Byasalgal.mn

ВИПАШЯНА БЯСАЛГАЛ

“МОНГОЛ ДАХЬ ВИПАШЯНА БЯСАЛГАЛЫН АЛБАН ЁСНЫ “ДХАММА-МАХААНА” ТӨВ

САЯА ДАЖИ (1873-1945)

Саяа Дажи (Бирмээр Са яа та жи гэж дуудна) 1873 оны 6 дугаар сарын 27-нд Рангүүн мөрний эсрэг талд Рангүүн хотоос өмнө зүгт найман милийн зайд орших Пабэжи тосгонд мэндэлжээ. Түүнд Мон Бо Да гэсэн нэр хайрлажээ. Хүүг 10 настай байхад эцэг нь өөд болж, бэлэвсэрсэн эх нь Бо Дагийн хоёр ах, охин дүү, Бо Да дөрвийг ганцаар өсгөжээ. Бүсгүй тосгондоо бүрж шарсан ногоо зарж, гэрийнхнийгээ тэжээдэг байсан болохоор бяцхан хүү үлдсэн ногоог гадуур явж худалдах болдог байв. Гэвч хүү бараагаа сурталчлан хашгирахаас их ичдэг байсан тул ихэнхидээ заралгүй буцаж ирдэг байжээ. Тиймээс ээж нь Бо Дад савтай ногоог толгой дээр нь бариулаад дүү охиноор нь зарлуулахаар явуулдаг болов.

Гэрийнхнээ тэжээхэд туслах хэрэгтэй байсан болохоор хүү сургуульд зургаахан жил л суралцжээ. Тэднийх ямар ч тариан талбай, газаргүй тул бусад хүмүүс ургацаа хураасны дараа талбайд үлдсэн шилбийг нь түүдэг байжээ. Нэгэн удаа талбайгаас харих замдаа Бо Да ширгэж байгаа цөөрөмд хэсэг жижиг загас байхыг олж харав. Хүү тэднийг тосгоныхоо цөөрөмд аваачиж хийхээр аваад харилаа. Эх нь хараад хүүгээ загас барилаа гэж загнахыг завдтал хүү зорилгоо тайлбарлахад ээж нь “Зүйтэй, Сайн байна” гэлээ. Бүсгүй загнаж, зандардаггүй сайхан сэтгэлтэй хэдий ч, зүй бус үйлдлийг тэвчдэггүй нэгэн ажээ.

Мон Бо Да 14 настайдаа будаа тээдэг үхэр тэрэгчнээр ажиллаж өдрийн цалингаа ээждээ өгдөг байв. Тэр үед хүү хайрцаг ачиж буулгахааргүй балчир байлаа. Бо Да дараа нь завьчин болсон юм. Пабэжи тосгон Рангүүн голтой нийлдэг олон цутглангаар тэжээгддэг тариан талбайд оршдог. Будаан талбай үерт автах үед усан зам хэцүү болдог учир түгээмэл тээврийн хэрэгслийн нэг бол хавтгай шалтай урт завь юм.

Нутгийн будааны тээрмийн эзэн будаа тээвэрлэх ажлыг нямбай хийж буйг хараад бяцхан хүүг сарын 6 рупигийн цалингаар тээрмийн нярвын ажилд авчээ. Бо Да ажлынхаа байранд сууж, будаа буурцагханаар л хооллодог байжээ.         

Эхний удаа хүү энэтхэг харуул, ажилчдаас будаа худалдаж авав. Тэд гахай тахиа хооллох тээрэмдсэн будааны үлдэгдлийг авч болох санаа хүүд хэлэхэд Бо Да эзэнд мэдэгдэлгүй будаа авч болохгүй хэмээн эсэргүүцэв. Эзэн нь энэ тухай дуулаад түүнд зөвшөөрчээ. Гэлээ ч Бо Да будааны үртсийг идэхгүй л байжээ. Удалгүй завь, тэрэгний эзэд ч хүүг идэвхитэй, тусч гээд будаа өглөө. Бо Да мөн л цуглуулсаар будаа авч дийлдэггүй тосгоны ядууст өгчээ.

Жилийн дараа цалин нь 10 рупи, хоёр жилийн дараа 15 болж өсөв. Эзэн нь хүүд сайн чанарын будаа авах мөнгө өгч, сард 100 сагсыг үнэгүй тээрэмдэхийг зөвшөөрчээ. Сарын цалин нь 25 рупи болж, эх хүү хоёр элбэгхэн аж төрөх болов.

