Byasalgal.mn

ВИПАШЯНА БЯСАЛГАЛ

“МОНГОЛ ДАХЬ ВИПАШЯНА БЯСАЛГАЛЫН АЛБАН ЁСНЫ “ДХАММА-МАХААНА” ТӨВ

Випашяна бясалгалын дүрэм горим

Випашяна бол Энэтхэгийн хамгийн эртний бясалгалын арга юм. Хүн төрөлхтөн түүүнийг мартагнан өнө удаан жил болсон ч одоогоос 2500 жилийн өмнө Бурхан Гоутам өөрийн биеэр дахин нээн илрүүлж чадсан билээ. Випашяна гэдэг нь үнэнийг бодитойгоор харж мэдэх гэсэн утгатай үг юм. Випашяна бясалгалаар хүн өөрийн сэтгэлийг ариусгах аргыг эзэмшдэг. Бясалгагч орж, гарч буй амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлж, оюун санаагаа мэдрэмтгий хурц болгодог. Тийнхүү мэдрэмтгий болсон оюун ухаан нь бие махбодь, сэтгэл санаанд орох өөрчлөлтийг мэдрэн зовлон шаналал, “би үгүй” гэх үзэл тэр бүү хэл ертөнцийн үнэн болох мөнх бус чанарыг ч нэгэн цагт ойлгон ухаарна. Чухам энэ үнэнийг биеэр мэдэрснээр хүний сэтгэл ариусч эхэлдэг. Випашяна бясалгал нь ямар нэгэн шашин шүтлэг, шашны бүлэглэлд хамаардаггүй. Ертөнцийн нийтлэг зовлонгоос ангижруулах бүгдэд нэгэн ижил үйлчлэх эм мэт билээ. Тийм ч учраас энэ бясалгалыг ямар ч шашин шүтлэгтэй, нийгмийн гаралтай хэн ч хэзээ ч, хаана ч чөлөөтөй хийж болох бөгөөд бүгдэд ижил сайн үр дүнгээ өгдөг нь батлагдсан юм.
Випашяна бясалгал хүнийг ариуслын дээд шат болох гэгээрэлд хүргэх увидастай. Биеийн өвчнийг анагаах зэрэг нь бясалгалын зорилго ердөө ч биш билээ. Сэтгэл ариуссаны үр дүнд сэтгэлтэй холбоотой олон өвчин эдгэн илаашрах нь харин бий.
Випашяна нь үнэн чанартаа хүн төрөлхтний зовлонгийн эх үүсвэр болсон хүсэл шунал, үзэн ядалт, мунхагийн гэмийг багасгах арга- зөв амьдрах ухаан юм. Энэ бясалгалаар тууштай хичээллэснээр хүн хуучин муу зуршлаасаа салж, нийгэмд өөрийн эерэг талыг харуулан, орчин тойрондоо аятай уур амьсгал бүрдүүлэхэд тусалдаг.
Өөрийгөө өөрчлөн ариусах нь хэзээ ч амар даваа байгаагүй. Үүний тулд зогсолтгүй ажиллах л хэрэгтэй. Өөрийн тань өмнөөс таны төлөө хэн ч ажиллахгүй. Ганцхан та л өөрийнхөө төлөө зүтгэх хэрэгтэй. Энэ бясалгал жинхэнэ шийдвэртэй ажиллах, бясалгалын дүрэм горимыг чандлан сахиж чадах хүмүүст, тэдний сайн сайхны төлөө зориулагдсан зүйл юм шүү. Эдгээр дүрэм горим нь энэ бясалгалын салшгүй нэгэн хэсэг юм.

