-Та бид хоёр үргэлж л ярилцаж байдаг. Гэхдээ энэ удаа олон нийтийн өмнө ил ярилцах болохоор би өөрөө бясалгал хийдэггүй хүний дүрээр асуух байх шүү. Та сая Оросуудад бясалгал заагаад иржээ. Манайхнаас Энэтхэгүүдээс ер нь юугаараа өөр санагдав?
-Яахав ноднин жил Ленинград одоогийн Санкт Петербург хотод байдаг бясалагын төвд багш дутагдаад бүртгүүлчихсэн олон хүнийг цуцлах болчихоод анх надруу хандсан юм л даа. Ер нь бясалгалыг өөрийнх нь мэддэг хэлээр заах маш ашиг тустай байх нь мэдээж. Оросыг Канад багш хариуцдаг юм билээ. Багш дутагдалтай харин суух хүсэлтэй хүн олон болоод би анх очиж бясалгал заасан. Орос хэлтэй болохоор тэдэнд их таалагдаад тэгээд энэ жил бас дуудсан хэрэг. Петербург хотод өглөө он лайнаар 7 цагт зар тавихад нэг цагийн дараа дүүрчихдэг гэж байгаам.Тэгээд бүтэн жил хүлээдэг 198 хүн бүртгүүлчихээд багш байхгүй гэх шалтаанаар цуцлах хайран биз дээ. Тэгээд ч Орос гэдэг бидний хувьд ямар ойрхон санагддаг билээ дээ. Тэгээд урилга ирэхээр нь явсан. Хоёр ч удаа очлоо. Энэ 3 сард бас явна гэхдээ цаашаа бас Латви бас урисан. Яахав өвөл та мэдэж байгаа шүү дээ байр халаалтгүй зэргээс энд бясалгал зогсдог болохоор л явж тэнд зааж байгаа хэрэг.
-Ямар ч багш хүн шавь нь сайн байвал их баярлаж урам ордог шүү дээ. Оросууд ямар юм бэ? Энэтхэгчүүдээс манайхнаас юугаараа өөр байна?
-Энэтхэг багш ирж манайд анх бясалгал зааж байхдаа манайхныг их гайхаж ямар сайн тэвчээртэй юм бэ гэж гайхаж байсан. Би бас Оросуудыг тэгж л гайхсан. Дайн дажин, зовлон зүдгүүр үзсэн ард түмэн болоод ч тэгдэг юм уу. Бүр гайхмаар тэвчээртэй зовлонг жаргал болгох бараг шидтэй улс юм билээ. Та өөрөө мэднэ дээ эхний хэд хоногт хамаг юм өвдөөд их хэцүү байдаг. Зарим нэг нь шантраад бууж өгдөг. Гэтэл бүр Оросууд нэг нь ч хөдлөхгүй харин бүр хэд хоноод өвчин арилчихаар “скучно” байна гээд байх юм билээ. Эр эмгүй бараг ерэн хувь нь өвчин шаналалтай байхад баясаад байх нь их хачин санагдсан.
Хэцүү мэдрэмж байхад гоё байна гээд байх юм.Enjoy the pain гэдэг шүү дээ. Тийм тэвчээртэй шавь нартай байх урамтай шүү дээ.
-Сонин юм аа. Оросууд ч нэг тиймэрхүү шүү дээ. Та бас манай чанга дэглэмтэй Мааньтын шоронд бас бясалгал явуулах гэж байгаа гэж сонслоо. Өмнө нь эмэгтэйчүүдийн хориход хэд хэд явуулсан шүү дээ.
-Тийм би Орос явсан тухайгаа Дорлигжав прокурорт яриад бас өнөөх алдартай Dhamma brothers гээд АНУ ын хамгийн чанга дэглэмтэй хорих ангид бясалгал зааж тэд хэрхэн өөрчлөгдсөн тухай киног үзүүлээд ярьтал тэр дор нь шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн даргыг дуудаад үүрэг өгч шийдсэн хэрэг л дээ.
-Дорлигжав прокурор ер нь 10 хоногийн бясалгалд хэд суусан хүн бэ?