Мон Бо Да 16 нас хүрээд уламжлал ёсоор эхнэр авч, гурван охинтой  газрын эзэн, баян худалдаачны отгон охин Ма Минтэй гэрлэн хүү, охин хоёртой болжээ. Хос залуус Бирмийн заншлыг дагаж, хүүхний эцэг эхийнд эгч нартай нь хамт суудаг байв. Дүү охин Ма Ин нь хүнтэй суулгүй жижиг бизнест амжилт олж, хожим У Бо Дад бясалгалд суралцан заахад нь голлон тусалжээ. Ма Миний ууган эгч Ма Хин Ко Каеэтэй сууж, Мон Нюнт гэдэг хүүтэй болсон. Ко Каеэ будааны талбай, гэр бүлийн бизнэс эрхэлж байсан тул Мон Бо Да8 У Бо Да (одоо У Да хэмээн нэрлэгдэх болсон) будаа авах борлуулах ажилд ч амжилт олжээ.

  У Даг хүүхэд байхад нь Бирмд тогтсон жишгээр шавьлан суух боломж олдоогүй юм. Ач дүү Мон Нюнт нь 12-тойдоо шавьлан суух үед нь л У Да анх шавьлах болж, хожим лам болов. 23-тайдаа Саяа Нюнт багшаар заалган Анапанад суралцаж, долоог жилийн турш хичээллэжээ.

У Дагийнхан тосгондоо олон найз нөхөд, хамааатан садантай байв. Авга нагац, ач дүү үеэл, хүргэн бэртэйгээ олуулаа эв найртай амар амгалан суудаг байв. 1903 онд тосгонд нь булчин задрах тахал тархаж, тэр сайхан аз жаргал үгүй болжээ. Тосгоны олон хүн хэдхэн хоногиийн дотор үхэж, У Дагийн хүү, өсвөр насны охин хоёр ч гар дээр нь өнгөрч, хүргэн дүү Ко Каеэ, түүний эхнэр, У Дагийн охинтой тоглож өссөн ач дүү нар ч үгүй болов.

Энэ их аюулаас болж У Дад орох байх газар олдохоо байжээ. Зовлонгоос ангижирах гэж аргаа ядсан У Да үхэлгүй мөнхийг хайхаар тосгоноо орхин явахаа гэргий, хадам эгч Ма Ин болон бусад хамаатнаасаа гуйжээ.     

            У Да үнэнч нөхөр У Ёотой хамт Бирмийн газар нутгаар явж уул,  ойн хийдүүдээр очин лам, сонирхогч олон багшаас суралцаж эрэл хайгуул хийсээр. Эцэст нь У Да анхны багш Саяа Нюнтийн үгийг дагаж, Мэргэн Лэди Саяадавтай хичээллэхээр Моняг чиглэн хойд зүгт одлоо.

            У Даг ийнхүү оюун санааны эрэл хайгуул хийж явах жилүүдэд эхнэр, хадам эгч нар нь Пабэжидаа үлдэж, тарин талбайгаа эрхэлсээр байв. Эхний жилүүдэд У Да ойр ойрхон очин гэрээ эргэдэг байжээ. Гэрийн нь байдал сайжирч байсан болохоор илүү удаан бясалгадаг болов. У Да Лэди Саяадавынд байсан долоон жилиийн турш эхнэр, хадам эгч нар нь ургац хураалтаас олсон мөнгөө жил бүр явуулдаг байжээ.

            У Нёотой хамт тосгондоо буцаж ирэхдээ У Да хуучин гэртээ очоогүй юм. Буцах үед нь Лэди Саяадав түүнд цаашдаа бясалгал заахын тулд самади (төвлөрөл), панна (сэтгэлээ ариусгах)-г сайжруулахын тулд хичээх хэрэгтэй хэмээн захижээ. У Да У Нёо хоёр ёсчлон Пабэжид ирэнгүүтээ талбайн захад орших амрах байранд шууд очиж, тэндээ  бясалгал хийдэг болов. Тусгаарлан орогнож байх хугацаандаа тэд хөршийн нэгэн бүсгүйгээр өдөрт хоёр удаа хоол хийлгэж байхаар тохирчээ.

            У Да нэг жил ийн шамдсаар бясалгалд хурдан сайжирч байлаа. Энэ үед У Да, Лэди Саяадав багшаасаа зөвөлгөө авмаар санагдахад биеэр уулзаж чадахгүй ч багшийн нь ном судрууд гэрт нь шүүгээн дотор байгааг санаад тийш явлаа. Ийм удаа хугацаанд эзгүй байсанд нь эхнэр, эгч хоёр нь ихээхэн ундууцаж байв. Эхнэр нь бүр салахаар шийдсэн байжээ. У Даг ирж явааг хараад эгч дүүс мэндлэх ч үгүй, оруулах ч үгүй байхаар шийдсэн боловч хаалган дээр ирэнгүүт нь уриалгахан оруулжээ. Хэсэг ярилцаад У Да өршөөл хүсэж, тэд ч зөвшөөрлөө. Хоол цайгаар дайлж, номы нь ч олж өгчээ. У Да эхнэртээ одоо найман сахил мөрдөж, гэрийн эзний хуучин амьдралдаа эргэж орохгүй, ах дүүс адил байх болсон тухайгаа тайлбарлав. Эгч эхнэр хоёр нь өглөө бүр цай уухаар ирж байхыг уриад, урьдын адил дэмжиж байхыг ч баяртай зөвшөөрлөө. Энэ сайхан сэтгэлд нь талархсан У Да хариуд нь дхаммаг л өгч чадахаа хэлэв. Эхнэрийн нь үеэл У Ба Со зэрэг бусад хамаатнууд нь ч уулзаж ярилцахаар иржээ. Хоёр долоо хоногийн дараа У Да хооллохоор ирж очиход цаг их үрж байгаагаа хэлэхэд Ма Ин, Ма Мин хоёр үдийн хоолыг байр луу нь явуулж байхаар болов.

