Випашяна бясалгалын “Дхамма-Махаана” төвөөс хорих ялын үр нөлөөг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ял эдэлж буй ялтан, хоригдогсдод сэтгэл зүйн болон амьдрах ухааны боловсрол олгох, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, өөрийгөө удирдан жолоодож тайвшруулах чадвартай, амьдралын эерэг хандлага, зөв дадал, бодол санаатай иргэн болгон төлөвшүүлэх зорилготойгоор ШШГЕГ-тай хамтран хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны хорих ял эдэлж буй ялтан, хоригдогсдыг хамруулж ба сэтгэл зүйн нөлөөлөл үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг билэээ.
Нэгдүгээр шат: Бясалгагчид бусдад хор нөлөө учруулах аливаа зүйлээс зайлсхийх ёстой. Үүний тулд амьтны амь хөнөөхгүй, хулгай хийхгүй, худал хэлэхгүй, буруу хурьцал үйлдэхгүй, архи тамхи мэт хортонг хэрэглэхгүй байх таван сахилыг авдаг. Эдгээр сахилыг сахиснаар сэтгэл амгалан тайван болж, дараагийн шатанд ороход амар болдог.
Хоёрдугаар шат: Бясалгагчид эхний гурван өдрийн турш анхаарлаа орж гарах амьсгал дээрээ төвлөрүүлэх “Анапана” бясалгалыг хийдэг. Энэ бясалгал нь сармагчин мэт үсчих сэтгэлийг нэгэн үзүүрт болгодог. Бясалгалын эхний хоёр шат болох ариун явдлыг дээдлэх, сэтгэлээ нэгэн үзүүрт болгох нь ач тустай хэдий ч гурав дахь шатгүйгээр бүрэн төгс болж чадахгүй.
Гуравдугаар шат: Сэтгэлийн гүнд хуримтлагдсан хир буртгийг үндсээр нь арилган сэтгэлийг ариусгах арга хэрэглэдэг юм. Энэ бясалгал сүүлийн зургаан өдрийн турш явагдах бөгөөд Випашяна хэмээнэ. Випашянаг бясалгаснаар аливаа хүн өөрийн бие сэтгэлийн гүнд тэгш оршихуйн билгүүнээр нэвтрэн ордог.
Бясалгалын эхний есөн өдрийн турш бүх бясалгагч хоорондоо юм ярихгүй, нам гүм байх ёстой. 10 дахь өдрөөс ярьж эхлэх бөгөөд энэ нь донсолгоотой нийгмийн амьдралд эргэн орох бэлтгэл болох юм. 11 дэх өдрийн өглөө энэрэхүй сэтгэлийг бясалгаж, 10 өдрийн турш хураасан буянаа хамаг амьтантай хуваалцсанаар бясалгалыг өндөрлөдөг.