You are currently viewing Хэтэрхий үнэн сэтгэл

Хэтэрхий үнэн сэтгэл

Монголын випашяна судлалын төвийн тэргүүн Д.Ширэндэвтэй ярилцлаа.

Ганжуур, данжуурын судруудын монгол, төвд хэл дээр байхгүй судруудыг эртний Энэтхэгийн пали хэлнээс монгол хэлнээ хөрвүүлж байгаагаас эхний гурван боть удахгүй хэвлэлтэнд орох гэж байна. Пали, хинди, англи хэлнээс гурван ном орчуулж хэвлүүлсэн.

Цогтын Амгалан Бид бүгд ухаантайдаа ч юм уу, ертөнцийн тухай, үхэл амьдралын тухай бодоогүй, эрт дээр үед ч, одоо ч, бүгд л бодож байгаа. Гагцхүү зарим нь тань шиг гүйцээж бодож, уйгагүй эрэл хайгуул хийж, зорьж явж байна, зарим нь ахуйд дарагдаад, тэвчээр дутаад, өөр юм хөөгөөд явчихдаг юм байна. Ирээдүй гэж юу вэ?

Нэгэнт өнгөрчихсөн юм бол чухал биш. Ирээдүй цаг бол одоо ирээгүй байгаа учраас бас чухал биш. Хүнд хамгийн чухал нь одоо байгаа энэ цаг. Шалтгаангүйгээр нэг ч юм болдоггүй, модны нэг ч навч шалтгаангүйгээр унадаггүй. Навч унасны цаана салхи хөдөлсөн байгаа. Тэр салхийг хөдөлгөх хүч байсан байгаа. Ирээдүй зөвхөн өнгөрснөөс шалтгаалахгүй, өнгөрснөөр нөхцөлдөж, одоогоор хийгдэж байж цогцолдог зүйл.

Сонголт хүнд заавал байдаг уу?

Энэ хорвоо дээр зовлонгүй хүн гэж нэг ч байхгүй, хүн бүхэн зовлонтой, асуудалтай. Тэгэхдээ хамгийн жижиг зүйл ч учир шалтгаангүй тохиолддог юм биш гэдгийг ойлгочихвол л болох гээд байгаа юм. Хичнээн зовлон тохиолдсон ч гэсэн сэтгэлээ засаад тэмцэх юм бол, тэгэхдээ өөрөө өөртэйгээ л тэмцэнэ гэсэн үг шүү дээ, зовлонг жаргал болгон хувиргаж болно. Байгалиас хүнд өгсөн хамгийн гайхалтай бэлэг бол амьдрал бөгөөд амьдралд тохиолдож байгаа муухай, сайхан ямар ч юм хэзээ ч мөнхөд үргэлжилдэггүй. Үнэхээр гайхалтай. Шуурга хэдхэн секундын дараа, хэдэн минутын дараа, их бол хэдэн цаг, өдрийн дараа өнгөрчихдөг. Бид тэр шуурганд автахгүй байх л ёстой. Учрыг сайн мэдэхгүйн улмаас л гэм нь урдаа, гэмшил нь хойноо болоод байгаа юм.

Хүний тархи толгойд бодол эргэлдэхгүй мөч хором ч байхгүй. Магадгүй, тэр бодлын дийлэнх нь хар бараан талдаа. Нийгмийн бичигдээгүй хуулинд баригдаад хүний дэргэд уйлж, орилж хашгирч, сэтгэлийн хөдөлгөөнөө гаргаж болохгүй учраас нэг л их сайхан, сэтгэл хангалуун хүмүүс яваад байдаг ч тархийг нь нэвт бодлыг нь үзвэл, дотор хирдхийм аймшгийн дүр зураг гарч ирж магадгүй л дээ. Доторхоо тухайн үед нь гадагшлуулж, өөрийгөө цэвэрлэж чадахгүйгээсээ болоод бид ийм их асуудалтай байдаг юм болов уу?

Хүн байгалийн нэг супер компьютер юм. Компьютерийг бодвол хүн гэдэг багтаамж асар ихтэй. Муухай юм бодно гэдэг нь сэтгэл муухай бодлуудаар вирустээд байна гэсэн үг. Мэдээж, хорвоо дээр сайхан юмтай таарах нь бага шүү дээ. Ааш муутай хүмүүс их. Ажил дээр, гэрт юм болгон бодсоноор болоод байдаггүй. Удах тусам үүнээс үүдсэн тэр стресс чинь сэтгэлийн гүн хэсэг рүү л яваад байна. Хүн гэдэг чинь ингээд үзвэл зовлонгийн туйл болж байгаа юм. Харин випашяна бясалгал бол сэтгэлийн зовиур, стрессийн давхаргыг арилгадаг вирусийн программ юм.

