You are currently viewing Сайхан эрин үе эхэлчихсэн яваа нь Випашяна бясалгалтай холбоотой юм

Сайхан эрин үе эхэлчихсэн яваа нь Випашяна бясалгалтай холбоотой юм

Монголын випашяна судлалын төвийн тэргүүн Д.Ширэндэвтэй ярилцлаа.

-Бясалгал хийхийн давуу талыг та юу гэх вэ. Ажлын бүтээмж нэмэгдэх, ой тогтоолт сайжрах, биеийн өвчин илаарших гэх мэт давуу талуудыг нэрлэдэг?
-Дэлхий дээрх бүх хүмүүсийн нийтлэг нэг зүйл бол анхаарал нь нэг зүйл дээр буюу байгаа яг тухайн цаг мөчдөө удаан тогтдоггүй. Бидний оюун ухаан үргэлж ажиллаж байдаг. Ингэхдээ нэг бол өнгөрсөн бодол дотор явж байдаг, нэг бол ирээдүйд санааширч байдаг. Шөнө нойрсохдоо ч бие нь амарч байвч оюун ухаан нь ажиллаж байдаг. Сэтгэл одоо цагт хэсэгхэн байж байгаад өнгөрсөн, ирээдүй рүү буюу сайхан, муухай бодлууд руу хэлбэлзэж байдаг учраас хүн өмнө хийх гэж буй ажил дээрээ яг 100 хувь анхаарлаа бүрэн төвлөрүүлж чадахгүйд хүрдэг гэсэн үг. Үүнийгээ дагаад ажлын бүтээмж тааруу гарах нь аргагүй. Хүн нэг юмандаа төвлөрвөл байгаагаасаа ч асар их бүтээмж гаргах бололцоотой. Бид бясалгалаар хамгийн анхлан хичээллэгч нарт 10 хоногийн бясалгал явуулдаг. Эхний гурав хоногт анхаарал төвлөрүүлэх бясалгал заадаг. Үлдсэн зургаан хоногт бүхий л амьдралдаа хураасан сэтгэлийн хир буртаг стрессийг бүр гүнээс нь цэвэрлэх үйл явц явдаг. Бясалгалын төгсгөлд бусдыг хайрлах нинж бясалгалын аргыг мөн заадаг. Бясалгалд суугаад ирсэн бараг бүх хүмүүс өөрийн эрхгүй өөртөө дүгнэлт хийж би гэдэг хүн чинь галзуу юм шиг амьдарч ирсэн юм биш үү гэсэн дүгнэлтэд хүрэх нь бий. Бясалгал анх хийхэд хүн бүхний бодол ямар ч цэгцгүй замбараагүй байдаг л даа.

Яваандаа сэтгэл тогтож, сэтгэлээ амрааж сурдаг. Төвлөрөл явагдахаар сэтгэлийг зовоодог муу бодол аандаа арилж, муу бодлууд форматлагдаж, оюун ухаан цэгцэрч эхэлдэг. Ийм үед хүний ажлын бүтээмж асар ихээр нэмэгдэж, эрч хүчээр дүүрэн болно. Эрч хүч энергийг хэрэггүй зүйлд алдахаа ч байна. Хүний оюун ухааныг өнгөн хэсэг, гүн хэсэг гэж хоёр хуваан үзэж болно. Өнгөн хэсэг, гүн хэсгийг цугт нь амрааж өөрчлөхгүйгээр өнгөцхөн өөрчлөлт нь үр дүнд төдийлөн хүргэхгүй. Ихэнх бясалгал сэтгэлийн өнгөн хэсэгт амар амгаланг өгч нөлөөлдөг ч сэтгэлийн гүнд хүрч өөрчилж чаддаггүй, харин Випашяна бясалгал сэтгэлийг өнгөн төдийгүй гүнд нь хүрч өөрчлөн амар амгалан болгодгоороо бусад бясалгалаас ялгаатай, илүү үр дүнтэй, ямар нэгэн шашны хүлээсгүй, сэтгэлийн хирийг угаахыг заадаг ШУ-ны үндэслэлтэй, хийсэн мөчөөс үр дүн нь илт мэдрэгдээд явдаг гайхалтай арга юм…Гэхдээ сэтгэлийнхээ муу муухайг арилгаж сэтгэлийнхээ сайн бүхнийг хөгжүүлнэ гэдэг бас амаргүй байдаг…Энэ нь сэтгэлд хийж буй мэс засал юм. Сэтгэлээ ямар ч өвчин зовлонгүй болгох арга юм. Сэтгэл амгалан бол хаана ч байсан аз жаргалтай, сэтгэл тайван бус бол диваажинд байлаа ч зовлонтой…


