/Зөвхөн хуучин бясалгагчдад зориулав/
Энэ жижиг эвхмэл нь Их багш Сатяанаарааяан Гоянка багшийн болон түүний түүний томилсон аль нэг багшийн явуулсан 10 хоногийн випашяна бясалгалыг дүүргэсэн хүмүүст ач тустай юм. Энэ бясалгалын аргыг сурахыг хүссэн бусад хүмүүсийн хувьд бол энэ бясалгалд сууж үзэх хэрэгтэй юм.
Харин энэ эвхмэлийг уншаад л бясалгал хийж сурчихна гэж байхгүй. Хэрэв тэгвээс танд үнэндээ хортой ч болж магад учраас өөрөө л ийм бясалгалд сууж сурахыг хичээх нь зөв юм. Та бүхэн өдөр тутмын амьдралд тань өөрчлөлт дэвшилтийг авч ирэхэд л випашяна бясалгалын ач холбогдол оршино. Энэ нь энд сурсан бүхнээ дүрэм горимын дагуу тогтмол үргэлжлүүлэн бясалгалаа хийсээр байх юм бол боломжтой юм.
БЯСАЛГАЛЫН ЕРӨНХИЙ АГУУЛГА ШИЙЛА
( САХИЛ САНВААР БУЮУ АРИУН ЯВДАЛ)
Үүний тулд доор дурдсан 5 сахилыг чадах чинээгээрээ сахих хэрэгтэй.
Бясалгал –Бясалгалаа тогтмол үргэлжлүүлэхийн тулд доор дурьдсан зүйлсийг биелүүлэх хэрэгтэй.
Үүнд:
Өдөр тутам хэрхэн бясалгаж байх тухай
Анаапна-(орж гарах амьсгал)
Хэрэв сэтгэл амгалан бус буюу нойр хүрч, залхуурах, аль эсвэл мэдрэмж тодорхой сайн мэдэгдэхгүй байх, мэдэгдлээ ч хариу үйлдэл хийхийн аргагүй болвол хэдэн минут хиртэй Анапана бясалгал хийж амьсгалынхааа орж гарахыг мэдрэх хэрэгтэй. Та хүсвэл бясалгалаа Анапанаар эхлээд Випашянагаа үргэлжлүүлж болно. Хэрэв шаардлагатай гэж үзвэл цагийн турш ч Анапана бясалгалыг хийж болно. Анапана бясалгал хийхийн тулд бүх анхаарлаа хамрын доод тал, дээд уруулын дээд талд төвлөрүүлэн орох гарах амьсгалаа тодорхой мэдрэх хэрэгтэй. Хэрэв сэтгэл маш их тавгүй, аль эсвэл залхуу хүрч байвал амьсгалаа бага зэрэг хүчтэй болгох хэрэгтэй. Тэгснээр уул байдал үгүй болвол дахин энгийн амьсгал дээрээ бясалгалаа үргэлжлүүлж болно.
Випашяна үлэмж үзэхүй бясалгал
Анхаарлаа толгойноосоо хөлрүүгээ, хөлөөсөө толгой руугаа хандуулан явуулж, биеийнхээн бүх гишүүн бүрийг нэг бүрчлэн шинжин үзэж, тэнд мэдрэгдэх мэдрэмж бүрийг энгийн ч бай, нарийн ч бай, аятай ч бай, аягүй ч бай, таатай ч бай, таагүй ч бай ялгаагүй, байгаа байдлаар мөнх бусын билгүүнтэйгээр ажиглан тэгш оршин мэдрэх хэрэгтэй.Янз бүрийн энгийн мэдрэмж буй хэсгийг тусгайд нь авч үзэх хэрэгтэй. Мөн нэгэн ижил нарийн мэдрэмж буй хэсгүүдийг нэгэн зэрэг ажиглан үзэх хэрэгтэй. Тэгэхдээ биеэ ажиглан явах байдлаа ёс төдий болгон оромдохгүй байх нь их чухал юм. Хэрэв ингэж эхэлбэл ажиллах байдлаа өөрчлөх хэрэгтэй.