Тосгоныхон    эхэндээ У Дагийн бишрэлийг буруу ойлгож, хичээлд нь суух гэж ирэхээсээ эргэлздэг байжээ. Олон гай зовлон учирч, тосгоноосоо явсан зэргээсээ болоод ухаан нь муудсан гэж бодож байсан боловч хэл яриа, хийсэн үйлдлээс нь үнэхээр номыг дагаж амьдардаг шинэ хүн болсныг нь аажимдаа ухаарч ойлгоцгоов.

Удалгүй найз нөхөд, хамаатан садан нь бясалгал заалгахаар иржээ. У Ба Со газар тариалан, гэр орныхоо ажлыг хийж, У Дагийн эгч, зээ дүү хоёр хоол хийж байхаар боллоо. 1914 онд У Да 41 настайдаа 15 хүнтэй ангид Анапанаг зааж эхэлжээ. Шавь нар бүгд тэндээ амрах байранд байрлаж, зарим нь хааяа гэртээ харьдаг байв. У Да шавь нартаа болон бясалгалаар хичээллэдэггүй сонирхсон хүмүүст яриа хийдэг байжээ. У Дагийн яриа номын онолын мэдлэг багатай гэмээргүй их нарийн судалгаатайг сонсогчид нь олж мэдсэн юм.

Эхнэр, эгч хоёрын нь болоод бусад айлын санхүүгийн дэмжлэгээр У Дагийн бясалгалын танхимд ирэх бясалгагчдын хоол, бусад хэрэгцээг хангаж, цаашлаад Випашянагийн хичээлд сууж цалингаа алдсан ажилчдын цалинг ч олгосон тохиолдол гарчээ.

Нэг жил багшилсны дараа 1915 оны үед У Да эхнэр, эгч, өөр хэдэн хүнийг аваад 70 насыг зооглож байсан Лэди Саяадав багшдаа золгохоор Мониваг зорилоо. Багшдаа очоод бясалгал хийж, хичээл зааснаа ярихад багш нь ихэд таатай байсан юм. Энэ айлчлалын үеэр Лэди Саяадав багш У Дад гар таягаа бэлэглээд ийн өгүүлэв:

Миний энэ таягийг аваад яв, эрхэм шавь минь. Сайн хадгалаарай. Би чамайг урт наслуулах гэж үүнийг өгч байгаа юм биш, харин амьдралд чинь муу зүйл бүү тохиолдоосой гэж шагнаж байна. Чи их амжилттай явч ирсэн. Одоогоос эхлэн чи 6000 хүнд рупа, нама (бие сэтгэл )-ийн номыг заан сургах ёстой. Чиний мэддэг Дхамма бол агуу зүйл учраас шашныг (Бурхан багшийн сургаалийн эрин үе)-г түгээн дэлгэрүүл. Миний оронд номыг эрхэмлэж яваарай.

            Маргааш нь Лэди Савадав хийдийнхээ бүх лам нарыг цуглуулж, У Даг эндээ 10 – 1 5 хоног байж, тэдэнд хичээл заахыг хүслээ. Саяадав цугласан лам нарт хандан хэлэв:

Та нар бүгд тэмдэглэж ав. Энэ хүн бол Бирмийн доод хэсгээс ирсэн миний шавь У Бо Да юм. Шавь маань над шиг бас бясалгал заах чадвартай. Та нараас бясалгалд суралцахыг хүссэн нь түүнийг дагаж, арга туршлагаас нь суралцаарай. Даяака Да (хоол унд, хувцас хунар, эм тариа зэрэг хэрэгцээг хангах ажил эрхэлдэг ламын туслах), чи миний оронд номын ялалтын дарцагийг миний хийдээс эхлэн мандуул.

 

У Да шастирт суралцаж байсан 25 ламд Випашяна бясалгалыг заалаа. Энэ үеэс л тэр Саяа Дажи (саяа гэдэг нь багш гэсэн утгатай, жи нь хүндэтгэл заасан дагавар) нэртэй болжээ.