Монголын залуучуудын дунд мансуурагчид 60-70 хувийг эзэлж байна гэсэн албан бус мэдээ бий. Бүгд жаргалдаа ташуураад тэгээд байна уу гэвэл үгүй. Заримынх нь мэдрэмжийн түвшин нь олонхоос дээгүүр, оюун ухааны түвшнээр бол өнөөдрийн шоуны хэдэн төгрөг гэж бодохоосоо илүүтэй “Би яах гэж төрсөн юм бэ?” гэж боддог хүмүүс тэр бүлэгт илүүтэй ордог ч байж магадгүй. Тэр хүмүүст бясалгал хийх хэрэгтэй гэвэл шал хөндлөн санагдана. Хэрэв таны хүү тэгж байсан бол та юу гэж хэлэх вэ?

Хар тамхинд орж байгаа нь сэтгэлийн амгаланг хайж байгаа эрлийн нэг муу хэлбэр юм даа. Архи ууж, хар тамхи татаж байгаа нь буруу гэдгийг мэдэж байгаа мөртлөө сэтгэлийн хир нь зузаарчихсан болохоор өөрийгөө даван дийлж чадахгүй байгаа хэрэг. Випашяна бясалгал бол сэтгэлийн муу дадал зуршлыг арилгадаг саван. Хүүдээ би, миний хүү хийгээд үз, чамд хэрэгтэй гэж л хэлнэ. Гэхдээ сонсох үед нь хэлнэ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр өөрөө дургүй хүнийг хүчээр авчраад үр дүн гардаггүй. Америкийн нэлээн олон хорих ангиудад, жишээ нь, Алабамагийн хорих ангид энэ бясалгалыг нэвтрүүлээд таван жил болж байна. Онцгой хүнд гэмт хэрэгтнүүд бясалгалд суугаад өөрчлөгдсөн жишээгээр харахад сэтгэлд нь мэс засал хийдэг энэ бясалгалын үр дүн илт байгаа учраас тийм хүмүүс өөрсдөө хүсээд ирвэл би туслахад бэлэн. Би арга замыг нь зааж өгнө, тэр хүмүүс мэс заслаа өөрсдөө өөртөө хийнэ. Алабамагийн хоригдлуудын тухай кино одоо дэлхийд шуугиан тарьж байна. Би нэг юм боддог юм. Монголын нийгмийг өөрчлөх гэж асар их зүйлийг зарж байна. Нийгмийг өөрчилнө гэдэг бол хувь хүнийг өөрчилнө гэсэн үг, хувь хүнийг өөрчлөх гээд сүүлийн 70 жил мянга сайхан лозун бариад өөрчлөгдсөнгүй. Ардчиллаас хойш өөрчлөх гээд бас дийлэхгүй байна. Бясалгал гээч энэ гайхамшигтай сайхан аргыг олон орнууд төр засгийнхаа хэмжээнд авч үзээд хэрэглэж байна. Энэтхэг, Америк, Англид албан хаагчдыг бясалгалд явахад нь цалинтай чөлөө олгож байна. Шорон, асрамжийн газруудад албан ёсоор явуулж, бүх сургуульд хүүхдүүдэд зааж байгаа жишээ байна.

Гэр бүл заавал байх ёстой юу? Гэр бүлийг ихэнх сэтгэгчид сөрөг утгатай зүйлстэй адилтгасан нь олонтаа.

Даяан бясалгал хийж энэ хорвоог орхин одох чин хүсэл төрөөгүй цагт гэр бүл байх нь гарцаагүй. Жинхэнэ хайр сэтгэл гэдэг бол нэг урсгалтай замтай адил, та зөвхөн нөгөө хүнээ хайрладаг, хариуд нь юу ч хүсэхгүй байх ёстой байдаг. Харин бид хэн нэгнийг хайрлахдаа хариуд нь заавал юм хүсдэг учраас л зовлонг мэдэрч эхэлдэг.

Гэр бүлийн амьдралдаа сэтгэл хангалуун хүн ховор байдаг нь ямар учиртай юм бол?

Бидний ганц л дайсан бий: хэзээ ч өөрийгөө буруутгадаггүй. Хамгийн ойрхон байгаагаар нь нөхөр, эхнэрээ буруутгадаг. Гэтэл хоёр хүний амьдрал хоёулангаас нь л шалтгаална. Бүх зүйл тийм амар байдаггүй шүү дээ. Буруугийн ядаж 50 хувийг өөр дээрээ авдаг байвал асуудлын тал хөнгөрнө. Нөгөөдөх нь бас ингэж шийдвэл үлдсэн 50 хувь алга болно шүү дээ. Бид хэрэггүй юмыг мартчихдаг мөртөө зарим үгийг зориуд гогдож аваад л гомдох юм. Хэрэв тэр хүний хэлсэн үгийг сонсчихоод л нөгөө чихээрээ гаргачихсан бол зовлон байхгүй л байх байсан.

Өөрөө л дурандаа авч үлдсэн юм байна даа.

