьдрал зовлон зүдгүүрээр дүүрэх нь бий. Энэ асуудлыг шийдэх нэг арга зам бол үл хүсэх зүйл ердөө тохиолдохгүй байж, юм бүхнийг яг хүссэнчилэнгээр нь бүтээсээр байдаг болгох хэрэгтэй. Иймийн тулд би өөрөө юмуу хэн нэгэн өөр хүн миний хүссэн бүхнийг гүйцэлдүүлдэг чадварыг хөгжүүлэх хэрэгтэй гэвээс энэ нь огт бүтэхгүй хоосон мөрөөдөл юм. Энэ ертөнцөд хүссэн бүхэн нь үргэлж биелэн амьдралд нь хүсээгүй зүйл огт үл тохиолддог хүмүүн нэгээхэн бээр ч үгүй билээ. Юмс бидний хүсэл эрмэлзэл лүгээ эсрэг тэсрэгээр тохиолдсоор л байдаг. Иймээс үл бүтэх бүхнээс үл хамааран хэрхэн яаж хариу үйлдэл хийхгүйгээр, хэрхэн амгалан тайван байх билээ? Энэтхэг болон бусад орны эрт үеийн мэргэд энэхүү хүмүүн төрөлхтөний нийтлэг асуудлыг судлан үзэж түүнээс гэтлэх арга замыг олж илрүүлсэн юм. Үл хүсэх зүйл тохиолдож уур хилэн, айдас зэрэг ямар нэгэн хариу үйлдэл сэтгэлд үүсэнгүүт, тухайн хүн анхаарлаа өөр нэгэн зүйлд хандуулах хэрэгтэй.

Жишээлбэл, босоод аяга ус аваад ууж эхлэх юм бол уур чинь нэмэгдэхгүй байсаар та тэр уур хилэнгээс хагацах юм. Эсвэл нэг, хоёр, гурав гэх мэтээр тоо тоолох юмуу ямар нэгэн үг, өгүүлбэр, аль эсвэл тарнийг давтан унших хэрэгтэй. Өөрийн итгэн сүжиглэдэг сахиус юмуу суут хүмүүний нэрийг давтваас бүр ч амар байх болно. Ингэснээр сэтгэл чинь өөр зүйлд хандаж, төдий хугацааны турш та хир буртаг, уур хилэнгээсээ холдох болно. Энэ арга тустай байсан нь мэдээж. Одоо ч хэвээр байна. Үүнийг хийснээр оюун ухаан шаналалаас чөлөөлөгдсөн мэт санагдах боловч үнэндээ энэ арга нь зөвхөн оюун ухааны өнгөн хэсэгт л нөлөөлдөг юм. Анхаарлыг өөр зүйлд хандуулснаар тухайн хүн тэрхүү хир буртагийг үл мэдрэхүй тархины гүн лүү түлхэн оруулж, тэр хэсэгт тэрхүү хир буртагийг үүсгэн нэмэгдүүлсэн хэвээр байдаг аж. Сэтгэлийн өнгөн хэсэгт өнгөц төдий амгалан таатай байдал байлаа ч, сэтгэлийн гүнд нуун дарагдуулсан нисваанисын галт уул цаг тутам хүчтэй дэлбэрэлт үүсгэсээр л байдаг юм.

