Byasalgal.mn

ВИПАШЯНА БЯСАЛГАЛ

“МОНГОЛ ДАХЬ ВИПАШЯНА БЯСАЛГАЛЫН АЛБАН ЁСНЫ “ДХАММА-МАХААНА” ТӨВ

Ариун ном дэлгэрсэн нь

Буддагийн үеийн түүхэн баримтаас үзэхэд Бимбсар, Судходан болон Прасенажита зэрэг хаадууд бясалгал хийж түүнээсээ их ашиг тусыг хүртэж байсан төдийгүй энэхүү туршлагаа бусадтай хуваалцахын тул хичээл зүтгэл гаргаж байсан тухай олонтаа дурьдагдсан байдаг.

Тэд өөрсдийн улс орондоо Буддагийн сургаалийг дэлгэрүүлэх ажилд сэтгэл гарган оролцдог байсан гэдэг. Гэхдээ Буддагийн сургааль олон улс орныг дамнан өргөн хүрээтэй түгэн дэлгэрсэн нь зөвхөн хаадын ивээл, дэмжлэгээс илүүтэй түүний заасан бясалгалын аргатай холбоотой байсан юм. 

Түүний бясалгалын аргад суралцсан хэн бүхэн уур хилэн, үзэн ядалт, айдас эргэлзээ зэрэг хорт сэтгэлийн уг үндсийг арилган сэтгэлийн зовлонгоос ангижирч байв. Мөн энэхүү бясалгалын арга сурахад энгийн ойлгомжтой байснаас гадна тухайн хүн  нийгмийн гарал, шашин шүтлэг, итгэл үнэмшил,  эрэгтэй эмэгтэй хэн байхаас үл хамааран ашиг тусаа адил өгөх түгээмэл шинжтэй байсан билээ.

Хүссэн зүйл үл бүтэх, хүсээгүй зүйл тохиолдохын алин боловч бүхэнд адилхан зовлон л  авчирдаг. Энэ бол зовлонгийн түгээмэл шинж. Зовлон нийтлэг шинжтэй бол түүнээс салах арга нь бүгдэд адилхан түгээмэл байх учиртай. Ариун ном (Dhamma) бол зовлонгоос салгагч түгээмэл эм билээ.

Будда өөрийн амьд ахуй цагт Мажхима Деса гэж нэрлэгдсэн хойд Энэтхэгчүүдийн дунд ариун номыг машид энэрэхүй сэтгэлээр чөлөөтэй хүртээсний үрээр түүний сургааль ихэд дэлгэрч байжээ. 

Дээрхийн адилаар Буддагийн дараа үед буюу МЭӨ 3 зуунд Ашок эзэн хааны ивээл дор ариун ном дахин хүчтэй дэлгэрсэн гэдэг.  Энэ удаад мөн адил бясалгалын практик ач тусыг сургаалийн дагуу үзэж мэдсэнтэй холбоотой  болохыг Ашок хааны үлдээсэн хэд хэдэн чулуун дээрх зарлигын бичээсүүд нотолдог байна.

Тэдгээр бичээсийн агуулгыг үндэслэн Ашок хаан бясалгалын ач тусыг өөрийн биеэр туршин үзсэн төдийгүй ариун номыг түгээн дэлгэрүүлэхэд маш их хүчээл зүтгэл гаргаж байсныг мэдэж болдог. 

Тэрээр хүний сэтгэл ариусан цэвэршихэд бусдад туслах хүсэл зориг хэрхэн бадарч энэ ертөнцийн төдийгүй бусад ертөнцийн ашиг тусыг эрхэмлэн сайн үйлд шамдан бүтээхийн учрыг тайлсан байдаг.        

Түүний 7 дугаар баганы бичээс дээр тэрээр шалтгааныг хоёр үндэслэлээр зарлигласан байдаг. Нэгдүгээрт, эзэнт гүрний дотор хууль ёс, эмх журмыг эрхэмлэх шалтгааныг нэрлэсэн бол хоёрдугаарт, түүнээс илүүтэй ариун номын практик тал болох бясалгалыг хичээн суралцахын чухлыг бичсэн байдаг.  Эндээс харахад бясалгалыг өөрийн амжилт бүтээлийн хамгийн гол шалтгаан гэж үнэлж байжээ.

Ашок хааны ивээл дор Ариун номын гурав дахь их чуулган зохиогдсон ба түүний дараагаар төгс гэгээрсэн олон архад хуврагуудыг хойд Энэтхэгээс гадагш явж ариун номыг илүү олон хүнд хүртээхийн тул есөн өөр зүгт илгээсэн гэдэг. Тэдгээр хуврагуудыг номын элч нар гэж нэрлэж байсан бөгөөд тэд бүгд сэтгэлийн бүхий л хир буртагаас ариусан чөлөөлөгдсөний үлгэрээр ариун номын практик бясалгалыг бусдад заан сургаж байжээ.