Бясалгалын дүрэм горим

Арав хоног гэдэг дотоод сэтгэлийнхээ гүнд нэвтрэн орж буглаа болсон хир буртаг нисваанисуудыг үндсээр нь арилгахад мэдээж хангалттай хугацаа биш. Гэсэн ч бусдаас тусгаарлагдмал байж бясалгалаа тасралтгүй хийх нь үр дүнд хүрэх амжилтын үндэс болдог. Бясалгалын дүрэм горим ч үүнд л зориулагдсан юм. Дүрэм горим нь багш хийгээд бясалгалыг зохион байгуулагчдын тусын тулд байдаггүй. Мөн ямар нэгэн шашны мухар сүсэг биш билээ. Бясалгал хийдэг хэдэн мянган хүний олон зуун жилийн турш хуримтлуулсан туршлага дээр тулгуурлан бүтээгдсэн дүрэм горимыг чандлан мөрдсөнөөр бясалгалын таатай уур амьсгалыг бүрдүүлж байдаг бол түүнийг зөрчих нь бясалгалын таатай ур амьсгалыг бохирдуулж орхидог. Бясалгагчид 10 хоногийн турш бясалгах ёстой. Үүнээс гадна бусад дүрэм горимуудыг сайтар уншиж танилцахыг зөвлөе. Бясалгалын дүрэм горимыг шударгаар чандлан мөрдөж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа хүмүүс л бясалгалд суух зөвшөөрөл хүсэх хэрэгтэй. Үнэн сэтгэлээсээ хичээн бясалгал хийхгүй хүн бусдад саад болоод зогсохгүй өөрийн үнэт цагийг ч давхар үрэх болно. Бясалгалд суухаар ирсэн хүмүүст бясалгалын дүрэм горим хатуу санагдаж бясалгалаа дуусгалгүй дундаас орхин явах нь таагүй төдийгүй өөрт тань хор нөлөөтэй гэдгийг сануулах нь зүйтэй юм. Түүнчлэн олон дахин сануулсаар байхад дүрэм горимыг мөрдөхгүй байснаас болж таныг явахыг шаардахад хүрэх нь үнэхээр азгүй хэрэг болох билээ.

Сахих сахилууд

Бүх бясалгагчид бясалгалын туршид доорхи сахилуудыг чандлан сахих ёстой. Үүнд:

  • Амьтны амь хөнөөхгүй байх
  • Хулгай хийхгүй байх
  • Худал хэлэхгүй байх
  • Хурьцал үйлдэхгүй байх
  • Архи тамхи зэрэг хортонг хэрэглэхгүй байх.
  • Хуучин бясалгагчид нэмж доорхи сахилуудыг мөрдөнө. Үүнд:
  •  Үдийн 12 цагаас хойш юм идэхгүй байх
  • Биеэ гоёж гоодохгүй, чимэг зүүлт зүүхгүй байх
  • Өндөр гоёмсог ор хэрэглэхгүй байх

Шинэ бясалгагчид 17 цагийн завсарлагаар цайлж, унд ууж юм идэж болох бол хуучин бясалгагчид зургаа дахь дүрмийн дагуу зөвхөн цай, хярам уух болно. Эрүүл мэндийн шалтгаанаар хоолны дэглэмийг өөрчлөх хүсэлтэй бол багшдаа хэлэн өөрчилж болно.

Багш болон бясалгалын аргыг хүлээн зөвшөөрөх

Бясалгалын туршид лаа, арц хүж асаах эрхээр маань тоолох, тарни унших залбирал үйлдэх зэргийг хориглоно. Бусад бясалгалын аргуудыг сайлж муулалгүйгээр 10 хоногийн турш хойш нь тавих хэрэгтэй. Ингэснээр та бүх анхаарлаа Випашяна бясалгалд хандуулж түүнийг шударгаар цэгнэн үзэх боломжтой болно. Бясалгагчид Випашяна бясалгалтай хамт ямар нэгэн өөр төрлийн бясалгалыг холихыг тэвчих хэрэгтэй. Багш олон удаа сануулсан хэдий ч Випашяна бясалгалтай хамт өөр төрлийн шашны зан үйлийг хольж хутган өөртөө хор хохирол учруулсан тохиолдол гарч байсан удаатай. Тиймээс бясалгалд суухаар ирсэн хүмүүс багшийн заасан зааврын дагуу түүнд юуг ч нэмэхгүй, юу ч хасалгүйгээр ёсчлон дагаж бясалгах хэрэгтэй юм. Ямар нэгэн эргэлзэх асуух зүйл гарваас зөвхөн багшдаа хандан тодруулж болно.

Иогийн болон биеийн тамирын дасгал:

Хэдийгээр иогийн болон биеийн тамирын дасгал Випашяна бясалгалын үед хийж болох боловч бясалгалын орчинд дасгал хийх тохиромжтой газар байхгүй учир зөвхөн алхах дасгал хийх боломжтой.

