Ганжуур, Данжуур хэмээх бурхан багшийн сургаал номлолыг эх хэлнээс нь орчуулж буй Монголын випашяна судлалын төвийн тэргүүн Д.Ширэндэвтэй ярилцлаа.
-Ганжуур, Данжуурын хөлгөн судар хэд, хэдэн хэл дамжин манай улсын сүсэгтэн олонд хүрсэн байдаг. Харин таны орчуулга бурхны эх хэл буюу пали хэлнээс орчуулснаараа онцлог юм байна?
-Бидний амьдарч байгаа галавыг сайн галав гэж ярьдаг. Энэ сайн галавд таван бурхан хорвоо дээр залрах ёстой. Таван бурхны дөрөв нь заларчихсан. Бурхад хорвоод залардаг учир нь стресстэй амьдарч байгаа хүн төрөлхтөнд тайван амгалан амьдрах аргыг зааж өгдөг. Хорвоо дээр заларсан бурхад випашяна бясалгал хийж гэгээрсэн байдаг. Гэгээрээд тэр сайхан аргыг хүн төрөлхтөнд үлдээсэн. Аз жаргалтай амьдрахын талаар сургаал айлдахад түр зуур сэтгэл тайван болохоос биш сэтгэлийн хирээс бүрэн ангижруулж төгс амгаланд хүргэдэггүй. Харин тэр хүрэх аргыг випашяна medicinereal бясалгал заадаг. Түүнийг хийсэн хэн ч аз жаргалтай сайхан амьдардаг.
Энэ аргыг таарсан хүмүүстээ ойлгуулах гэж сургаал ном айлдаад явсан нь Ганжуур гэж ярьдаг. Тэр зарлигийг сүүлд хүмүүс ойлгохгүй байсан учраас Энэтхэгийн эрдэмтэд тайлбарласан нь Данжуур юм. Өөрөөр хэлбэл, шастирын орчуулга. Миний хийсэн муу үйлээс болж би зовдог, сайн үйлээс би жаргадаг. Миний зовох жаргах надаас болдог. Гол буруутан нь би өөрөө. Түүнийг сайн ойлгуулахаар түүнээс яаж ангижрах, муу үйл хийхгүй болох вэ гэдэгт випашяна бясалгал хөтөлдөг.
Энэтхэг хэлэнд Ганжуур, Данжуурыг Трипитака буюу гурван сав аймаг гэдэг. Бурхан багш хорвоод амьдрахдаа гурван төрлийн зүйлийг айлдсан. Нэг нь судрын аймаг. Уулзсан хүмүүс, энгийн хүмүүст айлдсан сургаал. Винайн аймаг гэдэг лам хуврагуудад сахил санваартай холбоотой айлдсан судрууд нь. Абхидхарамын аймаг нь бясалгал хийгээд хүрдэг шатуудыг системтэйгээр ойлгуулсан. Энэ шатанд хүрвэл ийм болдог гэсэн гэгээрлийн шат хүртэлх замыг тайлбарласныг хэлж буй юм.
-Ганжуур, Данжуур хийгээд випашяна бясалгал хоёр харилцан хамааралтай байх нь ээ?
-Бурхан багш бүх хүн төрөлхтөнд хэрэгтэй сургаал номыг айлдсан. Харин випашяна бясалгал сэтгэлийнхээ хирийг арилгах практик аргыг зааж өгдөг. Бурхны заасан сургаал нэг ёсондоо онол, практик хоёр байдаг. Онол нь Ганжуур судар. Практик нь випашяна бясалгал. Нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй.
Дорно дахины сургаал номлолууд дандаа практикаас гарсан онол байдаг. Дорно дахиныхан практик хийгээд тодорхой шатанд хүрсэн хүмүүс. Түүнтэй адил бурхны айлдсан бүхэн дандаа практикаас гарсан сургаалууд. Тиймээс Ганжуур, Данжуурыг уншсан төдийхнөөр бүрэн ойлгохгүй. Практик хийвэл илүү гүн ойлгоно.
-Ганжуурыг пали хэлнээс орчуулсан орон манайхаас өөр байдаг уу?
-МЭӨ V зууны үед бурхан багш хорвоо дээр заларч байх үедээ тэр үеийн Энэтхэгийн Магад улсын хэлээр сургаалаа айлдсан байдаг. Тэр үед Энэтхэгт хоёр хэл байсан. Нэг нь пали хэл. Магад улсын хэлийг сүүлийн үед пали гэх болсон. Нөгөө нь тэр үед эрдэмтдийн хэл болох санскрит хэл. Бурхан хэнд ч ойлгомжтой байлгахын тулд энгийн ардын хэлээр буюу пали хэлээр сургаал айлдсан.