Дотоод сэтгэлийн үнэний эрэлд гарсан судлаачид үүнээс арай ахицтай алхамыг хийж, анхаарлыг өөр зүйлд хандуулах нь асуудлаас зугатаж буй хэрэг болохыг бие сэтгэлийн дотоодод орж үнэнг мэдэрснээр ойлгосон юм. Зугатаж нүүр буруулах нь асуудлыг шийдэх алхам биш харин нүүр тулах ёстой. Ямар нэгэн хир буртаг үүсэнгүүт түүнийг зөвхөн мэдэрч нүүр тулах хэрэгтэй. Сэтгэлийн нисваанисыг ажиглан мэдэрч эхэлмэгч тэр өөрийн хүч чадлаа алдсаар үндэсээрээ устдаг юм. Энэ нь хир буртагийг нуун дарагдуулах буюу чөлөөтэй үржин төлжих хоёр туйлшралыг хоёуланг нь тэвчсэн сайн шийдэл боллоо. Хир буртаг үл мэдрэхүй төвшинд хадгалсаар байвал түүнээс хагацана гэж үгүй. Мөн түүнийг бие болон хэлээр илрэх боломж олгох нь асуудлыг ихэд хурцатгах юм. Хэрэв зөвхөн мэдэрсээр байвал нисваанис устан арилж, тэрхүү хир буртагаас чөлөөлөгдөх юм. Энэ нь гайхалтай сонсогдож байгаа ч үнэндээ практик ач холбогдолтой нь батлагдсаар байгаа билээ. Уур хүрэх үед энэ нь нэг л мэдэхэд биднийг маш хурдан эзэмдэж орхидог. Ууранд эзэмдэгдсэнээс болж бид өөртөө болон бусдад хортой үйлдлийг хийж орхидог юм. Уур хүрэхээ болингуут бид хэн нэг гэгээнтэн, тэнгэр бурханаасаа “Уучлаарай, би буруу юм хийж орхиж. Намайг уучилж үзээч” гээд л уйлан уучлалт гуйж гарна. Дараа нь ийм ижил явдал тохиолдоход бид дахиад л энэ мэтээр хариу үйлдэлийг хийх агаад энэ бүх гэмшил үнэндээ ямар ч тусгүй билээ.

 Сэтгэлд хир буртаг үүсэх үед бид мэддэггүй нь харамсалтай хэрэг юм. Энэ сэтгэлийн гүн дахь үл мэдрэхүй хэсэгт үүсэн цагаа болохоор мэдрэхүй сэтгэлийн өнгөн хэсэгт хүрч маш их эрч хүчтэй болсон байдаг учир биднийг бүрэн эзэмдэж орхидгийг огт мэддэггүй. Тэгвэл уур хүрэнгүүт эзэнтэн минь, та уурлаж эхэллээ хэмээн сануулагч хувийн нарийн бичгийн даргатай болох хэрэгтэй болно. Уур хэзээ хүрэхийг мэдэхгүй учир 24 цагийн туршид гурвыг ч юмуу, аль эсвэл баяр ёслолын амралт өгөх учраас дөрөв нь ч туслахтай байж болох юм. За яахав дөрвөн туслахтай боллоо гэж бодъё. Уур хүрэнгүүт туслах маань үүргийнхээ дагуу эзэнтэн минь, та уурлаж эхэллээ гэж сануулахад бид чинь юуны түрүүнд туслахаа алгадан “Тэнэг минь! Чи надад заана гэнээ” гэх  байх. Уурын эрхэнд автсан учраас ямар ч сайхан зөвлөмжийг ч хүлээж авах чадваргүй болсон байдаг.  Билгүүн ухаан минь эзэмдэж би туслахаа жанчилгүй харин “Их баярлалаа, одоо би суугаад уурыг мэдрэе!” гээд суун нүдээ анин, уурыг мэдрэхийг хүсэнгүүт миний уурлах шалтгаан болсон хүн, нөхцөл байдал сэтгэл санаанд бууж ирнэ. Энэ нь уурыг мэдэрч байгаа юм биш. Харин сэтгэгдлийг өнгөцхөн ажиглаж байгаа хэрэг бөгөөд энэ нь уур хилэнг улам л ихэсгэх болно. Энэ бол зөв шийдвэр биш юм. Үүсэх шалтгаан болсон тусгагдахуунаасаа салангид хийсвэр сэтгэгдэл, хийсвэр нисваанисыг мэдрэх маш хэцүү. Гэлээ ч төгс гэгээрлийн туйлын үнэнд хүрсэн хүн үнэн зөв шийдлийг олсон юм.

Тэрбээр сэтгэлд хир буртаг үүсэх үед нэгэн зэрэг хоёр үйл явдал зэрэгцэн тохиолддог болохыг олж илрүүлсэн юм. Нэгдүгээрт, амьсгал хэвийн байдлаа алдана. Сэтгэлд ямар нэгэн хир буртаг үүсэнгүүт миний амьсгал хүчтэй болох нь мэдрэгдэнэ. Энэ нь маш энгийн ил тод үзэгдэл учраас үүнийг хэн ч болов мэдэрч чадах юм. Үүнтэй хамт биеийн дотоодод ямар нэгэн биохимийн хариу үйлдэл болох мэдрэмж үүснэ. Сэтгэлийн бухимдал бүр дотоодод, биеийн аль нэгэн хэсэгт ямар нэгэн мэдрэмжийг үүсгэнэ.Энэ бол практик үндэслэлтэй шийдэл юм. Энгийн хүн айдас, уур, шунал зэрэг оюун санааны хийсвэр хир буртагийг мэдэрч чаддаггүй. Гэвч тодорхой дадлага, дадалтай болсон тохиолдолд сэтгэлийн хир буртагтай шууд холбоотой мэдрэмж мэдрэх маш амархан болж ирдэг.