Багшаас зөвлөгөө авах

Бясалгалын талаар эргэлзээтэй асуудлыг зөвхөн багшаас тодруулан асууж болно. Үдийн 12-13 цаг , оройн 9-9:30 цагийн хооронд болон завсарлагааны цагуудад багшаас тодруулга авч болно. Эдгээр цагийг зөвхөн бясалгалын холбогдолтой асуултад зориулах бөгөөд гүн ухааны цэцэрхэл маргаанд зориулагдаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Юм ярихгүй нам гүм байх

Бясалгагчид эхний өдрөөс эхлэн 10 дахь өдрийн өглөөний 10 цаг хүртэл юм ярихгүй нам гүм байх горимыг чандлан мөрдөх хэрэгтэй. Нам гүм байна гэдэг нь бие, хэл, сэтгэлээрээ нам гүм байхыг хэлнэ. Дохио зангаагаар, бичиг цаасаар, үйл хөдөлгөөнөөрөө бусад бясалгагч нартай харилцахыг тэвчих хэрэгтэй. Гэсэн хэдий ч бясалгагчид хэрэгтэй бол хэдэн ч удаа багштай уулзаж эргэлзээтэй асуудлаа лавлаж болно. Мөн орон байр хийгээд хоол унд зэрэгтэй холбоотой асуудлуудыг бясалгал зохион байгуулж буй хүмүүстэй уулзан шийдэж болно. Гэхдээ олон дахин уулзахгүй байхыг хичээх хэрэгтэй.

Нэг гэр бүлийнхэн буюу хосууд

Бясалгалын төвд эрэгтэй эмэгтэйгээр тусгаарлан байрлуулна.

Шашны зүүлт, тэмдэг, сахиус

Шашны холбогдолтой зүүлт, сахиус зэргийг авч ирэхгүй байх хэрэгтэй. Хэрэв нэгэнт төвд авч ирсэн бол бясалгал зохион байгуулагчдад мэдэгдэж тэдэнд хадгалуулж болно.

Үнэт эдлэл

Үнэт эд зүйлсийг найдвартай хадгалах нөхцөл байхгүй учраас бясалгалд суухаар ирэхдээ авч ирэхгүй байхыг зөвлөе. Хэрэв нэгэнт авч ирсэн бол бясалгалын зохион байгуулагчдад мэдэгдэж хадгалуулах нь зүйтэй.

Хувийн бэлтгэл

Бясалгалд суухаар ирэгсэд өөрийн өдөр тутмын хэрэглээний оо, шүйдний сойз, саван, алчуур, шумуул үргээгч, хөнжил гудас, цагаан хэрэглэл гэх мэт зүйлүүдээ авч ирсэн байх шаардлагатай.

Хар тамхи, мансууруулах бодис

Манай улсын хуульд хар тамхи биедээ авч явах, хэрэглэхийг хатуу хориглодог. Энэ төрлийн зүйлсийг бясалгалын төв дээр авч ирэх ч хориотой. Хэрэв ямар нэгэн эмчийн заавраар эм уух шаардлагатай байгаа бол багшдаа заавал мэдэгдэх ёстой.

Тамхи

Бясалгалын төв дээр тамхи татах, хамрын тамхи хэрэглэхийг хатуу хориглоно.

Хувцас

Биед эвтэй, даруу хувцаслахыг эрхэм болгоно уу! Цээж нуруу ил гарсан хувцас, богино өмд, банзал өмсөх нь халууны улиралд ч зөвшөөрөгдөхгүй болохыг анхаарна уу. Наранд биеэ шарах нь төв дээр хориотой зүйлийн нэг юм.

Ариун цэвэр

Бясалгагчид нийтийн байранд амьдарч бясалгал хийх тул тогтмол усанд орж цэвэр хувцаслан элдэв үнэртэн хэрэглэхгүй байх шаардлагатай.

Гадна холбоо

Бясалгалын туршид бясалгагчид төвийн байрнаас гадагш гарч болохгүй. Утсаар ярих, захиа бичих, хүнтэй уулзах бясалгалын туршид хориотой. Хэрэв зайлшгүй шаардлагаар гаднаас хүн ирсэн тохиолдолд зохион байгуулагчид эхлэн уулзаж шаардлагатай бол зөвшөөрөл олгоно. Мөн бясалгалын зохион байгуулагчдаас бусад хүмүүс ажилчидтай ч ярих хориотой.