-Анх бүүр 2008 онд санагдаж байна. Бясалгалын төв дөнгөж нээгдэж байхад цэргийн майханд анх сууж байлаа. Дараа нь дахиж ч суусан. Энэтхэг явж Гоенка багшийг амьд сэрүүн байхад ч уулзаж байсан хүн болоод надад маш их өөрчлөлт авч ирсэн зүйл гэж тэдэнд тайлбарлаад чанга дэглэмийн хорих ангийн өдөр бүр хувиарт нь оруулах талаар ч бод гэж үүрэг өгөөд тэгээд 26 наас зааж эхлэх гэж байна. Саяхан очиж уулзаад бэлтгэл ажлаа хийсэн. Би энэ шоронд нэг явуулж үзээд тэгээд энэ өвөлжин тэнд зааж үр дүнг нь харахаар бодож байна. Өвөл энд явуулах аргагүй болохоор тэр их зовж байгаа улсад заах санаатай. Дэлхийд хорих ангиудаар явуулдаг болохоор бас яаж хоцрохов. Олон жилтэй эсвэл олон удаагын хэрэгтэй дээд тал нь 25 жилийн ялтай улс байдаг юм байна.
-Дамма бразэрс шиг кино хийх юмсан. Өнөөх төсөв мөнгө гээд олдохгүй л байхдаа. За тэр ч яахав. Таны энэ олон жилийн бясалгалд суугаад маш их өөрчлөгдсөн хүмүүс байгаа л байх даа. Жишээ хэлвэл.
-Хүн болгон л 10 хоногийн дараа их өөр болдогыг өөрөө сайн мэднэ. Их эрт нэг бүсгүй ирж суусан юм. Тэр хүүхний эцэг дүү хоёр нь нэг өдөр нас барсан юм билээ л дээ. Тэрнээс шок аваад унтахаа байгаад жил тойрсон хүн байж билээ. Ямар ч эмэнд унтахаа байчихсан, унтахаараа жоохон дуг хийгээд л сэрчихдэг, гэр орондоо ч бөөн асуудалтай болчихсон болоод аргаа бараад наашаа ирж л дээ. Бясалгалд ирж байгаа улс жаргалтай нь биш зовлонтой нь л түрүүлж ирдэг шүү дээ. Яахав зарим хүн урд насны буянаар ирэх нь бий л дээ. Гэтэл тэр эмэгтэй эхний өдрийг дуусгаад хоёр дахь өдрөө суугаагаараа хурхираад унтчихаж билээ. Мэдээж жирийн хүнд бол унтах хориотой. Харин тэр бүсгүйн хурхираад унтаж байх хөгжим шиг сонсогдож байсан даа. Тэгээд зүв зүгээр жирийн хүн болоод шууд эдгээд гарсан. Ийм тохиол зөндөө бий.
-Тийм дээ. Намайг нэг сууж байхад суга таягтай хөгшин ирээд таягаа хаяад гарахыг ч харж л байсан. Мухар сүжигээр буруу ойлгох вий дээ.
-Бясалгал гэхээр хөгшин настай хүний ч юм шиг ойлгох гээд байдаг. Уг нь бол бүх хүн л тайван амгалан сэтгэлтэй болохыг хүснэ шүү дээ. Хүний сэтгэлийн өнгөн хэсэг их тогтворгүй байдаг. Юм уншаад ч сонсоод ч өчүүхэн хэсгийг тогтоогоод өөр түмэн бодол нисванис орж ирээд сэтгэл тогтож чаддаггүй төвлөрөл сарничихдаг. Сав л хийвэл хариу үйлдэл хийх гээд байдаг. Тэхээр сэтгэлээ төвлөрүүлэх гэж анхан шатандаа амьсгалаа ажиглаж сурдаг. Бидний бодол нэг бол өнгөрсөн рүү нэг бол ирээдүйрүү яваад байдаг. Хүн өнгөрсөнд эсвэл ирээдүйд амьдарч чадахгүй шүү дээ. Төвлөрсөн сэтгэлд л амгалан тайван байдаг. Дараагийнх нь сэтгэлийн гүн хэсэгт болж байдаг мэдрэмжээс үүссэн хариу үйлдэл юм. Хүн эрдэм номтой ч байсан эд хөрөнгөтэй ч байсан тэр хамаардаггүй. Тоолшгүй олон төрөлдөө хуримтлуусан дадал болохоор далд ухамсартаа мэдрэмжинд хариу үйлдэл үзүүлдэг болсон байдаг. Сайхан амт, үнэр, муухай бодол, өвчин, шаналалт бүх мэдрэмжийн эсрэг хариу үйлдэл хийж сайхан мэдрэмжинд шунаж, муухай мэдрэмжинд дургүйцнэ. Энэ бүхнийг бясалгалд сууж байж л ойлгоно л доо. Зовлонгийн шалтгаан гэдэг энэ.