Тэд өөрсдийн хайр, энэрэхүй сэтгэлийн хүчээр олон хүнийг ариусал чөлөөлөлтийн замд оруулж чадсан юм.

Тэдгээр номын элч нарыг ахалж явсан гэгээрсэн хуврагуудын нэр болон ариун номыг түгээхээр явсан есөн зүгийг түүхэнд тэмдэглэн үлдээснийг сөхвөл:

  • Мажхантика хуврага (Majjhantika Thera): Кашмир болон Гандахар руу (Кашмир, Афганистан, Пешавар болон хойд Пакистаны Равалапинди)
  • Махадева хуврага (Mahadeva Thera): Махисамандала руу (Мизор)
  • Ракита хуврага (Rakkhita Thera): Ванаваси руу  (өмнөд Энэтхэгийн хойд Канар)
  • Ёнака Даммаракита хуврага (Yonaka Dhammarakkhita Thera): Апарантака руу  (одоогийн хойд Гужарат, Катиавар, Качча болон Синд)
  • Махадамма Ракитта хуврага (Mahadhammarakkhita Thera): Махаратха руу  (Махараштр орчмын Годовар)
  • Маха Раккита хуврага (Maha Rakkhita Thera): Ёнакалока руу  (эртний Грек)
  • Мажхима хуврага (Majjhima Thera): Химаванта Падеш Бага руу  (Гималайн бүс)
  • Сона болон Уттар хуврагууд (Sona and Uttara Theras): Суванна Буми руу  (Бирм)
  • Махинда хуврага ба бусад (Mahinda Thera and others): Тамбапаннидипа руу  (Шриланка)

Эдгээр хуврагуудаас гадна Ашок хаан одоогийн Египт, Сири зэрэг улсуудын нутаг хүртэл номын багш нарыг илгээж байжээ.  Тэрээр дараа дараагийн олон үеийн турш ариун номын эрхэм дээд үрийг бүх дэлхийд түгэн дэлгэрэх замыг тавьж өгсөн хүн юм. 

Түүний эхлүүлсэн үйл хэрэг Канишка хааны залгамжлалаар үргэлжилсэн ба төв Азийн болон Хятад зэрэг улсуудад Кумаражива болон Бодидамма зэрэг хуврагуудыг илгээсэн байдаг. Улмаар тэдгээр улсуудаар дамжин ариун номын сургааль цааш түгэн МЭ 4 зууны эхэн үед Солонгос, Япон улсуудад хүрсэн байна. 

Энэ үед Энэтхэгт Таккасила, Наланда, Виккамасила болон бусад олон бясалгалын сургуулиуд хөгжин цэцэглэж, Хятадын олон эрдэм боловсролтой хүмүүсийн сонирхолыг татаж байжээ. Түүнээс гадна олон тооны хүмүүс Тайланд, Камбож, Лаос, Вьетнам, Индонез зэрэг орнуудад бясалгалд суралцаж эхэлсэн байна. 

Харин Төвдөд ариун номын бясалгал дэлгэрсэн нь Санттиракшита, Падмасамбава, Аттиша болон Камалашила зэрэг багш нарын хичээл зүтгэлээр бий болжээ.

Тэртээ 2500 жилийн өмнө Бурхан багшийн заан сургаж байсан бясалгалын арга өнөөдөр дахин сэргэж, тэр үеийн адил ач тусаа өгч байна. Өнөөдөр Энэтхэг төдийгүй дэлхийн бусад олон оронд мянга мянган хүн Випашяна бясалгалаар хичээллэх болжээ.

Хоорондоо ялгаатай олон төрлийн хүмүүсийн ийнхүү нэгэн бясалгалын зүг татагдах болсон шалтгаан нь тэртээх 2500 жилийн өмнө татагдаж байсан шалтгаантай адил хэвээр үлджээ. Энэ бол амьдралд ойр, ойлгоход тодорхой, үр дүнгээ шууд үзүүлж, алхам алхмаар дэвшилд хүргэн, бодитой, илэрхий ач тусаа өгдөг бясалгалын аргын мөн чанар юм.

Хэдий чинээ олон хүн энэхүү ариун номын бясалгалыг хийхийн хэрээр Бурханы болон түүний дараах Ашок хааны үеүүдэд бясалгал хийж, бие биесээ хайр энэрэлээр асран тэтгэх билгүүн ухааныг олсон сая сая хүмүүсийн цогцлоосон улс, амар амгалан, эв найрамдалтай нийгмийн уур амьсгалыг төсөөлөх боломжтой болох билээ.

Хамаг амьтан аз жаргалтай болоосой. Энх тайван амар амгалан дэлгэрэх болтугай.