-Аливаа өвчинд бясалгал яаж тусаа өгдөг вэ. Бясалгал хийгээд өвчнөө эдгээсэн ид шидийн гэмээр түүхийг хүмүүс ярьдаг л даа?

-Випашяна бясалгал сэтгэлийн өнгөн хийгээд гүн хэсгийг цэвэрлэж, сэтгэлээ ямар ч нөхцөлд тайван амар амгалан тэгш байлгаж сэтгэлийн ноён нурууг хөгжүүлж өгдгөөрөө гайхалтай. 10 хоногийн бясалгалыг сэтгэлд хийдэг мэс засал гэж нэрлэж болно. Орчин үеийн шинжлэх ухаан хүний биед мэс засал хийхээс биш сэтгэлийн мэс заслыг хийж чадахгүй байгаа…Бид биeийнхээ хирийг угааж мэддэг харин сэтгэлийн хирээ угааж мэддэггүй. Харин випашяна бясалгал танд сэтгэлээ барьж аваад хэрхэн угааж муу муухайг нь хэрхэн арилгаж болох аргыг зааж өгдөг юм. Хүн сэтгэлийн амьтан. Аливаа өвчин сэтгэлийг дагаж явах нь бий. Биений өвчин дээр сэтгэлийн өвчин нэмэгдэхээр өвчин хүндэрдэг. Бие өвдөхөд эм хэрэгтэй бол сэтгэл өвдөхөд юу илааршуулах вэ. Випашяна бясалгал хийсэн хүн ямартаа ч сэтгэлээр өвдөхөө байчихдаг. Аливаа нэг өвчний 80 хувь сэтгэлээ дагаад арилчихдаг, үлдсэн 20 хувьд нь эм, тариа гэх мэт зайлшгүй хэрэгтэй зүйл тус болно гэж тайлбарлаж болох байх. Нэгэн жишээ хэлье. Өвдөг нь өвддөг өндөр настан бясалгалд яваад эмчид үзүүлтэл өвдгөнд нь ургасан яс хайлчихсан байсан гэх мэт ид шидийн гэмээр үр дүн олон гардаг. 10 хоногт сэтгэлийн өнгөн хэсгийн тайвшрал, гүний хэсгийн тайвшрал хоёрыг олсон аз жаргалыг үгээр илэрхийлэх аргагүй. Хүн яг өөр дээрээ л мэдэрнэ. Аз жаргалыг мэдрээд ирэхээрээ өөрийн эрхгүй хүн бусад хүн ийм болоосой гэж хүсдэг. Бусдыг хайрлаж энэрч эхэлдэг. Гол нь хүн өөрийгөө хайрлаж сурдаг. Эхний 10 хоногт сэтгэлээ нэг сайн угааж цэвэрлэж авсан бол цаашдаа бясалгалаа тогтмол хийснээр эрч хүчтэй, эрүүл, сэтгэлийн тэгш амгаланд очдог. Эмийг зөв уудаг хүнд эм тус болдог шиг бясалгалыг тууштай, зөв хийсэн хүнд тусаа өгнө гэдгийг ойлгох хэрэгтэй. 