Тэр Ганжуурын судруудыг сүүлд энэтхэг эрдэмтэд манай МЭ I зуун буюу бурхан багшаас 500 жилийн дараа санскрит хэл рүү орчуулсан. VIII зуунаас Төвдүүд төвд үсэгтэй болж эхэлсэн. Тэгээд IX зуунаас XIII зуун хүртэл санскрит руу орчуулсан хувилбарыг төвд хэл рүү орчуулсан. Олон зуун дамжиж орчуулсан байгаа биз. Тэр орчуулгаас манай монголчууд XVII, XVIII зууны үед хаадын зарлигаар 200 гаруй эрдэмтдийг зэрэг суулгаад бүгдийг хуучин монгол хэлээр барлаж, хэвлэж орчуулсан байдаг.
Үүнээс харахад, XVII зууны үеийн монгол хэл, дээрээс нь МЭӨ V зууны өмнө палигаас санскрит хэл рүү орчуулахдаа гарсан өөрчлөлтүүд бий. Түүнээс 900 жилийн дараа төвд рүү, дахиад 400, 500 жилийн дараа монгол руу орчуулж олон шат дамжлага дамжсан. Дээрээс нь XVII зууны үеийн монгол хэл дээр орчуулагдсан. Одоо бидний хэл, соёл ямар шатанд байгаа билээ. Нөгөө талаас монголчууд Ганжуур, Данжуурыг яагаад ойлгохгүй байгаа юм бэ гэхээр нэгдүгээрт, XVII зууны хэл. Хоёрдугаарт, гол шалтгаан нь бид социализм, коммунизмын үзэл суртлаас болоод хэл соёлоо гээчихсэн. Дээр үед хөгшид судрын захын хуудсыг эргүүлээд уншиж ойлгодог байсан. Одоо бол үгүй.
Тиймээс бид хамгийн эхний хэл болох пали хэлэн дээрээс орчуулах нь дээр гэж үзсэн. Бурхны сургаалийг цэврээр авч үлдсэн нь Бирм. Бирмээс бясалгал Энэтхэг рүү дэлгэрсэн. Энэтхэгт дэлгэрээд ирэхээр бясалгал нь ч эргэж ирсэн. Түүнийг нь бид Монголд нэвтрүүлэхээр бясалгалыг нь ч авч ирлээ. Давхар пали хэл дээрх Ганжуурыг нь орчуулж эхэлж байна.
-Ямар онцлогтой судрууд орчуулагдав?
-Пали хэл дээрээс төвд, монгол хэл дээр орчуулагдаагүй судруудыг эхэлж орчуулж байна. Эхний гурван боть гаргасан. Пали эх нь байна, санкстрит хэл дээрх зарим эх бас олддог. Төвд хэл дээрх нь ч байна. Эцэстээ нь орчуулгыг хүн хийж байгаа учраас ямар нэгэн алдаа, төөрөгдөл гарах тохиолдол бий.
Орчуулагч хоёр төрөл байдаг. Нэг нь бясалгал хийсэн. Өөрөөр хэлбэл, практик хийж үзээд орчуулдаг хүн. Нөгөө нь бясалгал хийж үзээгүй зөвхөн онол үзсэн хүн байдаг. Тийм хүн онолын ойлголтоор орчуулна даа. Үг өөр өөр утгыг илэрхийлж болно. Ер нь төвд хэл дээрх Ганжуур, Данжуурын орчуулга гайхамшигтай, мундаг. Гэхдээ бид харьцуулаад үзэхээр алдаа байдаг. Тэгэхээр бүгдийг үгүйсгэж байгаа юм биш. Сайжруулах гэж байгаа асуудал.
Бидний эхэлж орчуулсан Дхамапад гэдэг бол бурхны сургаал ном дотроос судрын аймагт багтдаг, бурхны буддист-библи гэж нэрлэгддэг судар. Бурхны сургаал номыг судлах гэж байгаа хүмүүс хамгийн түрүүнд үздэг судар. Энэ нь бурхан багшийн номын шүлгүүд юм. Дөрөвхөн шад шүлгийг ойлговол гэгээрэлд хүрч болохоор. Өөрөөр хэлбэл, Ганжуур Данжуурын хураангуйлсан хэлбэр. Бурхны сургаалийн нэг гайхамшиг нь хэн ч уншаад ойлгож болохоор байдаг.
Нөгөө хоёр боть нь төвд, монгол Ганжуур дээр байхгүй. Дхамападийн тайлбарыг МЭ IV-V зуунд амьдарч байсан Энэтхэгийн мундаг эрдэмтэн Буддхагош анх удаа бичсэн. Ер нь Ганжуурын анхны тайлбарыг Их бандида Буддхагош бичсэн байдаг.Тэр тайлбарыг эртний сударт Аттхагатха нэрээр нь мэддэг. Утгын тайлал гэсэн үг. Энэ тайлбар нь цогцоороо дэлхийд пали болон хинди хэл дээр байгаа.
Хинди хэл дээрх орчуулга XX зууны сүүлчээр энэтхэг эрдэмтэд хийсэн орчуулга. Мэдээж хинди шашинтай хүн хийсэн. Пали хэлэн дээрээс орчуулах үед МЭ V зууны үеийн хэл учраас зарим пали үг нь орчин үеийн хинди хэлнээс олдохгүй, их төвөгтэй. Xинди хэл дээр орчуулагдсан тэр орчуулга нь маш муу орчуулгатай. Тиймээс бид цогцоор, шат дараатай хийгээд байгаа нь хүмүүс уншаасай, уншвал асар их зүйл ухаарна гэдгийг ойлгуулахыг хүсч байгаа.