Өлзий хутагт энэрхүй сэтгэлийг бясалгахуй
Нэг цагийн бясалгал хийснийхээ дараа хэдэн минут энэрхүй сэтгэлийг бясалгах хэрэгтэй. Хэрэв бие болон сэтгэл ядарч, зүдэрсэн байдалтай байвал хэдэн хором амарсныхаа дараа энэрхүй сэтгэлийг бясалгаарай. Гэхдээ биед мэдрэгдэх нарийн мэдрэмж дээрэй анхаарлаа төвлөрүүлэн өөрийн сэтгэлийг бусдын төлөө гэсэн сайхан сэтгэлээр дүүргэж бясалгах юм.
Өдөр тутамын үйл ажил
Бясалгал хийхээс бусад хугацаандаа хийх ёстой ажил дээрээ бүх анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Гэхдээ янз бүрийн нөхцөл байдалд бид өөрсдийн сэтгэлийг нэгэн үзүүрт болгож, тэгш оршихуй байдлаа хадгалсаар байж чадаж байна уу үгүй юу гэдгээ шалган үзэж байх хэрэгтэй. Янз бүрийн байдал, нөхцөл бий болоход хэдэн хором ч гэсэн амьсгал болон мэдрэмжээ мэдэрсээр байвал сэтгэлийнхээ тэнцвэртэй байдлыг хадгалахад танд туслах болно.
Өглөг
Би энэ бясалгалаас их ач тусыг хүртлээ, өрөөл бусад ч гэсэн мөн ийм ач тусыг олоосой гэж хүсэх хүсэл бясалгагч аливаа хүнд үүсэх нь мэдээж. Ингэснээр хувиа хичээх хуучин муу дадал зуршил маань өөрчлөгдөж эхэлдэг юм. Бясалгагч бээр бусадтай хуваалцах хамгийн нандин зүйл бол “ариун ном дхамма” юм байна гэдгийг ойлгодог. Иймээс бусад хүмүүсч гэсэн ариун номтой, энэ бясалгалтай учрахад нь тус дэм болохсон гэсэн ариун сэтгэлий үүднээс бусад бясалгагчдын зардалд зориулан өглөг өргөдөг юм. Ийм ариун сэтгэлээр өргөсөн өглөг нь дээр дэлхий дээрхи бүх бясалгалын төвүүдийн үйл ажиллагаа явагдаж байдаг. Эдгээр төвүүдийг орлогын цорын ганц эх үүсвэр нь энэ юм.
Зөвхөн өөрийн төлөө бус буянт ажил
Бясалгалыг зохион байгуулах, нөхцөл байдлыг бүрдүүлэх буюу бусад янз бүрийн байдлаар номын үйлчилгээнд ажиллах зорилгоор өөрийн цаг заваа зориулах нь бас их өглөг юм. Их багш болон түүний томилсон багш нартай хамтран ийм ажлын хариуд нь юу ч хүсэхгүйгээр туслах аваас, тэр үйлчилгээ нь бусдад тустай буянт үйл болохоос гадна, мөн өөрийн омог бардам би гэх зангаа багасгахад тань тус дөхөм болно. Ингэснээр випашяна бясалгалын гүнд нь хүрч, номын мөрөөр ургашлан хөгжихөд тань их нөлөөтэй болдог юм.
Номонд өөрийгөө зориулах
Энэ бясалгалын арганд ямар нэгэн зүйлийг хольж хутгахгүй байх хэрэгтэй. Хэрэв та өөр төрлийн зан үйлийг хийдэг бол випашяна бясалгал хийхээсээ 1 цагийн өмнө буюу 1цагийн дараа хийх хэрэгтэйгээс гадна та ер нь зорилгодоо хүрч сайн үр дүнг олоход тань аль нь илүү хэрэгтэй болохыг шийдэн сонголтоо зөв хийх хэрэгтэй.
Випашяна бясалгалын тухай бусдад ярих
Та випашянагийн тухай бусдад ярьж тайлбарлаж ойлгуулж болно. Харин бусдад зааж сургахыг оролдох хэрэггүй. Хэрвээ та тэгвэл түүнд туслах биш харин түүнийг хорлож ч магадгүй юм. Хэрвээ хэн нэгэн нь энэ бясалгалыг сурахыг хүсэж байгаа бол түүнийг энэ бясалгалд суухыг зөвлөн дэмжих хэрэгтэй. Яагаад гэвэл тэдгээр төвүүдэд энэ бясалгалыг зүй ёсоор нь, горимын дагуу зааж сургадаг юм.