Дурандаа л авч үлдсэн шүү дээ. Намайг тэгээд байхдаа яадаг юм гээд энэ хэрүүл салах хүртлээ босч ирнэ. Тэгэхээр миний зовоод байгаагийн учир надад байгаа биз дээ. Бясалгал хийдэг хүн рүү бусад хүн шүдэнз зураад шидэх мэт муу үг хэлэхэд дүрс хийн уурлахгүй. Дотор нь ус мэт амгалан. Юу ч үүсэхгүй. Гэтэл бид дотроо бензин дүүргэчихсэн, дэлбэрэхэд хэзээд бэлэн явж байдаг. Тэгэхээр бид өөрсдөө дотроо тээж яваа бензинээ устгах хэрэгтэй. Тэгээгүй цагтаа нэгээс салаад нөгөөтэй сууна, тэгээд л эхнээсээ давтагдана. Ялгаа юу байгаа юм бэ? Асуудал өөрт л байгаа. Асуудал бол хэзээ ямагт байж л таараа шүү дээ. Чи л өөрөө дотроо байгаа тэр галыг унтраачих юм бол хэн ч чамайг шатааж чадахгүй.

Та хүнийг юугаар нь ангилдаг вэ?

Д.Ш. Миний хувьд бүх хүн яг адилхан. Хүн бүрт нэг л зовлон байдаг. Бүгд л сэтгэлдээ нөгөө л галаа тээгээд явж байдаг. Зарим нь ууртай, зарим нь харамч, зарим нь хүсэл шунал ихтэй гэх мэтээр ямар нэгэн муу дадал нь л илүү хөгжчихсөнөөс болоод зовсон улс л байдаг. Зарим хүмүүс бүр зовлонтой байгаагаа ч мэддэггүй.

Ямар нэгэн юм таны хүссэнээр болохгүй тохиолдолд та юу гэж боддог вэ?

Хамгийн түрүүнд сэтгэлээр унахгүй байхыг хичээдэг. Хэцүүдэхдээ багш нараа санаж, тэдний адил сэтгэлээ тэгш амгалан байлгахыг хичээдэг. Ер нь бэрхшээл л надад зовлонг давах сэтгэлийн хатыг өгч байсан. Зовлон байгаагүй бол Бурхан Бурхан болж чадахгүй  байх байсан. Бэрх үед “Энэ ч гэсэн мөнхөд үргэлжлэхгүй” гэдэг үг л их тус болдог.

Таны хамгийн их дутаж явдаг “тэжээл” юу вэ?

Хорвоогийн бүх хүний хамгийн их дутагдаж байдаг зүйл бол хайр энэрэл байх гэж боддог.

Бясалгалд өчнөөн жил суучихаад нинж сэтгэлийн үнэргүй байгаа хүмүүс юуг буруу хийгээд байна вэ?

Хугацаа огт хамаагүй. Бурхан багшийн сударт “Яг миний заасны дагуу хийж чадах юм бол хамгийн удлаа гэхэд долоон жилийн дараа гэгээрнэ” гэсэн байдаг. “Яг заасны дагуу хийж чадвал…” гэдэгт хамаг учир байгаа юм. Бясалгалд суугаад хүнд өөрчлөлт гарахгүй байна гэж хэзээ ч байхгүй. Өөрчлөлт нь хэр гүн байна, хэр хурдацтай байна гэдэг л болохоос. Харин яагаад илт өөрчлөгдөхгүй байгаа юм бэ гэвэл бясалгалаа тогтмол хийхгүйд л байгаа юм.

Бясалгагчдыг хүмүүс ямар ч мэдрэмжгүй, хамгийн уйтгартай, эсвэл нүгэл хилэнцээсээ болоод ийм хувь заяанд уначихсан өрөвдмөөр амьтад гэж боддог. Гэтэл тэд заримдаа, жирийн хүнээс хамаагүй мэдрэмтгий, харин ч шунал хүслээсээ ангижиръя гээд зориг гаргаж, тэвчээр заагаад явж байгаа хүмүүс гэж хэлж болох уу?

Випашяна бясалгалыг үнэн утгаар нь хийдэг ба хийдэггүй хүний хооронд ялгаа байдаг. Бясалгагч хүн зовлон бэрхшээл тохиолдоход сэтгэлээр унаж шаналдаггүй, зовлонг тайвнаар сөрөн зогсч, туулан гарах чадвартай, мөн аз жаргалтай нүүр тулахдаа түүнийг таашаан эдлэвч түүндээ шунадаггүй. Ямар ч зовлон хэзээ нэгтээ дуусдгийн адил ямар ч жаргал мөнхөд үргэлжилдэггүй гэдгийг тэр ойлгосон байдаг учраас аль ч тохиолдолд үнэн амгалан байдаг.

Дорно, өрнийн амьдралын хэв маягийг харьцуулбал…?     