-Ийм хүнд номын, бурхны сургаалийг орчуулахад бэрхшээл тулгарч байна уу?
-Ганжуур, Данжуурыг орчуулахын тулд Пали, санскрит, төвд хэл, монгол бичиг, хятад хэл мэддэг байх хэрэгтэй. Бид пали, санскрит, төвд, монгол хэлээ мэднэ. Одоо хятад хэлтэй хүн хэрэгтэй байгаа. Хятад хэл рүү дээр үед орчуулсан орчуулгыг харьцуулж үзээд орчин үеийн хүмүүсийг ойлгохоор хэмжээнд орчуулах ёстой. Бурхны сургаал номыг хүнд ойлгомжтой болгохгүй бол харь хэлтэй адилхан байна.
Бид эртнээс энэ ажлыг эхлүүлсэн. Эхлээд Энэтхэгээс бясалгалыг авчраад ард түмэнд үнэ төлбөргүй хүргэж байна. Бурхны сургаал үйлийг цэврээр нь Монголын ард түмэнд хүргэх зорилготой. Энэтхэгт анх бурхны сургаалийг дэлгэрүүлэхэд ямар дэг журамтай байж вэ, түүнийг л Монголын ард түмэнд хүргэе гэсэн зорилготой эхлүүлсэн ажил.Бясалгал эхлүүлэхэд бид маш их анхаарсан. Эцэст нь хэчнээн сайхан Ганжуур, Данжуурыг уншлаа гэхэд практик хийхгүй бол ямар ч хэрэггүй байдаг. Нөхцлийг нь ч бүрдүүлсэн. Цаашид улам дэлгэрэх байх. Бурхны сургаал номыг хүнд ойлгомжтой болгохгүй бол харь хэлтэй адилхан байна.
Одоо бид нар Ганжуур руу хандаж эхэлж байгаа юм. Бясалгалд суусан хүмүүс маань практикт сайжраад ирэхээр онол шаардаж эхэлж байна. Бурхан багш энэ судар дээр яг ингэж заасан байна уу, эсвэл Ширэндэв гэж нөхөр өөр зүйл хийгээд байна уу гээд эргэлзээ төрж байгаа. Тэр шаардлагаар судруудыг орчуулж эхэлсэн хэрэг.
-Ганжуур, Данжуурыг мэдээж үргэлжлүүлээд орчуулах байх?
-Эхний гурван ботийг өнгөрсөн нэг жилийн хугацаанд орчуулсан. Хэд хэдэн хүнтэй хамтарч ажиллаж байгаа. Дадалтай ч боллоо, хэлний мэдлэг боловсрол улам сайжирч байна. Дараагийн орчуулах боть нь бурхан багшийн жатака. Манайхан цадиг гэж ярьдаг. Пали анжуурт бурхан багшийн бурхан болохоос өмнөх 550 төрлийн түүх байдаг.
Туулай, арслан, хүн болж төрсөн гэх мэтээр. Төрөл бүртээ уулзсан хүн, амьтан бүрээ зөв зам руу хөтөлдөг. 550 төрлийн түүхтэй долоон боть бий. Түүний Ганжуурынх нь хоёр боть гээд нийтдээ есөн боть бий. Энэ жил дөрвөн боть, дараа жил таван боть орчуулах юм. Үлгэрээр эхлээд ард түмэнд ойлголт өгөөд цаашдаа судар руу орно. Судар орчуулах, ойлгох тийм амар биш. Судрын мөр бүр бясалгалын шаттай холбоотой учир бясалгал хийсэн хүн илүү их ойлгоно.
-Випашяна бяслагалд дурлах залуус хэр байдаг вэ?
-Саяхан бид Бирм руу явлаа. Зорилго нь дараагийн хойч үеэ бэлтгэх хэрэгтэй байна. Бирмд нэг хийд, нэг их сургуультай гэрээ байгууллаа. Бирмийн Боловсролын яамнаас санхүүждэг улсын их сургууль бий. Гадаад дотоодын хүмүүс сурвал бүх зүйл нь үнэгүй. Тэр сургуульд яваандаа оюутан залуус бэлтгэе гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Бирмийн мундаг эрдэмтэй багш нар тэнд багшилдаг.
Түүнээс гадна залуу лам нар бэлтгэх шаардлагатай байгаа. Дээр үеийн бурхнаас дамжиж ирсэн сургаал бол хүүхдийг багаас нь бэлтгэж эхэлдэг. Тодорхой хугацаанд сураад ирээдүйгээ сонгож болдог. Цаашид би ламаараа явах уу, эсвэл хар болоод энгийн амьдралаар амьдрах уу гээд. Лам нарын дэргэд сурсан хүүхэд бол ёс суртахууны хамгийн зөв хүмүүжилтэй болдог.