-Випашяна бясалгал бусад бясалгалаас ялгагдах гол онцлог нь юу вэ?
-Випашяна гэдэг нь “бодит үнэнийг байгаагаар нь харах” гэсэн утгатай үг юм. Випашяна бясалгал нь өөрийгөө ажиглах замаар сэтгэлээ ариусгах учир үндэслэлтэй арга. Хүмүүн бээр цаг үргэлжид сэтгэлийн тэнцвэрээ алдан, уур уцаар, харуусал гуниг, хүсэл шунал зэргийг үүсгэснээс болж шаналан зовж байдаг. Зөвхөн өөрөө зовоод зогсохгүй өрөөл бусдыг ч гэсэн зовоосоор байдаг. Мэдээж хэрэг энэ нь зөв амьдрах арга зам биш нь тодорхой. Випашяна бол Энэтхэгийн хамгийн эртний бясалгалын арга юм. Энэхүү бясалгалыг 25 зууны тэртээ Бурхан багш Гоутам бээр хүн төрөлхтнөө нээн илрүүлсэн бөгөөд энэ нь түүний 45 жилийн турш заан сургаж, номлож байсан бүх сургаалын гол үндэс нь юм. Бурхан багш нирваан дүр үзүүлсний 500 жилийн хойно Випашяна бясалгал Энэтхэг орноос устан алга болсон гэж түүхэнд тэмдэглэгдсэн. Харин зөвхөн Бирм улсад бясалгалд чин сэтгэлээ зориулсан багш нарын уламжлалаар өнгөрсөн хоёр мянган жилийн турш үеэс үе дамжин ариунаар хадгалагдан иржээ. Энэхүү уламжлалын Их багш С.Н.Гоенка 1969 оноос энэ бясалгалыг дэлхий дахинд дахин дэлгэрүүлсэн. Өдгөө Их багш С.Н.Гоенка багшийн тусаар Энэтхэгт төдийгүй дэлхийн 130 гаруй оронд түгээн дэлгэрээд байна. Одоо дэлхий даяар улам эрчимжиж байгаа нь энэхүү бясалгалд шашны ямар нэгэн нөлөөлөл байхгүй, шинжлэх ухааны үндэслэлтэй, үр дүн нь хийж хэрэгжүүлсэн хэн бүхэнд шууд өөрт нь мэдрэгддэг учраас ихээхэн түгж, сонирхох болсон. Дэлхий нийт XXI зуунд мэдээллийн эрин үетэй хөл нийлсэн. Сошиал интернэтээр мэдээлэл хүчтэй тархах, тэр дотроо муу сөрөг мэдээлэл илүү тархалттай байгаа нь дэлхий нийтийн 90 гаруй хувийг стресс дунд байлгаж байна гэсэн тоо баримт байдаг. Ийм эрин үед амьдарч буй монгол хүний хувьд ялгаагүй л стресс бухимдлаас яаж салах вэ гэдэг дээр арга зам хайж байна. Олон төрлийн бясалгал дотроос эцэстээ випашяна бясалгал нь сэтгэлийг жинхэнэ гүнээс нь цэвэрлэж чадна. Манай бясалгал нь ямар нэгэн сурталчилгаа хийгддэггүй, амнаас ам дамжиж явдаг. Хүн биеэс, сэтгэлээс тогтсон. Бид биенийхээ хирийг угааж арилгах аргаа сайн мэддэг. Сэтгэлийн хирийг хүн бүр угааж мэддэггүй. Сэтгэл гэдэг гарт баригдах зүйл биш. Сэтгэлийн хирийг арилгадаг арга хүн төрөлхтөнд олдсон нь випашяна бясалгал. Бие цогцос, оюун ухаан хоёр нь зоосны хоёр тал.