Хоол

Бясалгалын төвд олон улс орны, олон хүн ирж бясалгадаг тул бүх хүний сэтгэлд нийцсэн хоол бэлтгэх боломжгүй байдаг. Энгийн махгүй хоолоор бясалгалын турш үйлчлэх бөгөөд хүн бүрээс үүнтэй зохицохыг хүсэх байна. Хэрэв хоолны тусгай дэглэм, онцгой хүсэлттэй бол анх бүртгүүлэх үедээ бясалгалын зохион байгуулагчдад мэдэгдэнэ үү!

Унших бичих

Бясалгалын үеэр ямар ч ном, тэр бүү хэл Випашяна бясалгалтай холбогдолтой материал, ном сонин унших, тэмдэглэл хөтөлж болохгүйг анхаарна уу! Ингэх нь таны анхаарлыг сарниулж бясалгалд саад болох учраас бүх цаг заваа бясалгалдаа зориулах хэрэгтэй.
Видео бичлэг хийх зураг авах:

Видео бичлэг хийх зураг авах

Зөвхөн багшийн зөвшөөрлөөр хийгдэнэ.

Бичиг баримт

Гадаадаас бясалгалд суухаар ирсэн хүмүүс бясалгалын туршид Монголд байхад хүчинтэй паспорт визтэй байх хэрэгтэй. Мөн бясалгал эхлэх үед бүртгүүлэх шаардлагатай.

Орон байрны үнэ

Ариун номын бясалгалыг заахад үнэ хөлс авахгүй. Байр зохион байгуулалт, ажилчдын хөлс, тээврийн зардал, татвар, ус, хоол цахилгаан болон бусад зардал урьдын бясалгагчдын номын хандив, өглөгөөр төлөгддөг бөгөөд бясалгалын төв нь өөр ямар нэгэн орлогын эх үүсвэргүй билээ. Бясалгалын төвийн барилга байгууламж нь мөн л өглөг хандиваар баригддаг юм. Цаашдын бүх үйл ажиллагаа энэ л маягаар явагдах болно. Ариун номын уламжлалын дагуу бясалгалын төв нь зөвхөн бясалгал хийж түүний үр өгөөжийг хүртэн цаашид олон хүнд хүртээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах гэсэн ариун сэтгэлтэй хүмүүсийн өргөсөн их бага өглөгийг хүлээн авч түүнийгээ зөвхөн бясалгал зохион байгуулахад л зориулдаг юм. Тийм ч учраас бясалгалд анхлан сууж байгаа хүмүүсээс өглөг авдаггүй. Харин бясалгал дууссаны дараа буяны сэтгэлээр өглөг өргөж болно. Дээр дурьдсан дүрмүүдийн аль нэг нь эсвэл нилээд хэд нь таалагдахгүй, ойлгомжгүй байвал өөртөө эргэлзээгээ хадгалж буруу зүйл хийхээс сэргийлэн нэн даруй багштай болон зохион байгуулагчидтай уулзан тодруулга авна уу! Эцэст нь сануулахад Випашяна бясалгалын замд амжилт гаргах нь таны буян паарами хийгээд таны чин зүтгэл, итгэл бишрэл, үнэнийг эрхэмлэх, ойлгох билгүүн зэрэг хүчин зүйлс таньд хэр зэрэг хөгжсөнөөс шалтгаална.

Цагийн хуваарь

Дараахи цагийн хуваарь нь бясалгалыг тасралтгүй үргэлжлүүлэн амжилтанд хүргэхэд чиглэгдсэн байдаг бөгөөд бясалгагчид түүнийг чандлан мөрдөх хэрэгтэй.
Цаг Хуваарь
04:00
Өглөөний босох хонх
04:30 – 06:30
Бясалгалын зааланд бясалгах
06:30 – 8:00
Өглөөний цай
08:00-9:00
Нийтийн бясалгал /зааланд/
09:00 – 11:00
Багшийн зааврын дагуу /зааланд ба өрөөндөө/
11:00 – 12:00
Үдийн хоол
12:00 – 13:00
Амралт
13:00 – 14:30
Бясалгалын зааланд бясалгах
14:30 – 15:30
Нийтийн бясалгал /зааланд/
15:30 – 17:00
Багшийн зааврын дагуу /зааланд ба өрөөндөө/
17:00 – 18:00
Оройн цай
18:00 – 19:00
Нийтийн бясалгал /зааланд/
19:00 – 20:30
Номын айлдвар
20:30 – 21:00
Нийтийн бясалгал /зааланд/
21:00 – 21:30
Асуулт хариулт
21:30
Өрөөндөө амрах