You are currently viewing ХҮҮХДИЙН БЯСАЛГАЛ-АНАПАНА

ХҮҮХДИЙН БЯСАЛГАЛ-АНАПАНА

Өнөөгийн энэ стресс ихтэй нийгэмд том хүмүүс сэтгэлийн хямралд автаж байгаатай адил бидний үр хүүхэд ч мөн сэтгэлийн их хямралтай амьдарч байгаа билээ. Дэлхий даяар энэхүү стрэсс хямралыг ангаахын тулд бясалгалд олноор суралцах болсон билээ. Насанд хүрэгсэд бясалгалд хамрагдахаас гадна орчин үед дэлхийн хөгжингүй орнуудын сургуулиудад хүүхдийн бясалгалыг өргөнөөр зохион байгуулж байгаа бөгөөд Монгол орны ирээдүй болсон хүүхдүүдийгээ бага наснаас нь бясалгалд системтэй, бодлоготой хамруулж, ирээдүйд улс орноо авч явах хүүхэд багачуудаа стресс хямралгүй тайван амгалан амьдарч чаддаг болгох шаардлага үүсэж байна.

Үүний тулд манай төв дэлхийн 120 гаруй орон дахь Випашяна бясалгалын төвүүдээр дамжин тухайн орны хүүхдүүдэд өргөнөөр хүрч буй хүүхдийн бясалгал Анапанаг Монголын хүүхэд багачуудад зориулан явуулж эхлээд байна. Анапана гэдэг нь хамраар орж гарах амьсгал дээр анхаарлаа төвлөрүүлэх маш амар хялбар арга текник билээ. Энэ бясалгалын хүрээнд бид хүүхдүүдэд дараахь гурван зүйлийг зааж сургадаг билээ.

1.Бясалгал эхлэхээс өмнө хүүхдүүдэд амьтны амь хөнөөхгүй байх, худал ярихгүй байх, хулгай хийхгүй байх, архи тамхи зэрэг мансууруулах зүйл хэрэглэхгүй байх, бэлгийн харьцаанд орохгүй байх зэрэг ёс суртахууны таван зарчимыг даган мөрдөж байх тухай таниулж ойлгуулдаг. Ингэснээр тухайн хүүхэд багаасаа ёс суртахуунтай байх хэрэгтэйг ойлгож,цаашид зөв хүн болж хүмүүжихэд тустай байдаг билээ.

2.Үүний дараа бид анхаарлаа төвлөрүүлж сурах Анапана бясалгалын аргыг зааж сургадаг. Нэг өдрийн хүүхдийн бясалгалд Анапана бясалгалын тус бүрдээ 25-27 минутын урттай таван хичээл заадаг билээ. Тус таван удаагийн сургалт нь эхэндээ 10 минут орчим тайлбар айлдвартай бөгөөд 10-17 минут орчим бясалгалын дасгалтайгаар үргэлжилдэг бөгөөд сургалт бүр дундаа 10 минут орчмын завсарлагатай байх бөгөөд энэ үеэр хүүхдүүдтэй хүүхдийн бясалгалын багш нар тулж ажиллан заавар зөвлөмж өгдөг билээ. Ийнхүү энэ анапана бясалгалыг хийснээр тухайн хүүхэд сэтгэлээ төвлөрүүлж удирдаж сурахаас гадна сэтгэлээ тайтгаруулж, стрэсс хямралаас салах арганд суралцдаг. Сэтгэлээ төвлөрүүлж сурсан хүүхэд хичээлдээ анхаарлаа хандуулж сурсанаар сурлага сайжирч, багаасаа төлөв даруу,тайван амгалан хүн болон хүмүүжих суурь тавигддаг билээ.Энэ бясалгалыг хийж сурснаар хүүхэд өөрийн стресс хямралыг тухай бүр нь энэ бясалгалын туслалцаатайгаар тайлж сурдаг билээ.

3.Бясалгалын төгсгөлд бид хүүхдүүдэд бясалгал хийгээд амар амгаланг мэдэрсэн тэр сайхан сэтгэлээ бусадтай хуваалцах энэрэнгүй нинж бясалгалын аргыг зааж өгдөг билээ. Бясалгал хийгээд сэтгэл амгалан болсон хүүхдүүд өөрийн аав ээж, ах эгч дүү нар хийгээд найз нөхөд, сургуулийн хүүхдүүд багш нар хийгээд дэлхийн бүх хүмүүсийг амар амгалан болоосой хэмээн энэрэнгүй сэтгэлийг үүсгэн бясалгадаг. Ингэснээр тухайн хүүхэд багаасаа өөрийгөө хайрлахаас гадна бусдыг ч энэрэн хайрлах сэтгэлтэй нэгэн болон хүмүүжих билээ.

Хүүхдийн бясалгал анапанаг хийснээр таны үр хүүхэд дээрхи гурван зүйлийг сурдаг бөгөөд энэ бясалгалд заадаг дээрхи гурван зүйлд ямарч шашны зүйл байхгүй билээ. Хүүхдийн бясалгал Анапанаг хийж сурснаар таны хүүхэд багаасаа ёс суртахуунтай, сэтгэлээ удирдаж тайван амгалан стресс хямралгүй байж чаддаг болохоос гадна бусдыг хайрлан энэрдэг сайхан сэтгэлтэй нэгэн болох билээ. Иймээс Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдээ хүүхдийн бясалгал Анапанад хамруулаарай. Энэ нь таны хүүхдийнхээ ирээдүйд хийж байгаа үнэлж барамгүй хөрөнгө оруулалт болохыг та мэдэх болно

Дэлгэрэнгүй мэдээлэлийг www.byasalgal.mn вэбээс аваарай.

Монголын Випашяна судлалын төв

This Post Has One Comment

  1. Anonymous

    Хүүхдийн бясалгал хэзээ явагдах вэ

Comments are closed.