-Ер нь хүн бүр ийм байдаг юм уу? Манайхан илүү их хариу үйлдэл хийдэг улс юм болов уу? Жишээ нь фэйсбүүкэд гэгээлэг юм тавихаар нэг их хүн анхаарахгүй хирнээ улс төрийн, хэрүүлийн чанартай юм тавихаар л идэвхижээд байх юм.
– Ардчилалд ороод бид их эрх чөлөөтэй болсон л доо. Гэхдээ миний л бодлоор “хаан” “ноён”гэж байсан хүнийг “дарга” гэж нэрийг нь солиод “гишүүн” энэ тэр гэж нэрлээд ч өнөөх амбиц,нэр төрийн төлөөх хүсэл шунал байсаар байгаа болохоор ямар ч ялгаагүй юм. Нэр шошго л өөр болж. Гэхдээ манайх гаднаа бол аажмаар сайжирч байгааг бид бас л харахгүй байгаа юм. Их юм өөрчлөгдсөн. Харин дотооддоо бол дарга, хаан хоёрт ялгаа байхгүй байна шүү дээ. Тэхээр сэтгэлийг шинэчлэхгүй бол өөрчлөлт болохгүй. Бясалгалаар л өөрчлөгдөнө. Үгүй ядаж өмнө нь социалист үзэл суртал, ёс суртахуун, аж төрөх ёс дэглэм гэж ярьдагаа ч орхичихсон болохоор хүн ухаантай ч хэлэхээс наашгүй цаас нимгэн ч чичихээс цаашгүй гэдэг болоод байгаа юм.
-Гэхдээ энэ их хурдтай, завгүй нийгэмд 10 хоног бясалгалд суугаад сэтгэлээ дотроос нь өөрчлөх хүн хэд бол доо?
-Арав хоног гэдэг асар бага хугацаа шүү дээ. Жилд 365 хоног бий. 355 нь цаана нь үлдэж байнаа даа? Хүн усанд долоо хоногтоо хоёр, ядаж нэг ордог өдөр бүр гар нүүрээ угаадаг. Гэтэл хүн бие сэтгэл хоёроос бүрдсэн амьтан. Биеээ л угаагаад байхаас ядаж жилдээ ганц сэтгэлээ усанд оруулахгүй явахаар юу гээч болохов? Бүх насаараа усанд орохгүй явбал юу гээч болохов? Харамсалтай нь аравхан хоног усанд орох аргаа сураа гэхээр зав алга гээд байгааг тэгвэл юу гэж ойлгох билээ дээ. Ийм л юм. Өс санах сэтгэл арилахаас эхлээд маш их тустай. Энэтхэгт ерөнхийлөгч нь хүртэл бясалгалд суугаад ээжийг нь хөнөөсөн хүнийг уучилж очиж уулзсан зэрэг жишээ маш их.
-Ошогын бясалгал гэж байх юм. Бас түүний номнууд дэлхий дахинд хэдэн сая уншигчтай байх юм. Таны бодлоор энэ хүнийг юу гэж бодож байна?Би бол бүх Монгол хэл дээрхийг уншчихсан. Англиар ч уншсан. Анх би Ошог таниас анх олж мэдсэн. From sex to superconsciousness номыг анх англиар уншаад тэгээд салахаа байсан.