Лэди Саяадав Саяа Дажиг өөрийнхөө өмнөөс ном, бясалгал заахыг дэмжжээ. Саяа Дажи багшийнхаа олон арван зохиолыг цээжээр мэдэж, тэдгээрийг судалсан багш лам нар алдаа олохын аргагүйгээр иш татан номыг  нарийн тайлбарлаж чаддаг байлаа. Лэди Саяадав өөрийнхөө оронд Випашянаг заалгах гэж ятгаж байгаа нь Саяа Дажигийн хувьд гүн хүндэтгэл боловч, онолын мэдлэгээ голон эмээж байв. Саяа Дажи багшдаа гүн хүндэтгэлтэйгээр мэхийн ёслоод ийн өгүүлжээ

“Таны шавь нар дундаас шастир номонд сүүлдэж суралцсан нь би. Випашянаг зааж, сасанаг тайлах нь дээдийн мэргэн авч биелүүлэхэд хүнд даалгавар юм, багш минь. Учир иймийн тул тодруулах зүйл гарахад ачит сургаалиа айлдаж байна уу” хэмээн багш танаас хүсэмжилнэ. Намайг дэмжиж, хэрэгтэй үед шүүмжилж байгаарай.

 

Лэди Саяадав хариуд нь “Үхэх үедээ ч би чамайг орхихгүй” гэж шавиа тайтгарууллаа.

Саяа Дажи хамаатнуудтайгаа Бирмийн өмнөд хэсэг дэх тосгондоо эргэж ирээд Лэди Саяадавын өгсөн даалгаварыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцлээ. Саяа Дажи Бирм орноор тойрон аялаж, олон хүнтэй харилцаа тогтооно гэж бодож байлаа. Гэтэл хадам эгч нь: “Чи энд бясалгалын танхимтай шүү дээ. Бид шавь нарт чинь хоол бэлдэж ажилд чинь тусалж чадна. Эндээ суугаад хичээлээ заавал яасан юм бэ? Випашянад суралцах гэж олон хүн ирнэ шүү дээ.” гэжээ. Саяажи ч зөвшөөрч, Пабэжи дэх байрандаа тогтмол хичээл явуулахаар болжээ.

Хадам эгчийн нь хэлсэн ёсоор олон хүн ирдэг болж, бясалгалын багш Саяа Дажи нэр хүндтэй болов. Эгэл тариачин ажилчид болон Пали хэлэнд сайн суралцсан хүмүүст ч заадаг байлаа. Тэдний тосгон Британийн захиргаан дахь Бирмийн нийслэл Рангүүнаас холгүй орших тул Уба Кин зэргийн төрийн албат, хотын оршин суугчид ч ирдэг байв.

Улам олон хүн бясалгалд суралцахаар ирэхэд Саяа Дажи У Нёо, У Ба Со, У Он Нюнт зэрэг туршлагатай ахмад бясалгагчдаа туслах багшаар томилжээ.

Төв жилээс жилд өргөжиж лам, гэлэнмаа нийлсэн 200 хүн хичээлд ирдэг болов. Бясалгалын танхимын зай багадасан тул илүү туршлагатай шавь нар нь гэрээрээ хичээллэж, зөвхөн зөвлөлдөн ярилцах гэж л байранд ирдэг болжээ.

Лэди Саяадавын төвөөс эргэж ирснээсээ хойш Саяа Дажи ганцаараа амьдарч, өдөрт ганцхан хоол, хүнгүй нам гүм орчинд иддэг болжээ. Лам нарын адил тэр өөрийн бясалгалын амжилтаа ярьдаггүй байв. Асуусан үед ч гэсэн өөрийн болон өөр ямар нэг шавийнхаа бясалгалын ямар шатанд очсоныг огт хэлдэггүй байсан. Гэвч түүнийг анагами (бүрэн чөлөөлөгдөхийн өмнөх шатанд хүрсэн хүн) байсан гэж Бирм даяар мэдэж, Анагам Саяа Дажи хэмээн нэрэлдэг ажээ.

Тэр үед Випашяна заах багш ховор байсан болохоор Саяа Дажи лам нарын үзээгүй зовлонг туулсан юм. Тухайлбал, түүнийг шастир номд суралцаагүй гэж зарим нь эсэргүүцэж байжээ. Саяа Дажи энэ шүүмжлэлийг үл тоож, бясалгалын үр дүнг л чухалчилдаг байв.

Саяа Дажи өөрийн туршлагад үндэслэн Лэди Саяадавын гарын авлагыг иш татан гучаад жилийн турш багшилжээ. 1945 онд 72 насандаа тэр мянга мянган хүнд заах гэсэн зорилгоо биелүүлжээ. Эхнэр нь өөд болж, хадам эгч нь саажиж, өөрийн нь эрүүл мэнд ч доройтсон байв. Бясалгалын танхимаа авч явахаар 50 га будаан талбайнаас бусад өмч хөрөнгөө бүх ач, зээ дүү нартаа хуваан өгчээ.