Зарим энгийн зүйлс
Хөгжил дэвшил аажим аажмаар явагддаг. Хэрэв та буруу үйл хийвэл түүнээсээ сургамж авах хэрэгтэй. Гэхдээ алдаа хийснээ ойлговоос инээмсэглэн сэтгэлээр уналгүй дахин бясалгалдаа шамдах хэрэгтэй. Харин өөрийнхөө чадавхийг доорд бүү бодоорой. Бясалгал хийж байх үед сэтгэл сарних, залхуу хүрэх гэх мэтийн даван туулахад бэрхшээлтэй олон төрлийн саад учирч магад. Үүнийг даван туулахын тулд та доорхи хэдэн аргаас өөртөө тохирохыг сонгон хэрэглэх хэрэтгэй. Та их багш болон түүний томилсон багшаасаа зөвлөмж заавар авч болно. Мөн үе үе цаг цагаар “випашяна”бясалгагч ах дүү нартайгаа хамт нийтээр цагийн бясалгал хийх хэрэгтэй. Ингэвээс танд хүч тамир олдох болно. Мөн төв дээр явагддаг нэг хоногийн бясалгалд сууж болно. Бясалгалд зохицсон сайхан орчноос энерги олж авахын тулд боломж олдсон үедээ хэдэн цагаар ч юм уу, хэдэн өдрөөр випашяна бясалгалын төв дээр ирэн бясалгал хийж болно. Хуучин бясалгагч учраас та 10 хоногийн дундаас нь ч ирээд сууж болно. Гэхдээ өрөө байр илүү байгаа эсэхийг лавлаад ирэх нь зүйтэй. Бүх зүйл мөнх бус гэдгийг мэдэж түүнийгээ мэдсэнийхээ дараа хүлээн зөвшөөрөх нь үнэн билгүүн юм. Та өөрийнхөө дотоод үнэнийг харсаар, та амьдралд тохиолдох өгсөлт уруудалтанд үл автах болно. Таны дотоодод тэгш оршихуй хөгжих тусам таны үйлдэхүй бүх үйлд тань өөрчлөлт орсноор зөвхөн өөрт тань өлзий хутагыг авч ирэх юм. Ийнхүү та одоо цагт аз жаргалантай амьдарч зовлонгоос хагацах зорилгынхоо зүг чиглэн шамдах болно.
Ихээхэн хэрэглэгддэг үгсийн сан
Сургааль номын гурван гишүүн
Шийла- ариун явдал буюу сахил
Самаадхи- нэгэн үзүүрт сэтгэлийг өгөх
Панняаа- Билгүүн-гэгээрэл, сэтгэлийн ариусал
Гурван эрдэнэ
Буддха-Бурхан болон Гэгээрсэн хүн
Дхамма- Ном, Байгалын жам ёс, Огоот гэгээрсэн Бурхан багшийн сургааль,нирваан гэгээрлийн зам.
Сангха- Номын мөрөөр ажиран явсаар ариун сэтгэлт болсон хүн, ариудсан нэгэн хувраг хүн
Сэтгэлийн хир буртагуудын гол шалтгаан
Гурван шинж
Хутагтын найман гишүүн мөр-
Ниббаана (нирваан)- бие болон сэтгэлийн чанад дахь туйлын үнэн
Гурван төрлийн билгүүн
Камма (үйлийн үр)
Хутагтын дөрвөн үнэн
Таван цогц
Дөрвөн махбодь
Таван дайсан
Таван нөхөд
Бие (дүрс)-ний үүсэх шалтгаан
10 паармитаа (чанадад хүрэхүй)
Саадху, сааадху, саадху– Сайхан айлдлаа би ч гэсэн даган баясаж байна.
1 цагийн бясалгал болон 10 хоногийн “Номын айлдвар” аудио
(2005 оны 3 сарын 5-нд Дхамма Нашикт Гоенка багшийн хуучин бясалгагчдад айлдсан айлдвар)
Эрхэм номын шавь нар минь!
Энэхүү Нашикийн Випашяна бясалгалын төвд ийм их бясалгагчид хуран цугласаныг хараад миний сэтгэл маш баяртай байна. Бүх төв ариуслын долгион, ариун ном Дхаммагийн долгионоор бялхасаар байх болтугай.