Бурхан багш өөрөө “Намайг хэлж байна гэж битгий итгэ, өөрөө хийж туулж үз, мухар сүсгээр бүү дага” гэсэн байдаг. Өрнө дахины хүмүүсийн сайн чанар нь юмыг заавал реалистик талаас нь харж, нягталж үзэхийг хүсдэг. Тэр хандлага нь бурханы шашны ухаантай таарч байгаа юм. Мухар сүсгээр хандах юм бол шашин гэдэг чинь үнэхээрийн хар тамхи мөн юм шүү дээ. Өрнийн хүмүүс өөрийн биеэр үзэхгүй л бол итгэхгүй. Дорно дахины хүмүүс шууд харанхуй дагаад явчихдаг. Энэ бол өнгөц ялгаа. Харин бясалгал хийгээд ирэхээр дорны хүмүүс илүү тэвчээртэй, туйлбартай байдаг.

Хоёр соёл иргэншлийн дунд байгаа нүүдэлчин монголчуудын амар амгаланг та юу гэж ойлгодог вэ?

Монголын соёлын бүх зүйл ахуй амьдралд нь ууссан байдаг. Харахад юу ч байхгүй юм шиг хэрнээ бүх юм нь байдаг. Монголчуудын бас нэг давуутай юм нь тэвчээртэй, үнэнийг эрхэмлэж байгаа байдал. Нэг энэтхэг багш маань “Монгол хүн үнэний араас дайчин явдаг” гэж хэлж байсан. Монгол хүнд байгаа энэ чадварыг зөв тийш нь залж чадвал их хүч. Буруу тийш нь залбал, харамсалтай нь, хөнөөл авчирч болох бас их хүч. Дэлхийн олон улс орнуудаар явж, бясалгалыг удирдан явуулдаг багш нар Монголд ирж үзсэнийхээ дараа зөвхөн Монголд ирдэг болсон тохиолдол ч байна.  

Таны хувьд өөрийн хүслээс татгалзах харамсалтай байдаг уу?

Миний хувьд татгалзаад байх хүсэл байдаггүй.

Таныг бага байхад ч юм уу, ёс бус хүсэл байсан уу?

Би 90-ээд онд анх зах дээр гараад юм зарсан чинь, амтанд нь ороод, дахиад л зараад байх хүсэл төрөөд, бүр нойр ч хүрэхээ байсан. Дөнгөж эхлэхдээ ингэж байгаа юм чинь, наймаа цэцэглээд, их мөнгөтэй болоод ирвэл би өөр юу ч бодохоо байгаад солиорох юм байна, надад таарах зүйл биш юм байна гээд зориуд орхиж байлаа.

Хэрэв орхиогүй бол та өдийд мундаг бизнесмэн болчихсон байх байсан байх даа?

Зовлонтой баян болсноос зовлонгүй гэгээрсэн нь дээр. 

Та илүү баян байсан бол хүмүүст илүү их буян хийх байсан болов уу?

Тухайн үед би ийм л сонголт хийсэн. Майкл Жексон бүх юмтай байсан ч ямар их зовлонтой байв даа? Сүүлдээ хоол ч идэж чадахгүй, унтаж ч чадахгүй болоод эмнээсээ хордоод дууслаа шүү дээ.

Гэвч тэр хүн эх дэлхийгээ хайрлах ёстой гэдгийг хүн төрөлхтөнд маш хүчтэй ойлгуулж чадсан болохоор амьдралын утга учир нь биелсэн ч юм билүү?

Тийм байж болно. Гэхдээ амьд байсан бол түүнээс ч илүүг хийж чадах байсан.

Та лам хүнээс юугаараа өөр юм бэ?

Жинхэнэ лам хүний лам болох гэж байгаа зорилго нь шал өөр байдаг. Хорвоогийн амьдрал бол зовлон гэдгийг ойлгоод, үүнээс салах аргыг хайж, номын мөр хөөж яваа хүн юм. Салах салахдаа тэр мөнхийн тэр амар амгаланд очих гэж л лам болдог.

Монголд бол лам гэдэг чинь мэргэжил болчихсон байна уу даа? Бизнес эрхлэх арга ч гэмээр.

Одоогийн монголын лам нар Бурхан багшийн үеийн лам нарын зам мөрөөс бүх юмаараа эсрэг болчихсон байна. Лам гэдгийг оросоор “монах” гэдэг. Ер нь моно буюу ганц гэсэн үгнээс гаралтай юм болов уу гэж би бодоод байдаг. Даяан бясалгалаа хийгээд л, бадраа бариад л, ганцаараа яваад байгаа лам чинь хувиа бодоод яваад байгаа нөхөр юм биш үү? Бүх хүн гэрээс гараад явчихвал юу болох вэ?

Өөрөө живж байгаа хүн нөгөө живж байгаа хүнээ аварч чадахгүй. Тэгэхлээр эхлээд өөрийгөө аварч байж бусдад тусална. Хүн эхлээд сэтгэлийнхээ бохироос салж, дараа нь оюуны өндөр түвшинд хүрч байж, ялгаатай амьдралаар амьдрахыг бусдад харуулж чадна.