Саяа Дажид олон жил талбайд нь зүтгэсэн 20 үхэр байснаа сайн харж хандаж чадна гэж итгэсэн хүмүүстээ тараан өгөхдөө ингэж уриа дуу хэлжээ: “Та нар миний тэтгэгч байсан. Та нарын ачаар л будаа ургадаг. Одоо та нар ажлаас чөлөөлөгдлөө. Дээд төрлийг олж энэ ийм амьдралаас ангижирах болтугай”.

Саяа Дажи шавь нартайгаа уулзаж, эмчилгээ хийлгэхээр Рангүүн лүү нүүлээ. Рангүүнд насан өөд болсны нь дараа  урд нь хүн чандарлаж байгаагүй газар шарилы нь чандарлахыг хэдэн шавьдаа хичээнгүйлэн захижээ. Мөн өөрийгөө арахант (бүрэн гэгээрсэн төрөлтөн) буюу муу муухайгаас бүрэн ангижираагүй тул үнсий нь ариун газар тавихгүй байхыг сануулав.

Швэдагон хийдийн хойд нуруунд орших Арзанигонд нэг шавь нь бясалгалын төв байгуулжээ. Ойр орчинд нь Дэлхийн хоёрдугаар дайны үед барьсан бөмбөгийн нуувч байжээ. Саяа Дажи энэ нуувчийг бясалгал хийх агуй болгон ашигладаг байв. Шөнөдөө туслах багш нарынхаа нэгтэй нь хонодог байжээ. Рангүүнээс сангийн сайд Уба Кин, татварын байцаагч Усан Дайн зэрэг шавь нар нь зав зайгаараа ирдэг байв.

Саяа Дажи хичээлдээ сайн сууж, бясалгалд ирсэн лам, гэлэнмаа нарт хүндэтгэлтэй хандаж, бие, хэл, сэтгэлийн журмыг сахиж, үйлдэл бүртээ Бурхан багшийг дээдэлж явах тухай ирсэн хүн бүрт сургадаг байв.

Саяа Дажи орой бүр Швэдагон хийд рүү явдаг байсан боловч долоо хоногийн дараа ухсан нүхэнд сууснаас болж ханиад хүрэн халуурчээ. Биеэ эмчлүүлсэн боловч байдал дордож, Пабэжигээс ач, зээ дүү нар нь Рангүүнд ирлээ. Орой бүр 50-аад шавь нар нь хамтдаа сууж бясалгал хийдэг байв. Энэ үеэр Саяа Дажи ч үг хэлэлгүй дуугүй сууж бясалгадаг байжээ.

Нэгэн шөнө 10 цагийн үед Саяа Дажи олон шавь нартайгаа хамт байхдаа (Уба Кин ирэх боломжгүй байжээ.) хэвтэж, амьсгал нь чанга урт болж байв. Бусад нь чимээгүй бясалгаж байхад хоёр шавь нь анхааралтай харж байжээ. Яг 11 цагт Саяа Дажигийн амьсгаа улам гүн боллоо. Амьсгаа авах гаргах бүр нь 5 минут үргэлжилж байх шиг байлаа. Ийм маягаар гурван удаа амьсгалсны дараа бүрэн зогсож Саяа Дажи тэнгэрт халилаа.

Түүний шарилыг Швэдагон хийдийн хойд нуруунд чандарлаж, Уба Кин шавь нартайгаа тэр газарт жижигхэн сүм барьжээ. Гэлээ ч Лэди Саяадавын заавраар нийгмийн бүх давхрагад номыг түгээсэн үйлсээр нь энэ нэгэн онцгой багшийг өнөө ч дурсан санадаг юм.     

“Хуврагуудаа, үүсээд устан үгүй болох мөн чанартай мэдрэмжид дурлан таашаахын аюул хийгээд түүнд үл автаснаар хүлээснээс салж чөлөөлөгдөхийг илтээр онож, туршлагаараа мэдэрсэн тул би бээр гэгээрлийн хутгийг олсон билээ.” хэмээжээ.