Энд бясалгахаар ирсэн хүн, энд байх хугацаандаа бясалгалын төвийн ариун байдлыг алдагдуулах ямар нэг биеийн болон хэлний нүгэлт үйлийг үйлдэхгүй байх ёстой билээ. Иймэрхүү бясалгалын төв зуу зуун жилийн турш, зорин ирсэн тоолж барамгүй их хүнд ач тусаа өгөх билээ. Мөн энэ дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс гэгээрэлд хүрэх замд орох гэж, ач тусыг хүртэх гэж энэ газар ирцгээх билээ.
Төвийн менежерүүд асар их үүрэг хариуцлагатай. Энэ бол ариун номын газар болохоос арилжааны байгууллага биш билээ. Эдгээр төвийн зохион байгуулагчид,менежерүүд эдгээр төвийг ямар нэгэн арилгжааны байгууллага болгохгүй байх хэрэгтэй. Ариун ном үнэлэхийн аргагүй эрдэнэ учраас үүнийг бараа таваар мэт арилжих аргагүй билээ.
Ариун ном хүн бүхэнд нээлттэй билээ. Бясалгагчидаас ямар ч төлбөр авах ёсгүй юм. Хэрэв “Бясалгагчид хоолны, байрны, Ариун номыг заалгахдаа ямар нэг зүйл өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хэрхэн энэ төвийг ажиллуулах билээ?” хэмээн бодох л юм бол энэ нь ямар нэгэн арилжаа наймааны байгууллага болох юм. Ариун номыг сурахын тулд хэн ямар үнэ өгч чадах юм бэ? Ариун ном үнэлэхийн аргагүй юм . Хэрэв үнэ төлбөртэй болгочих л юм бол энэ нь баячуудын ном болж хувирах юм. Хэн мөнгөтэй нь л асар их үнэ төлж амар амгаланд хүрэх гэж оролдох болно. Гэвч Ариун номыг ашиг хонжооны зүйл болгочихвол энэ нь амар амгаланг авчирагч байхаа больдог учраас тэд амар амгаланд хүрч чаддаггүй билээ. Тиймээс Випашяна бясалгалын төвийг ямар нэг арилжааны байгууллага болгох алдааг одоо болон ирээдүйд хэн ч гаргахгүй байх ёстой билээ.
Бясалгал дууссаны дараа бясалгагчдын сайн дураараа өгдөг өглөг нь тэр хүний бясалгалын үеийн зардалын төлбөр биш юм. Өглөгийг хэзээ ч ийм сэтгэлээр өгөх учиргүй юм. Үүний оронд, өглөг өгөхдөө “Энд 10 хоног бясалгасанааар би маш их амар амгаланд хүрч, маш их ач тусыг хүртэж, амьдрах урлагт суралцлаа. Одоо би бүх л амьдралынхаа туршид аз жаргалтай, амар амгалан амьдарч чадахаар боллоо. Бусад хүмүүс ч гэсэн ийм их ач тусыг хүртээсэй! Эргэн тойрны минь бүх хүмүүс маш их зовох юм. Ядуу нь ядуугийнхаа улмаас зовж байхад баячууд нь ч гэсэн шаналах юм. Бичиг үсэг мэддэг мэддэгүй (боловсролтой боловсролгүй), эрэгтэй эмэгтэй, бүгд л янз бүрийн шалтгааны улмаас зовж байна.Хэрэв тэд энэ аргыг сурвал зовлонгоосаа салж чадна даа, зовлонгоосо хэрхэн гэтлэхийг сурна даа. Тиймээс улам их хүмүүс ач тусыг нь хүртээсэй! Улам олон хүн энэ амгалан амьдрах урлагийг сураасай!” гэсэн сайхан сэтгэлээр өгөх хэрэгтэй. Ийм сэтгэлээр өгсөн өглөг л сайхан сэтгэлийг агуулсан байдаг учраас жинхэнэ цэвэр ариун, буянтай өглөг болдог билээ.
Випашяна бясалгалын ямар ч төв дээр ямар нэгэн алаглан үзэх явдал гарах ёсгүй. Бясалгагч баян ч байж болно, ядуу ч байж болно, боловсролтой ч байж болно, боловсролгүй ч байж болно, арьсны өнгө нь ямар ч байж болно, мөн ямар ч овог аймгийн, ямар ч гарал үүсэлтай байж болно. Хүн л бол хүн шүү дээ. Эхийн хэвлийгээс төрсөн бүхэн хүн билээ. Энэ орны хаана нь ч гэсэн иймэрхүй ялгаа байх ёсгүй билээ. Випашяна бясалгалын төвд ийнхүү ялгах өчүүхэн ч хандлага байх ёсгүй юм.