-Би Увсын тэс сумын хөдөөний хүүхэд шүү дээ. Бүр дөнгөж арав төгсөөд л би ер нь хаанаас ирсэн тэгээд амьдраад дараа нь хаашаа явах юм бэ ? гэж бодож эхэлсэн хүн. Бараг хүүхэд байхаасаа шүү дээ. Тэгээд азаар Бакула ренбучи намайг сонгоод Энэтхэгт явуулсан болоод ч тэрүү оюутан болоод л өнөөх эрлээ үргэлжлүүлж эхэлсэн. Тэр үедээ Рави Шанкартай уулзаж бясалгалд нь сууж үзсэн ч нэг л сайн хариулт олж чадалгүй хайсаар л байсан. Тэгээд Ошог олж уншсан. Бясалалд нь сууж үзээгүй л дээ. Тэгээд маш олон номыг уншиж дуусгасан. Англи хэлээр Хинди хэлээр. Тэр үед бүр дэлхий даяар түүнийг шүтэж уншиж байлаа. Түүний ном гайхамшигтай. Гэхдээ сүүлд учрыг олоход тэр хүн бол самадид маш гүн орчихсон хүн юм билээ. Гэхдээ ертөнцийн самадид орсон хүн байсан ажээ. Ертөнцийн самади, ертөнцийг гэтлэх самади гэж хоёр янз байдаг. Өөрөөр хэлвэл хүслийн ертөнц дотроо олон давхаргатай бөгөөд энэ хэсгүүдийн хамгийн гоё хэсэгт амьдрана гэсэн үг. Самадид орсон хүн биеээсээ салж тэр орчинд орчихдог. Ертөнцөөс гэтлэх самади гэдэгт бидний хийгээд байгаа Бурхан багшийн бясалгалаар л хүрдэг ийм өөр юм л даа. Самади гэж төвлөрөл. Та жишээ нь кино үзээд 3 цаг суухад хөл гар өвдөөд байхгүй шүү дээ. Дотогшоо төвлөрөөд 3 цаг суух эхэндээ ямар хэцүү байдаг билээ дээ. Тэр хүний юмыг уншихад маш сайхан байдаг нь үүнтэй холбоотой. Тэр ертөнцийн самадид байгаа хүний юмыг уншиж байгаа болохоор сайхан байлгүй яахав. Харин номоо тавиад л өнөөх чинь алга болчихно. Юу ч сэтгэлд үлдэхгүй.
– Тийм тал нээрээ байдаг шүү. Ертөнцийн самади гэж юуг хэлээд байнаа?
-Одоо таны хийгээд байгаа эхний хэд хоногт хийдэг аанаа паанаа гэж амьсгал дээрээ төвлөрөөд эхлэх үед зарим хүнд гэрэл харагдах мэтээр төвлөрөл мэдэгдэж эхлэх үед өөр зүгрүү яваад өгөхийг хэлээд байгаа юм. Тэр маш сайхан. Тийм мэдрэмж төрөөд эхлэхээр л түүнийгээ хөөгөөд явчихаад өөр замруу орчихож байгаа хэрэг. Гүнрүүгээ биш гадагшаа төвлөрөөд эхлэх гэхүү дээ. Ошо тийм гүн самадид байгаа болохоор түүний төвлөрөл гайхамшигтай. Бомбэйн их сургуульд сурч байхдаа тэвэр дүүрэн ном номын сангаас шилж аваад өглөө нь уншчихаад, цээжилчихээд буцааж өгдөг байсан гэж байгаа. Скайнардаж байгаа юм шиг уншдаад зогсохгүй тогтоодог байж л дээ. Жирийн хүнд ийм хүн солиотой л гэж харагдана биз дээ. Ийм самадид хүрсэн хүн гэгээрэлд хүрчихлээ гэж андуурах нь ч аргагүй гэж би боддог.Тийм их уншсан тэгээд түүнийг нь бүр анализ хийгээд ойлгочихсон хүн гайхамшиг шүү дээ. Нэг зуун хорин мянга гаруй дэлхийн шилдэг ном уншсан гэсэн тоо байдаг юм билээ. Энийг баргийн хүн насаараа уншаад ч барахгүй хэдэн үеэр унших ном. Түүн шиг сайн ярьдаг хүн энэ дэлхийд байхгүй ч байж мэднэ. Түүний номыг уншиж яваад Гоенка багшийг олж мэдсэн. Нэг үеийн хоёр хүн шүү дээ. Тэгээд энэ бясалгалтай таарсан хэрэг. Ертөнцийн самадид хүрсэн хүмүүст шила буюу ариун явдал сахих шаардлагагүй. Тэгээд ч сексийг чөлөөтэй тавьсан зэрэг нь барууныханд их таалагдсан болохоор тэнд маш их дэлгэрсэн. Уурыг ч залаад самадид хүрч болно, хүсэл тачаалыг ч залаад самадид хүрч болно гэж үздэг хүн. Энэ гэхдээ жирийн хүнд бол ямар ч боломжгүй хэрэг шүү дээ.