Таныг Далай лам дээр гурван ч удаа сахил хүртэх гэж очоод гурвууланд нь Далай лам байгаагүй учраас больсон гэж би сонссон юм байна.

1991 оноос хойш бясалгал хийж эхлэхдээ би энэ бясалгалыг ингээд уйгагүй хийгээд яваад байх юм бол зорьсондоо хүрэх юм байна гэдгээ мэдсэн. Би хаанаас ирсэн юм бэ, дараа нь хаашаа явах юм бэ. Чухам юу үнэн бэ гэдгийг л мэдэхийг би зорьж байсан. Гэхдээ таны хэлдгээр саяын лам шиг ганц өөрийгөө бодоод, бясалгал хийгээд гүрийгээд суучих юм бол Монголд энэ сайхан бясалгалыг хэн хүргэх юм бэ гэж би бодсон. Тухайн үеийн нөхцөл байдалд үүнийг Монгол авчирч, түгээх хүн байгаагүй юм. Миний хувьд өдрийн од үзсэн юм шиг тийм ховор заяа учралаар энэ гайхамшигтай эрдэнэтэй учирсан. Харин энэ сайхан эрдэнийг ганцхан өөртөө хадгалаад явах нь туйлын харамсалтай байсан. Цаашдаа цэврээр нь аваад явчих олон хүнтэй болоод, миний шаардлагагүй болчихвол үлдсэн амьдралаа нөгөө зорилгодоо л зориулах байна. Далай багштай гурван удаа зөрчихөөрөө, энэ насандаа би хар байх л ерөөлтэй юм байх гэж бодоод больсон. Бясалгал жинхэнэ утгаараа хөгжөөд өндөр шатанд хүрэхээр онолын юм заавал хэрэгтэй болно. Хүн болгон пали хэлийг сурч чадахгүй ч өөрийн эх хэлээр унших эрхтэй. Тэгээд л би ном орчуулаад байгаа юм.

Бясалгал гэдэг чинь шинжлэх ухааны үндэстэйгээр үзвэл яг юу юм бэ?

Бясалгал бол сэтгэлийн сайн чанарыг хөгжүүлэх л гэсэн үг. Сэтгэлийн сайн чанар гэдэг, харамсалтай нь, тийм амархан хөгждөггүй юм. Дахин дахин уйгагүй оролдож байж, тун удаан хөгждөг зүйл. Ууртай болох дадал зуршил маш амархан хөгждөг атал уурыг арилгах дадал зуршил, сэтгэлийн хирийг арилгах нь маш хэцүү байдаг. Бясалгал дотроо олон шаттай. Тодорхой хүн тодорхой хэмжээнд л хийнэ. Тухайн хүнд хичнээн чадал, эрч хүч байна, тэр хэмжээгээрээ л байна. Тэр нь өөр өөр байдаг учраас олон төрлийн бясалгал байгаа юм.

Хойд насандаа жаргахын тулд л бясалгал хийгээд байдаг гэж хүн боддог. Хэзээ ч мэдэхгүй хойд насны төлөө ингэж махаа идэж, ясаа зулгааж байх ямар хэрэгтэй юм бэ гэж тэдний өмнөөс асууя.

Энэ бол буруу ойлголт, бясалгал хийж эхлэнгүүт л сэтгэл амгалан тайванг мэдэрч эхэлдэг бөгөөд үр дүн нь одоо цагт мэдрэгдэж эхэлдэг учраас хүмүүс бясалгалд дуртай байдаг.Тэгээд ч энэ насанд одоо цагт ач тус нь мэдрэгдэж байгаа бол ирээдүйд тустай байх нь гарцаагүй шүү дээ.

Там гээд байдаг чинь үнэхээр бодитой юм уу?

Жишээ нь, байнга уурлана гэдэг бол тодорхой хэмжээгээр энерги ялгаруулна гэсэн үг. Биеэс ялгарч байгаа тэр энерги байгалийн хуулиар алга болохгүй, нэг тийш явах л ёстой. Ертөнцөд байгаа олон амьтны уурласан энерги нэг газар бөөгнөрч таарна. Тэр бөөгнөрлийг л там гээд байна. Хүний ертөнц, адгуусны, шавьжны ертөнц гээд байна. Тэр олон амьтны янз бүрийн бохир энергиүдийн нэгдэл зовлонтой л байгаа. Энэ насандаа уур уцаар, сэтгэлийн муу, буруу дадал зуршил хуримтлуулсан хүн амьдралын эцсийн мөчид биеэсээ салах үед тэр маш их бөөгнөрсөн хүч нь ижил энерги рүүгээ л татагдах жамтай.

Бясалгал хийдэг хүнд бясалгал шиг хэрэгтэй юм алга, бясалгал хийдэггүй хүнд бол харин ч бясалгал шиг хэрэггүй юм алга. Энэ нийгэмд хүнийг хөдөлгөх хүч чинь хүсэл, шунал, атаархал, өс хонзон болчихоод байна. Зорьсондоо хүрэх арга нь заль мэх, худал ярих, хялбар хөнгөнийг эрэлхийлэх явдал болсон.