Гэгээрэлд хүрэх зам хүн бүхэнд нээлттэй. Ариун ном бол бүх нийтийнх билээ. Ариун ном бүх улс оронд ижилхэн билээ. Бясалгаж байгаа л бол хаана ч байсан бүгд л ач тусыг нь хүртдэг билээ. Үргэлж ач тусаа өгдөг учраас Ариун ном мөнхөд оршдог билээ. Ариун номыг хэсэг бүлэг хүмүүсийнх бүү болгоорой. Випашяна бясалгагчид “Бид бол Випашяна бясалгагчид. Бид бусдаас огт өөр” гэж хэлж огт болохгүй. Хэрхэвч ингэж болохгүй. Нийгэм олон янзын хүмүүсээс бүрэлдэнэ. Хорвоо дэлхий ч олон янзын хүмүүсээс бүрэлддэг. “Хамаг амьтан аз жаргалтай, амар амгалан болоосой! Хамаг амьтан амьдрах урлагийг сураасай! Хамаг амьтан одоогийн амьдралаа төдийгүй ирээдүйн амьдралаа ч гэсэн сайжруулаасай!” Бид чухам ингэж өөрсдийн дотор хайр энэрэлийн сэтгэлийг хөгжүүлэх ёстой.
Ариун номыг сурахаар ирж буй бүхэн ийм сэтгэлийг үүсгэж сурах ёстой. Энэ бол буян паармигаа хөгжүүлэхийг хүсэж ариун номыг зааж байгаа, төвийг зохион байгуулж байгаа, ариун номын үйлчилгээ хийж байгаа бүх хүний сэтгэлийн гол суурь нь билээ. Хэрэв хэн нэгэнд хайр, энэрэл, сайхан сэтгэл үгүй бол хэрхэн ариун номыг заах билээ? Хэн нэгэн “Би маш олон хүнд Випашянаг хүргэсэн. Маш олон байшин барьж өгсөн. Би маш их өглөг өгсөн” хэмээн биеэ тоон бардамнаж болох юм.
Та юу хийж байгаа чинь энэ вэ? Ариун номын үйлчилгээний зорилго нь биеэ тоож бардамнах явдал биш билээ. Хэрэв чи бардамнадаггүй л бол чиний хийж байгаа ажил номын ажил, номын үйлчилгээ болдог юм. Энд номын үйлчилгээнд ажиллаж байгаа болон багшилж байгаа, зохион байгуулж байгаа бүгд ялгааггүй номын үйлчлэгч нар юм.
Випашяна бясалгалын төвд номын үйлчилгээнд ажиллаж байгаа хэн ч гэсэн амжиргаа залгуулах цалин хөлсний төлөө биш, харин буян паармигаа хөгжүүлэхийн төлөө бусдын сайн сайхны төлөө гэсэн чин хүслээрээ ажиллах ёстой билээ. Випашяна бясалгалын төвд ажиллаж байгаа хүн бүхэн номын үйлчлэгч нар юм. Тэд бусдад туслах юмсан, ариун номын ач тусыг хүртэхэд нь тусалж үйлчлэх юмсан гэсэн сэтгэлээр л ирцгээдэг билээ. Тэд хайр энэрлээр дүүрсэн буяны сэтгэлээр л үйлчилдэг билээ.
Номын үйлчлэгч нараа. Номын үйлчилгээ хийнэ гэдэг нь бясалгал хийхээр ирсэн хүмүүст үйлчлэнэ гэсэн үг юм. Чи тэдэнд цалин авдаг албан хаагч шиг биш, харин хайр энэрэлийн сэтгэлээр, төлөв даруу зангаар үйлчлэх ёстой. Магадгүй Випашяна төвийн удирдлага урт хугацаагаар номын үйлчилгээнд үргэлж ажилладаг номын үйлчлэгчидэд зарим үед мөнгөн шагнал өгч болох юм. Гэхдээ үүнийг цалин гэж ойлгож болохгүй. Випашяна бясалгалын төвд цалин авдаг албан хаагч нэг ч байдаггүй. Бүгд л номын үйлчлэгч. Үйлчилгээ хийж буянаа аривжуулах боломжыг ашиглах л хүсэл билээ. Үйлчилгээнд ажилласны буян нь үнэлж баршгүй билээ.