Випашяна бясалгалыг үйлдсэнээр тэрээр юмс үзэгдлийн мөн чанарыг олж харахад саад болж байсан сэтгэлийн мунхаг, төөрөгдлийг арилгаж бүх ертөнц шалтгаан ба түүний үр дагавар гэсэн гинжин хэлхээсээр нөхцөлдсөн байдаг тухай шүтэн барилдлагын хуулийг нээсэн байна. Ямарч юмс ба үзэгдэл шалтгаанаас үүсэх бөгөөд шалтгааныг үгүй хийвэл түүнээс үүсэх ямарч үр дагавар үгүй болно. Иймд зовлонг үүсгэгч шалтгааныг бүрэн устгаж чадсан хүн жинхэнэ аз жаргалд хүрч бүх зовлонгоос чөлөөлөгдөх болно. Үүнийг ойлгож мэдсэнээр тэрээр бидний сэтгэл хүсэл шунал үүсэх дадалтай байдгаас юмс үзэгдлийг оршин байгаа мэт хуурмаг төсөөллийг үүсгэж байдаг гэх туйлийн үнэнийг олж мэдсэн байна. Ийнхүү түүний билгүүн ухааны хурц гялбаа мунхагийн харанхуйг нэвтлэн гэрэлтэхэд, сэтгэлийн гүнд үлдсэн өчүүхэн хир буртаг нь угаагдан арилсан байна. Түүний сэтгэл бүх хүлээснээс салж, цаашид үүсэх ямарч хүсэл шунал үгүй болсон ба туйлын үнэнг мэдэрч төгс гэгээрэлд хүрсэн байна. Одоо тэр Саммасамбудда буюу огоот туулсан бурхан болжээ. Түүний дор нь сууж гэгээрсэн модыг Бодь мод гэж нэрлэх болсон ба одоо Бодгаяа орчим байдаг байна.

Төгс гэгээрэлд хүрэх тэр мөчид түүний бодолд дараах үгс орж ирсэн байна.

“Тоолж баршгүй олон төрлийг дамжин би сансарын хүрдэнд эргэлдэж өөрийн бүтээгчийг хайсан ч олж үл чаджээ.  Би бээр дахин дахин төрөл авч зовлонг эдэлж байж. Намайг бүтээгч таныг би одоо харж байна. Та одоо намайг дахин бүтээж чадахгүй болсон. Гол багана болон хана бүгд нуран унав. Миний сэтгэл одоо бүх үйлийн үрээс  ангижирлаа. Ямарч хүсэл үгүй шатанд би хүрлээ.” хэмээжээ

Гэгээрснийхээ дараа Будда долоон долоо хоног нирвааны амгаланг эдлэн өнгөрүүлсэн байна. Түүний дараа Бирмийн худалдаачид болох Тапассу, Балика нар ирж будааны боов зөгийн бал зэргийг өргөв. Тэр хоёр,  дэлхийн хүмүүсийн дундаас хамгийн анхны Бурханы болон номын авралд багтсан шавь нар болсон байна. Энэ үед хувраг гэх ойлголт үгүй байжээ. Бирмийн түүхэн тэмдэглэлд энэ хоёр худалдаачин одоогийн Рангүүний ойролцоо орчмын эртний Оккал хотоос гаралтай гэж бичсэн байдаг. Хамгийн түрүүнд бирм хүмүүс Бурхан болон ариун номонд хүндэтгэл үзүүлсэн ба Бурхан гэгээрсний дараа хамгийн түрүүнд Бирмийн будаа зөгийн балыг зооглож байсан гэдгээр өнөөгийн Бирмчүүд их бахархдаг байна. 

Бурхан бээр хязгааргүй их энэрэн нигүүлсэх сэтгэлтэйн учир Ариун номыг сургахаар шийджээ. Түүний хоёр багш  Лара Калама, Уддака Рамапутта нар номыг хамгийн түрүүнд ойлгож чадах хүмүүс байсан боловч аль хэдийн энэ хорвоогоос явсан байлаа.   Тиймээс тэр Саранатийн ойролцоох Исапатана-мигадаяа гэх газар байрлах Варанасын бугат шугуйд очиж түүнийг гэгээрэхийн өмнөхөн орхин одсон 5 даяанчад эхлэн номоо заахаар шийдэв. Ийнхүү Асана сарын /7 ба  8 сар/ тэргэл сартай өдөр номын хүрдийг эхлэн эргүүлж төв зам мөрийн тухай буюу “Даммасакаппаватана Сутта” сургаалиа тэдэнд айлдахаар   замд гарсан байна.  Тэд Бурханы хамгийн анхны хувраг шавь нар болсон байна. Энэ сургаалийнхаа дараа тэрээр “Анатта-лакка Сутта” сургаалиа тэдэнд айлдсаны дараа тэд Випашяна бясалгал хийснээр 5 хувраг бүгд төгс гэгээрэлд хүрч архад болцгоожээ.  Тэд мөнх бус, зовлон болон би үгүйн мөн чанарыг /аничча, дукка, анатта/ билгүүн ухаанаараа онож чаджээ. Төдөлгүй түүн дээр баян тансаг амьдралтай хэдий ч сэтгэл нь тавгүйтэж гүйцсэн Варанасагийн том худалдаачны хүү Яаса гэгч ирж сахил хүртжээ.  Мөн түүнийг дагалдан явсан 54 найз нар нь мөн хуврагууд болцгоосон байна. Тэд бүгд ариун номын шимийг хүртэж эрж байсан амар амгалангаа олсон төдийгүй бясалгалаа үргэлжлүүлсээр архантын шатанд хүрчээ.