-Та ч бас пали хэлнээс орчуулаад эхэлсэн биз дээ?
– Тийм л дээ.Түвд болон Монгол Гаанжуурт ороогүй хэсгийг орчуулж байгаа. Гаанжуурт гурван хэсэг байдаг. Эхний хэсэг Винайн аймаг, Лам нарын сахил сахих тухайд гэж хэлж болно. Дараагийнх нь Судрын аймаг, гурав дахь нь Авхидарма гэж байдаг. Гуравахь хэсгийг Түвдүүд ч орчуулаагүй. Харин Хятадаар байдаг гэсэн. Бурхан багшийг төрүүлээд эх нь долоо хоноод тэнгэр болсон бөгөөд эхийнхээ ачийг хариулах гэж гэгээрсэнийхээ дараа тэнгэрийн оронд очиж ээждээ 3 сар айлдсан ном юм шүү дээ. Тэнгэрүүд урьдийн хийсэн буяны ачаар тэнгэр болон мэндэлдэг бөгөөд тэд хүнтэй харьцуулбал асар урт настай, хэдэн сая жил “парти” хийгээд амьдарч байгаач юм шиг үргэлжийн аз жаргал баяр баясалд умбаж байдаг болохоор Бурханы сургаалийн гол цөм болох Мөнх бус, Зовлон, Би гэх зүйл үгүй гэсэн 3 гол билгүүнийг хөгжүүлэн үйлийн үрийг устгах Випашяна бясалгал бясалгах нь амаргүй гэдэг. Биеэ цогцосыг атом молекул, нетрон протоны эцсийн жижиг хэсэг хүртлэн задлан тайлбарлаж Мөнх бус болохыг ойлгуулсан ном болохоор ойлгоход тун бэрх. Бидний очиж үзсэн Бирм буюу Минмарт 1920 иод онд байсан Леди Саядов энэ номыг их сайхан тайлбарласан байдаг. Сэтгэл оюуны асар хурдан хувирал өөрчлөлтийг нь тэр долгионы түвшинд нь хүрч маш нарийн ч гэсэн бас л нарийн долгионы орчин гэдгийг нэг бүрчлэн детальчлан тайлбарлах, Ийн бие цогцос, сэтгэл оюуны энэхүү мөнх бусийг мөнх гэж ойлгон эндүүрч байгаагийн бурууг тэнгэрүүдэд ойлгуулсанаа өөрийхөө шавь Шаарийбудрад хэлж тэр нь 500 шавьдаа айлдсан ном юм л даа. Долоон том боть бий. Пали хэлээр. Энийг практик хийсэн хүн л ойлгоно. Бясалгалаар нилээд дээд шатанд хүрсэн хүн гэсэн үг шүү дээ. Тийм болохоор их хэцүү юм. Бараг арван гурван зууны дараа Гаанжуур Түвдрүү орчуулсан гэхээр их хэцүү.Тэгээд ч авхидармаг бол орчуулаагүй гэдэг. Олон хэл дамжсан маш их өөрчлөгдсөн. Лигдэн хааны үед орчуулсан Монгол Гаанжуурыг ч одоогийн хэлэнд орчуулах ч их түвэгтэй. Солонгост төр нь дэмжээд 20 жил хийж байгаа ажил гэж Энхбаяр дарга ярьж байна билээ.