Бясалгалыг хийж үзээгүй хүн бясалгалыг хэзээ ч ойлгохгүй. Яг түүн шиг шуналгүйгээр, шударга хөдөлмөрөөрөө сайхан амьдарч үзээгүй хүн зөв амьдарч болно гэдгийг ойлгохгүй.

Гэвч энэ бүхнийгээ мэдэж байгаа хүн бүр их зовоод байгаа юм биш үү. Энэ бүхнийг мэдэхгүй, шуналтаад л яваа хүн олз, идэштээ баясаад л харин ч амар байгаа мэт.

Бодит ертөнц бол муухай хүчтэй, нөгөөдхөөс дутахгүй, магадгүй, илүү хүчтэй эд юм. Бие биенээ татдаг хоёр юм байгаад байна шүү дээ. Уул нь бүгд л лам болоод ууланд суугаад тэгш амгалан байгаад, бузар булайгаа хаямаар байдаг. Гэтэл заяанаасаа махан бодонд төрчихсөн, эцэг эхийнхээ хурьцал дундаас гарчихсан амьтан чинь энэ лүүгээ л тэмүүлээд байдаг.

Там ч сэтгэл дотор, диваажин ч сэтгэл дотор байдаг. Энэ хоёр хүчийг таслахыг л гэгээрэл гээд байгаа юм. Энэ ертөнцөөс сансрын хөлөг дээшээ гарах гэж хичнээн юм болдог билээ. Тэгээд газрын татах хүчийг давж гараад жингүйдэлд орохоороо ямар гоё байдаг вэ. Тэр үйлийн үр гэдэг чинь энэ ертөнцийн татах хүч л гэсэн үг. Там руу очих үйлийн үрийг тасалчихаар очъё гэвч очих юм байхгүй болно л гэсэн үг. Гагцхүү тэр татах хүчийг давна гэдэг асар их хүч шаардана даа.

Бие биенээ хайрлаж байна гэдэг нь шуналын хэлбэр үү?

Хариуд нь юм хүснэ гэдэг чинь шунал. Ариуссан хүн юу ч хүсдэггүй. Нөгөө хүн хайрлахгүй байсан ч чи зовохгүй. Ухаантай хүн зовлонтой хайрыг сонгох уу, зовлонгүй хайрыг сонгох уу?   

Одоо гурван хүний хоёр нь далд ертөнц гэж яриад байгааг та тайлбарлая гэвэл…

Сэтгэл гэж баригдашгүй ертөнц рүү аялахын тулд хөлөг хэрэгтэй гэж бодвол тэр нь сэтгэлийн дотор байгаа хөлөг л байж таарна. Материаллаг ертөнцийн хөлөгтэй материаллаг ертөнц рүү л аялна, Материаллаг биш зүйлийн тухай материаллаг ертөнцийн хэлээр тайлбарлана гэдэг тун хэцүү. Гэвч хэлж болохгүй байна гэдэг чинь огт байхгүй байна гэсэн үг биш.  

Бид эдэлж барах өртэй учраас л төрж байгаа, тийм үү?

Мэдээж. Бид чухам яг энэ цаг үед, энэ орон газар шалтгаангүйгээр төрчихөөгүй. Чиний хийсэн үйл чинь яг энэ айлд охин болон төрөх тэр нөхцлийг бүрдүүлсэн. Бурхан багшийн сударт “Өгсөн ч, эс өгсөн ч өг” гэдэг. Чамд буцааж өгсөн ч, өгөөгүй ч өөрийн төрөл садандаа бид болж л өгвөл тусалж дэмжиж байвал сайн юм.

Хүн өөрийнхөө л юмтай ирээд, өөрийн замаараа л явдаг юм бол удамшиж буй зүйлсийг яаж тайлбарлах вэ?

Эргээд л үйлийн үрийн холбоо. Зураач хүний хүүхэд зураач болдог нь ижилхэн үйлийн үртэйгээс болж байгаа биш эх, эцгийн биеэс уламжлагдаж байгаа зүйл биш. Үйлийн үрийн энерги ижилхэн бол нэг газар төрнө. Урьд төрөлдөө хамт зураг зурж байсан бол энэ насандаа эцэг хүү болж төрөөд л хамт зурж байгаа л гэсэн үг. Заримдаа бол хүүхэд нь биш, ач гуч нь ч болж болно. Үйлийн үрийн туршлага ижилхэн л байна гэсэн үг. Тиймээс л нэг айлдаа, ах, дүү нартаа эргээд төрчихдөг. Тэгэхээр нөгөө зүс царайны ерөнхий төрх  хадгалагдаад яваад байгаа юм. Тэгээд л зарим хүн хаана харлаа гээд байдаг чинь урьд төрлийнх нь зүс царайг санаад байгаа хэрэг.  

Ер нь хүн нэг газраа л эргэн төрөөд байдаг уу?