Яасагийн эцэг эх хоёр ч мөн ариун номын замд орж Гурван эрдэнийн авралд багтсан хамгийн анхны хар хүмүүс болжээ. Гурван эрдэнэ гэдэг нь Бурхан, Ном, Ариуссан хувраг бөгөөд ариун номын сургаалийг даган мөрдөхийг тэдгээрийн авралд багтах гэж хэлдэг байна.

Үүний дараа борооны улирал эхэлсэн тул Будда Саранатын ойролцоо 60 хуврагуудтайгаа хамт байрлан борооны улирлыг өнгөрөөх үед тэд бүгд архад болсон байна. Ингээд борооны улирал дуусахад Бурхан тэдэнд ийн зааварлажээ. 

“Хуврагуудаа хамаг амьтанд амар амгалан хайрлахын тулд зүг бүрт аялцгаа. Ертөнцийн хүмүүс, тэнгэрүүдийн сайн сайхан, тусын төлөө энэрэн нигүүлсэх сэтгэлийг үүсгэн нэг ижил зүгт давхардан бүү явцгаа.” хэмээжээ.

Будда эдгээр 60 хуврагыг ариун номыг бусдад хүртээхийн тулд зүг бүрт илгээсэн ба тэд бүгд үнэнийг олж зовлонгоос чөлөөлөгдөх замыг туулж гэгээрсэний хувьд  өөрсдөө бурханы сургаалийн бодит үлгэр жишээг үзүүлэгч нар байсан юм. Иймээс тэд зөвхөн айлдвар үг дамжуулагчид төдий бус хүмүүст юу сургаж байгаагаа практик дээр хэрэгжүүлэх чадварыг зааж өгч чадаж байсан байна. Ариун номын мөн чанар нь түүнийг хэрэгжүүлж эхлэх мөчид л шууд үр дүнгээ өгч эхлэх төдийгүй, замын дунд, замын төгсгөлд ч үр шимээ өгсөөр байдаг явдал юм.  Бурханы сургаалийг даган үйлдэхийн ашиг тус илт тодорхой байдаг. Түүний сургаалийг янз бүрийн шашин шүтлэг, гарал үүсэл, угсааны хүмүүс сонирхдог. Янз бүрийн шашны тэргүүлэгч нарч ариун номын сургаалийг даган хэрэгжүүлсэн жишээ олон байдаг.  Тухайлбал Буддаг Урувел дах Сенанигама руу явж байх замд 30 даяанч  нар ирж түүнээс сахил хүртсэн байдаг.  Мөн Урувелд Кассапийн  3 ах дүүс өөрийн 1000 дагалдагч нартай хамт ирж хуврагууд болцгоосон байдаг.  Түүгээрч зогсохгүй Сарипутта, Могаллана зэрэг даяанч нар ирж сахил хүртэн түүний тэргүүлэх шавь нар болцгоосон байна.      

Тухайн цаг үед амьдарч байсан олон чухал хүмүүс ариун номыг сонирхон ирж байсан гэдэг.  Тухайлбал, Вимбасар, Судходан, Празенажита зэрэг хаад, Анатапиника, Йотияа, Жанила, Меннака, Пуннака, Какавалия зэрэг нэртэй худалдаачид,  мөн Вишака, Суппаваса, Кема зэрэг алдартай эмэгтэйчүүд тэддний дунд байжээ.  Эдгээр алдар цуутай хүмүүс ариун номыг дэлгэрүүлэх үйлсэд олон тооны бясалгалын хийд барьж  чин сэтгэлээсээ ихээхэн хэмжээний хандив өргөсөн байдаг.  Тэд илүү олон хүмүүс ариун номыг сурч бясалгал үйлдэн зовлонгоосоо салах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ийнхүү тусалдаг байсан гэдэг. 

Будда үүний дараагийн 2 дах, 3 дах болон 4 дэх борооны улирлыг Бимбсар хааны бэлэглэсэн хулсан ойн төгөлд өнгөрүүлж түүнээс цааш борооны нэг улиралд зөвхөн нэг л газарт үлдэж дараагийн газар луу шилжин явж байжээ. Будда бүхий л амьдралаа Хойд Энэтхэгийн нутгаар аялж ариун номын үрийг хүртээхэд зориулсан байна.

Нэгэн удаагийн аялал нь Судходана хааны урилгаар Капилавату нутагт үргэлжилсэн ба Сакяачуудын гүн хүндэтгэлийг хүлээсэн байна. Энэ аяллын үеэр мянга мянган Сакяачууд хуврагийн эгнээнд  нэгдэж тэдний дунд түүний хүү Рахула болон түүний хойд эхээс гарсан дүү Нанда бас байжээ. Мөн тэдний хамт Ануруда, Баддия, Ананд, Багу, Кимбила, Девадата болон Упали зэрэг хааны удмынхан ирж нэгдсэн байна.