Бид өлсөж байгаа хүнд хоол өгөхөд тэр хүний гэдэс нь цаддаг. Энэ бол буянт үйл мөн. Бид цангаж байгаа хүнд ус өгөхөд тэр хүний цангаа тайлагддаг. Энэ бол буянт үйл мөн. Мөн үүнтэй нэгэн адил, өвчтэй хүнд эм өгөхөд эдгэдэг. Энэ ч мөн буян үйл билээ.
Эдгээр үйл нь буянт сайн үйл боловч ариун номыг өгсөнөөр хураах буянтай харьцуулахын аргагүй байдаг. Мэдээж бид өлсөж буй хүнд хоол өгсөн ч тэр хүн дараа дахиад л өлсөж таараа. Бид цангаж байгаа хүнд ус өгөвч дахиад л цангах болно. Бид өвдсөн хүн эм өгсөн ч тэр дахиад л өвддөг билээ. Тэд өнө удаан үргэлжлэх ач тусыг хүртэж чаддаггүй.
Харин ариун номыг хүртсэнээр мөнхөд ач тусыг нь хүртэх ариун номын замаар алхаж эхэлдэг. Мэдээж өгсөх уруудах, таатай таагүй бүх л зүйлтэй учирна. Гэхдээ тайван, тэгш амгалангаа хадгалж сурсан учраас үргэлж тайван, аз жаргалтай амьдарч, золгүй амьтан байхаа больдог билээ. Үүрэг хариуцлагаа ном ёсоор нь биелүүлдэг билээ.
Сабба даанам дхаммадаанам жинаати– Ариун номын өглөг бол бусад бүх өглөгөнөөс хамгийн дээд нь билээ. Ариун номын өглөгийг хүртсэн хүн одоо ч, ирээдүйд ч амар амгаланг хүртэх билээ.
Мэдээж Ариун номыг зааж байгаа хүн бол Ариун номын өглөгийг түгээгч билээ. Гэвч бүх номын үйлчлэгч нар ч гэсэн Ариун номын өглөгийг түгээгч билээ. Номын багш нар номын үйлчлэгч нарын туслалцаагүйгээр хэрхэн Ариун номыг заах билээ. Номын үйлчлэгч нарын туслалцаагүйгээр хэрхэн бясалгалын курсыг зохион явуулах билээ?
Маш олон газар би тогооч хүн хоолоо маш их сэтгэл гарган, буяны сэтгэлээр хоолоо хийхийг харсан. Тэд ажилдаа өөрийгөө бүрэн зориулсан байдаг. Тэд олон хүний хоолыг яг цагт нь бэлэн байлгадаг. Хэрэв тэд зөвхөн цалингийн төлөө ажилладаг байсан бол хэрхэн ингэж өөрийгөө зориулах билээ? Үүнтэй нэгэн адил, бусад хүмүүс ч гэсэн өөр өөрийн үүргийг хайр энэрэл дүүрэн сайхан сэтгэлээр гүйцэтгэж байсан юм. Хэрэв номын үйлчлэгч аминчхан үзлээ огоорч чадвал Ариун номын газар маань жинхэн Ариун номын газар болж чадах билээ. Хэрэв тэгж эс чадваас энэ нь үйлдвэрийн эзний үйлдвэр болох болно. Худалдаачин хүний худалдаа болох болно.
Энэ бол Ариун номын төв. Ямар нэг арилжааны, бизнесийн төв биш. Энд хэн ч эзэн юм уу ажилчин биш, бүгд номын үйлчлэгч нар билээ. Хэн нэг нь Ариун номыг заах, бясалгалын аргыг заах үүрэг хүлээж болох юм. Мөн өөр нэг нь төвийн үйл ажиллагааг зохицуулах үүрэг хүлээж болох юм. Ямар ч үүрэг хариуцлага хүлээсэн бай ялгаагүй гагцхүү үйлчлэе гэх сэтгэлээр л хийх хэрэгтэй.