Нэгдүгээрт, тэд туслахуудын үүргийг гүйцэтгэж, сэтгэлд хир буртаг үүсэнгүүт л миний амьсгал хэвийн байдлаа алдаж ямар нэгэн юм болохоо байсныг тодорхой илтгэнэ. Амьсгалыг алгадаж чадахгүй учир сэрэмжлүүлэгийг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно. Үүнтэй нэгэн адилаар мэдрэмж ч гэсэн ямар нэгэн зүйл болохоо байсныг илтгэх учир надад сануулж би амьсгалаа, мэдрэмжээ ажигласаар тухайн хир буртаг маш хурдан устан алга болохыг мэдрэх болно. Энэхүү бие сэтгэлийн үйлдэл нь зоосны хоёр тал гэсэн үг юм. Зоосны нэг талд сэтгэлд үүссэн бодол, сэтгэлийн хөдөлгөөн байхад нөгөө талд нь амьсгал ба биенд үүсэх мэдрэмж үүснэ. Сэтгэлд үүсэх бодол, сэтгэлийн хир буртаг нь тухайн агшины амьсгал ба мэдрэмжид нөлөөлнө. Иймээс амьсгал ба мэдрэмжийг мэдэрснээр бие сэтгэлийн хир буртагийг шууд бус замаар мэдэрч байгаа юм. Асуудлаас нүүр буруулахын оронд бид бодит үнэнийг байгаагаар нь тулан мэдэрч байгаа юм. Ингэснээр бидний хир буртаг эрч хүчээ алдан урьдийнх  шигээ дахин бүрэн эзэмдэж чадахаа больж эхэлдэг. Хэрэв бид шаргуу оролдсоор байх юм бол хир буртаг тэр аяараа аяндаа устан арилж, бид амгалан тайван болох юм. Энэ мэтээр өөрийгөө мэдрэх энэ арга техник нь бидэнд үнэнийг дотоод ба гадаад гэсэн хоёр талаас нь харуулдаг юм. Урьд бид нээлттэй нүдээр дотоод орчинг мартан гадагш ширтдэг байсан. Би өөрийн зовох болсон шалтгааныг үргэлж гаднаас эрдэг байв. Бид гаднах бодит байдлыг үзэн ядаж, өөрчлөхийг хичээдэг байсан. Дотоод үнэнийг үл мэдэн мунхаглаж, улмаар би миний зовох болсон шалтгаан миний дотоодод явагдаж, миний сохор хариу үйлдэл болохыг ердөө ойлгодоггүй байв. бухимдал үүсэх үед нь тулан мэдрэх хэцүү.

Гэтэл одоо би дадлагажсанаар зоосны нөгөө талыг харж чадах боллоо. Би дотоодод юу болж байгааг мэдэрч чадаж байна. Амьсгал ба мэдрэмж ямар ч байлаа гэсэн би сэтгэлийнхээ тэнцвэрийг алдахгүйгээр зөвхөн мэдэрч сурах юм. Би зовлонгоо үржүүлэхээ зогсоож, харин хир буртагийг гарган ирж устгаж эхлээд байгаа юм. Энэ аргыг амьдралд хэр их хэрэгжүүлнэ, төдий хэр тухайн хүн хир буртагаас хурдан салах болно. Яваандаа сэтгэл санаа хир буртагаас чөлөөлөгдөн, хиргүй ариун болох болно. Ариудсан оюун санаа энэрэл хайраар, үл шунах ариун амгалан хайраар бялхаж байдаг юм.