Харин  5 дах борооны улирлаар түүнийг Весалид байх үед түүний эцэг болох Суддохана хаан насан эцэслэж бэлэвсэн хоцорсон хойд эх Махапажапати Готами түүнээс эмэгтэйчүүдийг хуврагийн эгнээнд хүлээн авахыг хүссэн байдаг. 

Ийнхүү энэ үеэс гэлэнмаа нарын чуулган анх үүссэн байна. 

Дараагийн борооны улирлыг тэрээр Манкулапаббатад, харин 7 дахийг Таватинсад өнгөрүүлэхдээ Абхидамма буюу Дээд сургаалиа өөрийн эх Махамая болон тэнгэрүүдэд айлджээ.

Энэ мэтээр 8-аас 19 хүртэлх борооны улирлуудыг тэрээр Бесакалвана, Кошамби, Парилэяака, Эканана, Веракжа, Каликапаббата, Жетавана, Капилавату, Анави, Ражага зэрэг  газруудад өнгөрүүлсэн байна.

Харин 20 дахь борооны улирлын үеэр тэр 999 хүний амийг хороогоод байсан алуурчин Ангулималагийн амьдралыг бүрэн өөрчилсөн гэдэг. Ангулимала бурханы сургаалтай учирснаар ариун явдалтай нэгэн болж хожим архад болж гэгээрсэн юм. Энэ үйл явдал Ражагад болсон гэдэг. 

Түүнээс цааш хорин нэгээс дөчин зургаа дахь борооны улирлаар  Саватийн Жетавана хийд болон Пуббарама хийд зэрэг газруудад саатсан байна.

Будда бүхий л замын турш хуучин мухар сүсэг, амьтны амиар тахил өргөгч хийгээд янз бүрийн итгэл үнэмшилтэй бүлэглэлүүдийн зүгээс дайсагнах үйлдэлтэй байнга тулгардаг байжээ. Тухайлбал түүнийг ямар нэгэн ичгүүртэй байдалд оруулахыг оролдох, элдэв муу хэрэг төвөгт хутгалдуулах зэрэг оролдлогууд гарч байсны дотор Девадата гэгч сүсэгтэн хуврагын чуулганыг ичгүүртэй хутгах болон Буддагийн амь биед халдах оролдлогыг удаа дараа янз бүрийн аргаар хийсэн  гэдэг. Ийн оролдох бүр Бурхан бээр хэмжээлшгүй их хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл, билгүүн ухааны хүчээр бэрхшээлийг даван гарч зовсон олонд үйлчлэх ажлаа үргэлжлүүлэн хийсээр байжээ.

Будда  80 настай байхдаа Весалд айлчилсан ба энэ үед Амбапали гэгч нэгэн баян биеэ үнэлэгч бүсгүй түүнд зоог барихын хамт Амбалланника цэцэрлэгийг хуврагын чуулганд бэлэг болгон өгсөн байдаг.  Випашяна бясалгалыг үйлдсээр тэр бүсгүй муу замаасаа салж, хожим нь архант болж гэгээрчээ.

Үүний дараа бурхан Пава хүрч Кундагийн манго жимсний цэцэрлэгт морилон байхдаа тэрээр зоог барьсаны дараа бие нь ихээхэн доройтсон байна.  Энэ бол түүний хамгийн сүүлийн удаа барьсан зоог байсан ба хэдий доройтсон боловч тэрээр Кушинар хүрэхээр цааш аяллаа үргэлжлүүлжээ.  Тэнд хүрсний дараа Бурхан Анандад хандан гадуур хувцсаа хоёр модны дунд тавихыг хүсээд түүний  насны төгсгөл ирснийг мэдэгдсэн байна.  Энд түүнийг дагалдан явсан олон хуврагууд, хар хүмүүсээс гадна түүнийг хүрээлэн олон тэнгэрүүд цуглаж эцсийн хүндэтгэл үзүүлж харин Бурхан тэдэнд эцсийн захиас сургаалиа айлджээ.

“Нөхцөлдөж үүссэн бүхэн устах жамтай

Нэг зүтгэлээр ариусалд шамдагтун”хэмээжээ

Бүтсэн бүхэн зайлшгүй төгсдөг жамтай

Өөрийн тонилохыг зоримог гүйцэтгэ.

Ийнхүү өөрийн айлдсаныг биеэр үзүүлэн МЭӨ 544 оны Вешака сарын тэргэл  сартай өдөр Будда 80 насандаа Махапариниббана буюу нирваан дүрийг үзүүлжээ.