–За бид хоёрын яриа бас л жоохон нийтэд ойлгомжгүй дээрээ ирчихлээ. Бясалгал Монголд түгэн дэлгэрэх үү дээ? Ядаж л төр биш гэхэд төрд байсан олон хүн энийг ойлговч тусалж дэмжиж байхыг огт харсангүй. Бясалгалын төвд ганц гуалин ч нэмэрлэсэнгүй. Энд тэнд суврага босгоод л явах юм?
– Гол нь би өөрөө энэ үйлсэд бүрэн биеээ амь амьдралаа л зориулах ёстой юм шүү дээ. Хүнд найдах биш. Жоохон бясалгал зааж байснаа гэнэт амьжиргаа хөөгөөд явчихаар яаж өөдтэй дээшлэх билээ дээ.Миний дүү нар бас жоохон бизгес хийдэг улс намайг зөвхөн энийгээ л хөө гээд байгаа. Бидний багш Гоенка бүх бизнэсээ хаяад насаараа үүний төлөө 1969 оноос тууштай явсаны хүчинд л энэ дэлхийгээр нэг тарлаа. Улс төрчдөд “авах л дадал байдгаас өгөх дадал нь устаж үгүй болдог” гэж та өөрөө нэг удаа бичсэн байсан.
–Та гэгээрсэн хүнтэй таарч байсан уу? Бас Бирмд очиход нэг настай ламыг та энэ хүн их дээд шатанд хүрсэн хүн байна гэж хэлж байсан?
-Таарч байсан. Тэд хэзээ ч би гэгээрсэн гэж хэлэхгүй шүү дээ. Яагаад гэвэл тэдэнд би гэх юм устчихсан болохоор. Салхины эсрэг үнэртдэг үнэр ч гэж байдаг. Уг нь үнэр салхины дагуу л явна биз дээ.Бас нирвааны амгалан гэгч мэдрэгдэнэ шүү дээ энерги нь . Газар сайгүй байдаг энерги биш шүү дээ. Ялангуяа Бирм бүр бурханы үеэс 2500 жил төгс бясалгал байсаар байгаа тийм газар ийм хүмүүс дүүрэн байгаа.Саяжи У Бакины бясалгалд арав хоног суугаад л дөрвөөс таван хүн ширатапан шатанд хүрдэг байсан гэж боддоо. Тэр хүмүүс одоо ч байгаа шүү дээ. Лэди Саядовын номыг л би гарын авлага болгож хардаг. Маш нарийн тайлбарласан ном юм даа.
Энэ их хэцүү юм даа. Оросын Ширбатский ганц Дамма гэдэг үгийг тайлбарлах гэж нэг том ном биччихсэн шүү дээ. Бясалгал хийгээгүй хүнд бол Леди Саядовын ном ямар ч утгагүй санагдана. Ийм болохоор л их хэцүү юм даа. Үхэр чихрийн амт мэдэхгүй гэдэг шиг. Саяхан 1970 аад оноос л энэ бясалгал дэлхийд дэлгэрсэн болохоор одоо хүмүүс орчуулга ном бичиж эхэлж байгаа үе.
–Бид хоёрын яриа зарим нэг хүнд бол сонин сайхан л санагдах байх гэж найдна. Харин таныг арай чүү гэж нэг юм жоохон ч гэсэн нийтэд яриулж дөнгөлөө. Манайд юм ойлгох сэхээтэй хүмүүс их олон байгаа шүү дээ. Ийм зүйлээр өлсөж байж ч мэднэ … Тэртэй тэргүй энэ сайтад уншсан хүмүүсийн тоо гардаг болохоор хэрвээ хүмүүс сонирховол цааш үргэлжлүүлэхийг уншигчидаа амлая.