Бусдын зовлон бэрхшээлийн зүг энэрэл хайраар бялхаж, тэдний амжилт аз жаргаланд ихэд баясаж, ямар ч нөхцөлд тэгш оршихуй сэтгэлийн тэнцвэрт байдлыг хадгалж байдаг юм. Ийм  шатанд хүрэх аваас тухайн хүний амьдралын орчин өөрчлөгдөж эхэлдэг. Бусдын амгалан тайвныг алдагдуулсан үйлийг бие болон хэлээрээ ердөө хийхгүй болдог. Харин түүний оронд тэнцвэртэй сэтгэл нь дотооддоо амгалан тайван болоход нь тусладаг. Ийм хүний ойр орчинд амгалан тайван цогцолж, бусдад ч нөлөөлж эхэлдэг. Энэ бол Бурханы заасан амгалан амьдрахуй урлаг ухаан юм. Тэрбээр ямар ч шашин, философи мэтийг буй болгоогүй юм. Бурхан шавь нартаа ямар нэгэн шашны зан үйл, худал хуурмаг ёслол үйлдэхийг заан сургадаггүй байлаа. Харин дотоод үнэнийг мэдрэхтэй хамт үнэнийг байгаа байдлаар нь харахыг заан сургаж байсан юм. Мунхагийн улмаас хүн өөртөө болон бусдад хортой үйлийг хийсээр л байдаг юм. Тэгээд билгүүн үүсэхэд, үнэнийг үнэнээр нь мэдрэгч билгүүн үүсэх үед хүн нүгэлт үйлийг таслан зогсоодог юм.

Тэнцвэртэй тэгш оршсон оюуны, үнэнийг мэдрэгч сэтгэлийн хийх үйлдэл бүр эерэг, өөрт болон бусдад тустай байдаг юм. Ингэхийн тулд мэргэдийн “өөрийгөө мэдэгтүн” хэмээн зөвлөсөнчилэн бид өөрсдийгөө сэтгэлийн өнгөн хэсэгт биш, үзэл бодол, онол, сүжиг бишрэлийн талаас нь биш, харин үнэнийг бодитойгоор мэдрэх ёстой юм. Бид энэхүү бие сэтгэлийн үнэнийг илтэд мэдрэх ёстой. Зөвхөн энэ л арга зам дангаараа биднийг хир буртагаас, зовлонгоос салгаж чадах юм.

Энэхүү үнэнийг өөрийн дотоодод илтэд мэдрэх, өөрийгөө мэдрэх энэ арга техник бол бясалгал  юм. Бурхан багшийн үеийн Энэтхэгийн хэлэнд пашяна гэдэг нь нээлттэй нүдээр харах гэсэн утгатай үг байжээ. Харин ви-пашяна гэдэг нь юмс үзэгдлийг ямар мэт санагдахаар биш, үнэн бодит байдлаар нь мэдэх гэсэн утгатай юм. Өнгөц үнэнийг нарийвчлан шинжиж, бие цогцос болон оюун санааны туйлын үнэнд хүрэх хэрэгтэй. Энэ үнэнийг биеэр мэдэрсэн хүн мунхаглан хариу үйлдлийг хийж, хорт үр дагаварт үйлийг хийхээ больдог юм. Ингэснээр аяндаа хуучин нисваанис, муу дадал зуршил устан арилж эхэлэх бөгөөд зовлонгийн хүлээснаас салж жаргаланг мэдэрч эхэлдэг юм.бясалгалд заан сургадаг гурван чухал алхам бий.

Нэгдүгээрт, бусдын амгалан тайванг бусниулагч үйлийг бие болон хэлээр үйлдэхийг тэвчих ёстой. Сэтгэлийн хир буртагийг улам нэмэгдүүлсээр байдаг нүгэлт үйлийг бие хэлээр хийхтэй хамт өөрийгөө бухимдлаас гэтэлгэх ажлыг хийнэ гэдэг огт бүтэмгүй зүйл. Иймээс юуны түрүүн ёс суртахууны горим журмыг сахих нь энэхүү бясалгалын анхны алхам юм. Ингэснээр тухайн хүн, амьтны  амь хөнөөхгүй, хулгай хийхгүй, худал хэлэхгүй, буруу хурьцал үйлдэхгүй, согтууруулах ундаа хэрэглэхгүй зэрэг таван сахилыг сахих хэрэгтэй юм. Эдгээр үйлийг тэвчсэнээр тухайн хүний оюун ухаан амар төвшин болж ирдэг юм. Ингэснээр оюун ухаан хүчтэй хир буртагийн эрхэнд орохоо больж, улам бүр тайван төвшин болж ирнэ.