Одоо үйлчилж байгаа болоод ирээдүйд үйлчлэх бүх л багш нар, зохион байгуулагчид, төвийн удирдлага нар болон үйлчлэгч нар үүнийг маш хатуу анхаарах хэрэгтэй. Энэ Ариун ном маш урт хугацааны дараа эх оронд маань эргэн ирсэн билээ. Энэ ариун номыг урт удаан хугацааны турш хадгалж, хүмүүст үр шимийг нь хүртээх нь зүйтэй билээ. Үүний тулд яах ёстой вэ? Хэн нэгэнд амин зуулганд нь зориулж мөнгөн урамшуулал өглөө гэхэд тэр хүн нь заавал бясалгагч байх зарчимтай билээ. Тэр хүн доод тал нь нэг удаа 10 хоногийн бясалгалд суусан, цаашид ч суух хүн байх ёстой. Мөн өглөө оройд тогтмол бясалгадаг байх ёстой.
Би багшийнхаа бясалгалын төвийг дурсах бүрд тэндэхийн ариусалын долгионд маш их сэтгэл сэрж урам авдаг билээ. Тэр бол жинхэнэ үлгэр жишээ бясалгалын төв байсан юм. Тэнд хүмүүс чин сэтгэлээсээ үйлчилдэг байсан юм.
Тэр үед Бирмийн их сургуулийн туслах профессор, нэгэн маш их эрдэмтэй хүн тэнд бясалгал явагдах бүрд үргэлж ирдэг байж билээ. Тэр бясалгалд суугаагүй үедээ өглөө маш их эрт ирээд бүх төвийг, тэр байтугай жорлонг хүртэл цэвэрлэдэг байлаа. Гэртээ бол тэр тийм ажлыг хийдэггүй байсан юм. Харин энд, бясалгалын төв дээр ирэхээрээ тэр “Бүх хүн эрүүл саруул байгаасай! Бүх хүн тохилог тав тухыг зөв ашиглаасай!”гэх сэтгэлээр үүнийг хийдэг байсан юм.
Мөн зарим нь хүмүүсийг элдэв саад бэрхшээлгүй бясалгалаа хийгээсэй хэмээн үйлчилдэг. Энэ бол хүмүүст үйлчилдэг газар, Ариун номын үйлчилгээний газар билээ. Үүнийг үргэлж анхаарч байх хэрэгтэй. Бид Ариун номын цэвэр ариун байдлыг алдагдуулж болохгүй. Ариун ном бол бүхэнд зориулагдсан билээ. Тэгэхээр хүн бүрд нэгэн ижил хайр энэрэл, сайхан сэтгэлээр үйлчлэх ёстой билээ.
Энэхүү Ариун номын газар ирсэн хүмүүс шинээр дахин төрдөг. Би ч бас 2 дахиа төрсөн юм. Эхний удаад би ээжийнхээ хэвлийгээс мэндэлсэн бөгөөд дараагийн удаад нь Ариун номтой учрах тэр цагт яг л шувуу шиг 2 дахиа төрсөн юм. Шувуу 2 дахин төрдөг. Эхлээд тэд өндөг маягаар нэг төрж, дараа нь өндөгнийхөө хальсыг эвдэн гарч 2 дахиа төрдөг.
Үүнтэй нэгэн адил, хүмүүс энд мунхагийн хальсыг эвдэн үнэн утгаараа дахин төрдөг юм. Тэдний сэтгэлд ариун ном үүсдэг билээ, билгүүн үүсдэг билээ. Дэлхий бүх бясалгалын төвүүдтэй адил та нар ч гэсэн энд улам олон хүн ариун нрмын үр шимийг нь хүртээсэй гэсэн чин хүсэл , зөв зорилгоор үйлчилэх хэрэгтэй юм. Энэ бол номын үйлчилгээний цорын ганц зорилго билээ. Энэ нь тухайн номын үйлчлэгч баян байна уу, ядуу байна уу, боловсролтой байна уу, боловсролгүй байна уу, эрэгтэй юу, эмэгтэй юу гэдгээс огтхон ч хамаарахгүй билээ. Хамгийн гол нь тэдний сэтгэл хайр энэрэл, асралаар дүүрэн байх ёстой юм.
Энэ газар бясалгахаар ирсэн бүх хүн аз жаргалант болоосой! Тэд бүгдээрээ амар амгаланг олж, гэгээрээсэй!
Бхавату сабба мангалан– Хамаг амьтан амар амгалан болох болтугай!