Харьцангуй. Үйлийн холбоо тогтчихож байгаа юм. Эцэг эх, үр хүүхэд бололцоод байгаа үйлийн үрийн холбоос тасран тасартал л эргээд нэг газраа төрөөд байдаг.

Хүний сэтгэл, мэдлэг хоёр холбоотой юу? Харанхуй бүдүүлэг хүний сэтгэл ариун байж болох уу?  

Жинхэнэ мэдлэг гэдэг бол сэтгэлээ ариусгахын л мэдлэг юм. Бүх юм “мөнх бус” гэдэг үнэнийг таньсан хүн л мэдлэгтэй. Амьдрал гэдэг чинь, харамсалтай нь, хэтэрхий үнэн. Энэ үнэнийг бодоод тунгаагаад ирэхээр хүлээн зөвшөөрмөөргүй өршөөлгүй, хатуу байдаг. Яг үнэндээ сайхан юм гэж байхгүй, сайхан хүүхэн гэж байдаггүй шүү дээ. Юу нь сайхан юм бэ? Хөл нь үү, гар нь уу, бие нь үү, Тэр биеийг цааш нь задлаад, дотор нь ороод үзвэл дан муухай л юм байдаг. Хүний есөн сүвээс сайхан юм гадагшилж байна уу? Үхэн хатан дурлаад байдаг сексийг ч гэсэн бодоод үзвэл яг юу нь сайхан юм бэ? Үнэн гэдэг бол бүтэн зүйлийн л нэг тал байхгүй юу. Бурханы сударт “Жоохон жаргалыг, их жаргалын төлөө орхих хэрэгтэй” гэдэг. Хорвоогийн өчүүхэн жаргалын төлөө явахаа больсон цагт л их жаргалыг амсана. Түр зуурын зовлон юу ч биш. Ийшээ явахаар алт байгааг мэдсэн хүн зэс ухаад суух уу. Нагаржуна хэлсэн байдаг. “Огторгуйд шувуу шиг нисч болохоор, далайд загас шиг шумбаж болохоор ийм сайхан эрдэм байхад хорвоогийн шалдир булдир явдалд дурлаад яах вэ?” гэж. Бясалгалын амтыг жинхэнээр мэдэрсэн хүний амьдралын сайхныг үнэлэх үнэлэмж ондоо болдог.

Үнэхээр сайхан харагдаад байгаа юмыг мөнх бус, жинхэнэ бус гэж ухаарах хэцүү.

Бурхан багш зэтгэрийн гурван хүүхэнтэй тэмцэж дийлсэн гэдэг чинь дотор байгаа үйлийн үрээ л устгасан хэрэг шүү дээ. Дотор байхгүй юм гадна харагдана гэж байдаггүй.

Архад, бодьсадва хоёр ямар ялгаатай юм бэ?

Хоёулаа дахин төрөл авахгүй болтлоо үйлийн үрээ устгасан хүмүүс. Гэвч бодьсадва нь цаашид Бурхан болохын оронд ертөнцийн хамаг амьтны тусын тулд амар амгалангаа золиосолж, өөрийн хүсэл зоригоороо олон сая живаа төрөлд дахин дахин төрж, зовж, бусад тусалж явахыг илүүд үзсэн гэгээнтэн юм.

Бодьсадва тэгэхээр хүний төрөлд төрөх үү?

Ямар ч төрөлд төрж болдог. Урьд нь хүн байхдаа үйлийн үрэндээ хөтлөгдөөд төрдөг байсан бол одоо өөрөө төрлөө сонгож төрнө. Адгуус болж төрснөөр олон амьтныг аврахаар байвал тэгж л төрнө. Бидний мэдэх эвтэй дөрвөн амьтны тагтаа нь Бурхан багш, нөгөө гурван амьтан нь Бурханы хамгийн ойрын гурван шавь байсан. Бодьсадва бусдын төлөө амиа ч үл хайрлах гайхамшигтай чадвртай байдаг. Бурхан багш нэгэн төрөлдөө барын аманд өөрийгөө өгсөн хүн байсан. Өлсгөлөн эмэгчин бар өлбөрөхийн эрхэнд дөнгөж төрсөн таван зулзагаа идэх гэж байхад өөрийнхөө биеийг өөрөө огтолж цус гарган, хөдөлж ч чадахгүй байгаа ядарсан баранд үнэрлүүлэн байж өөрийгөө идүүлсэн. “Энэ бар одоо хэрэв зулзагуудаа идвэл үрээ идсэн үйлийн үрээрээ хэдэн үедээ зовно. Энэ зулзагууд нь ч гэсэн идүүлснийхээ үйлийн үрийг үргэлжлүүлнэ. Энэ аймшигт үйлийн үрээс эднийг аврах нь миний аминаас үнэтэй” гээд л идүүлж байхдаа хязгааргүй аз жаргалтай байсан гэдэг. Энэ газар нь одоо Балбад байдаг.  Тэр таван зулзага нь Бурханы ирээдүйн таван шавь нь байсан гэдэг. Учир шалтгаангүй, санамсаргүй юм гэж огт байдаггүй. Өөрийг нь тамлан цовдолж байхад хүртэл “Энэ хүмүүсийг өршөө” гэж өмнөөс нь өрөвдөн халаглаж байсан Христийг ч гэсэн би аугаа бодьсадва гэж боддог. Гэтэл бид яадаг билээ? Хажуугаар чангахан шүргээд, түлхээд өнгөрөхөд л өрвөлзөөд ирдэг биз дээ.