Үүнтэй хамт оюун ухаанаа дотоод руу нэвчин орох чадвартай болгох зорилгоор сэтгэлээ улам хурц болгосоор л байдаг юм. Ёс суртахууын горимыг сахин, оюун ухаанаа эрхэндээ оруулах эхний энэ нэгдүүгээр алхам бол ач тус ихтэй нь мэдээж. Гэвч хүн өөрийнхөө дотоодод билгүүнийг хөгжүүлэн оюун ухааныг хир буртагаас чөлөөлөх гурав дахь алхамыг эс тавибаас энэ нь өөрийгөө үнэн амгаланд хөтлөж үл чадна. Энэхүү хоёр дахь шат бол бясалгал бөгөөд энэ нь бие болон сэтгэлийн харилцан холбооны тогтмол хувиран өөрчлөгдөх үнэн бодит шинж чанарын улмаас биенд мэдрэмж болон илрэх бодит үнэнийг мэдрэх ажиллагаа юм. Энэ нь Бурхан багшийн сургаалийн оргил болох өөрийгөө мэдэрсээр өөрийгөө ариусгах нандин арга юм. Үүнийг хэн ч хийж чадна.

Аливаа өвчин зовлон шашны урсгалынх биш учир түүнийг анагаах эм нь ч бас аль нэг урсгалд хамаарахгүй бүх нийтийнх байх ёстой юм. Хүн бүр зовлонтой нүүр тулдаг. Уурлах үед тэрхүү уурыг Хиндү уур, Христосын уур, буддист уур хэмээн ялгах аргагүй. Уур бол уур шүү дээ. Уур биеийг зовоох үед тэрхүү шаналалыг христосын, буддын гэж ялгах аргагүй. Энэ мэтээр хүний сэтгэлд үүсэгч уур хилэн, атаа жөтөө гэх мэтийн хир буртаг бол бүх нийтийнх учир түүнийг арилган сэтгэлийн амгаланд хүргэх арга ч гэсэн бүх нийтэд нэгэн ижил үйлчлэх нийтийн шинж чанартай байх ёстой юм. Бясалгал бол нийтийн зовлонг арилгагч, бүхэнд ижил тус хайрлагч арга ухаан юм. Бусдын амгалан тайвныг хүндэтгэгч ёс суртахууны горимыг сахихыг хэн ч дургүйцэхгүй. Сэтгэлээ эрхэндээ оруулан, сэтгэлийнхээ эзэн болох гэж чармайхыг хэн ч буруутгахгүй юм. Өөрийн дотоодод үнэнийг харагч билгүүнийг үүсгэн өөрийн сэтгэлийн буруу дадал зуршил нисваанисыг арилгахыг хэн ч муу үйл гэж үзэхгүй. Энэ нь буруу төөрөгдөл мухар сүжиг биш юм. Үнэнийг бодитойгоор нь мэдэрч, дотоод үнэнгийг мэдрэх нь хүн өөрийнхөө бодит үнэнийг үнэнээр нь мэдэрч байна гэсэн үг юм.

Үүнийг дадлагажуулсанаар хүн сэтгэлийн хир буртаг нисваанисаасаа ангижирч эхэлдэг. Гадна талын, өнгөцхөн үнэнээс бие сэтгэлийн туйлын үнэн рүү бясалгагч нэвтрэн ордог юм. Мөн тэндээсээ түүнийг даван туулж, бие сэтгэлийн чанад дахь үнэнийг илтэд мэдэрч бүх зовлон нисваанисаас хагацах мөнхийн амгалангийн шатанд хүрдэг юм. Энэхүү туйлын үнэнд ямар нэр өгсөнөөс огт үл хамааран хүн бүрийн хүрвэл зохих туйлын зорилго юм.  Та бүхэн энэхүү энгийн боловч үнэн үр дүнд шууд хүргэгч замаар замнан өөр өөрсдийн зовлонгийн хүлээснээс салж, үнэн аз жаргалан, үнэн амгаланг амсан цэнгэх болтугай.