Бясалгал хийсэн бүхэн бодьсадва болохгүй юм байна, тийм үү?

Бясалгал гэдэг бол хөрс нь. Ямар үр байхыг хөрс ялгахгүй шүү дээ. Жимсний үр бол жимсний мод ургана. Цэцэгнийх бол цэцэг ургана. Бясалгал бол зүгээр хүний сэтгэлийг ариусгаж өгч байгаа хөрс. Харин ариусал дээрээ тулгуурлаад зөвхөн ганц биеийн гэгээрлийн төлөө явах уу, бусдын төлөө өөрийгөө зориулах уу гэдгээ хүн өөрөө л шийднэ. 

Бурхан гэдэг чинь юу вэ?

Бурхан буюу будда гэдэг бол нэг ёсны тодорхой түвшин, чадварын л нэр. Хэн ч тэнд хүрч болно. Бурхан ч гэсэн эцсийн шатанд хүрсэн үедээ л Бурхан гэдгээ ойлгосон. Чөтгөр ч гэсэн хүмүүсийн дунд холилдоод явахаараа чөтгөр гэдгээ мэддэггүй гэж байгаа. Энэрэн нигүүлсэхүйн ажлаа хийж байгаа олон бодьсадва нар бидний дунд байж л байгаа шүү дээ. Жишээ нь, Далай ламыг эгэл хүн биш гэж би боддог.

Би хүмүүсийн төлөө, хамаг амьтны төлөө зүтгэх юмсан, сансрын хүрднээс ангижирсан байсан ч дэлхийд дахин төрж бусдыг аврах юмсан гэж бодсон бүхэн бодьсадва биш байх нь ээ?

Биш. Бодийн сэтгэл үүссэн тэр мөчөөс хоногийн 24 цагийн турш, унтахдаа ч хүртэл бусдын төлөө болдог. Энэ буяны сэтгэл үүссэн цаагас эхлэн “би” гэдэг юм үгүй болдог. “Би”-гийн төлөө юу ч хийхгүй. Зөвхөн бусдын сайн сайхны төлөө л бүхнийг хийнэ.  

Та ямар зорилготой, ямар зориулалтаар газар дэлхийд ирснээ мэддэг үү?

Үйлийн үрэндээ чирэгдэж яваагаа л би мэддэг.

Бид монгол хүн байх ёстой юу, дэлхийн хүн байх ёстой юу?

Мэдээж, хүн бүр монгол хүн байх ёстой гэж хариулах байх, гэхдээ хамгийн түрүүнд аз жаргалтай амьдарч чаддаг, зөв хүн байх нь чухал байх. Энэ эрин зуунд монгол хүний мөр гараагүй орон гэж байхаа больсон. Байгаа газар бүртээ амгалан байж чаддаг л байвал болоо. Амгалан амьдарч сураагүй бол хаана байсан ч “Жаргалтай газар хүн тогтдоггүй”-н үлгэр болно.

Хүн болж төрөгсөд боловсрол, эрх мэдэл, эд баялгаасаа үл хамааран ямар хариуцлагыг үүрч байдаг юм бол?

Хүмүүсийн сэтгэл муудаад ирэхээр өнгөрсөн, одоо, ирээдүйд ялгаагүй дэлхий ертөнцийн хувь заяа хүндхэн болдог. Хүн гэдэг амьтан сэтгэл нь муудвал юуг ч сөнөөж болох хамгийн аюултай араатан, харин сэтгэл нь амарливаас диваажинг ч бүтээж чадах дээдийн бурханлиг амьтан юм. Одоо дэлхий дээр нүүрлээд байгаа муу бүхний буруутан нь хүн өөрөө. Хүн болж төрсөн болгон зөвхөн өөрийгөө бодох биш бас бусдын төлөө сэтгэл гаргаж байх ёстой юм.

Шударга байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Улс төрийн үйл ажиллагаа, бизнесийн нэр хүнд, алив компанийн үйл ажиллагааны ёс зүйн кодексийн талаар та ямар бодолтой вэ?

Шударга байна гэдэг нь байгалийн нэгэн хуулийг ойлговол ойлгомжтой болох асуудал юм. Энэ нь манайхны хэлдгээр “Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр унана” гэдэгтэй утга адил зүйл. Иймээс үнэнч шударга байх нь жинхэнэ утгаараа бол өөрийгөө хайрлахын нэр юм шүү дээ.