-Баримталдаг үндсэн дүрэм нь юу байдаг вэ. Монголд дэлгэрээд хэр хугацаа өнгөрч байна вэ?
-Анх 1997 онд випашяна бясалгал Монголд орж ирсэн. Монголчуудаас анх випашяна бясалгалд суусан хоёр хүний нэг нь би. 1991 онд Энэтхэгт сургуульд суралцаж байхад манай анд маань Энэтхэгийн Хүннү овгоос гаралтай профессор багш бясалгалын хичээл явах гэж байна гэнэ хоёулаа сууя гэж хэлж байсан. Би бясалгалын сайн сайхныг мэдэрчхээд 1997 онд Монгол руу бясалгалыг яг тогтсон дүрмээр нь оруулж ирсэн. Хэсэг хугацаанд би гэр бүлийн хамт АНУ-д ажиллаж амьдарч байгаад ирснээс хойш буюу 2004 оноос Энэтхэгээс Гоенка багш маань намайг бясалгалын багшаар томилж Монгол дахь бясалгалыг хариуцах саналыг тавьсан юм. Багш нар бид ард түмэндээ энэ сайн сайхан бясалгалыг цэвэр ариунаар нь хүргэх ёстой. Үүнд, бясалгалд явж буй хүмүүсээс хураамж мөнгө авч болохгүй, харин бясалгалд сууж ач тусыг биeэр мэдэрсэн хүмүүс өөрийн боломжоорооо сэтгэлийн өглөг өргөл болно. Бурхны заасан тэр л байдлаар нь заадаг учраас цэвэр ариун байдлыг хадгалах нь маш чухал юм.Тиймээс Ширэндэв гэдэг хүний бясалгал биш. Бурхан Будда багшийн хүн төрөлхтөнд үлдээсэн гайхамшигт зүйлийг аль ч орны ямар ч шашинтай хүн хүртэх эрхтэй. Випашяна бясалгалыг заахдаа яг дүрмээр нь буюу 10 хоногийн хугацаанд, заах аргачлал нь улс орнуудад яг адилхан байдаг. Бясалгалд суусан, ойлгосон, биеэрээ мэдэрсэн хүний сэтгэлээсээ өгсөн өглөгөөр дараачийн хүмүүсийг хамруулах боломжийг олдог. Яагаад сэтгэлээс гарах өглөгийг чухалчилж байна вэ гэвэл хүний сэтгэлийг мөнгөөр хэмжишгүй юм. Бурхны сургаалд ч тэр мөнгөөр илэрхийлэх нь хориотой байдаг. Манай Монголд Нийслэл Улаанбаатар хот, есөн аймаг, зургаан хорих ангид гэх мэтээр салбарлан үйл ажиллагаа явж байна.


-Шоронд хоригдож буй хүмүүс бясалгалд явснаар дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх гэх мэт эерэг үр дүн судалгаагаар гарсан байна лээ?
-Хорих ангид хоригдож буй хүмүүсийн 97 хувь нь 18-35 насны залуучууд байна. Яагаад шоронд оров гэдгийг судлаад үзэхээр хүүхэд насны хүмүүжилтэй зайлшгүй холбоотой байдаг. Хүн бүр хүүхэд насыг туулдаг. Хүүхдэд асуудал байгааг олж харж, тухайн үед тулгарсан асуудлыг нь хуваалцаж чаддаггүйгээс том хүн болоход сэтгэл зүйн цав үүсдэг. Хүүхэд өөрт тулгарсан тухайн жижиг ч бай том ч бай асуудлыг хуваалцах, ярилцах гэхэд багш, эцэг, эхчүүд томчууд хайхардаггүй орхидог. Ингээд асуудлаа илэрхийлж чадахгүй явсаар яваандаа хямралаа дотроо хурааж эхэлдэг. Хэнд ч хэлээд намайг ойлгодоггүй юм чинь хүнд хэлээд яах вэ дээ гэж бодох цагаас аюул эрсдэл үүсэх сэжим болдог. Ингээд шилжилтийн насандаа ирээд архи, тамхи, хар тамхи, буруу үйлд автах гэх мэт эрсдэлд ордог. Бидний туршлагаар хүүхдүүдэд бясалгалын хичээлийг явуулж, нэн хэрэгтэй гурван гол чухал зүйлийг зааж эхэлсэн байгаа. Эхнийх нь ёс суртахууны таван зарчим буюу амьтан алахгүй байх, худлаа хэлэхгүй байх, хулгай хийхгүй байх, архи тамхи буруу хэвшилд автахгүй байх, бэлгийн харьцаанд орохгүй байх гэсэн таван зүйлийг багаас нь ухааруулж ойлгуулах нь зөв юм. Эцэг эхчүүд хүүхдүүддээ үүнийг ухааруулж ойлгуулдаг байх хэрэгтэй. Хоёрт нь, анхаарлаа төвлөрүүлж сэтгэлийнхээ эзэн болж сурах анхаарал төвлөрүүлэх дасгалыг зааж өгдөг. Төвлөрөл сайн явагдахын хэрээр ой тогтоолт сайжирна, сэтгэл тайвширч стрессээс салж төлөв даруу болж, өөрийгөө илэрхийлэх чадвар хөгждөг. Гурав дахь нь, бусдыг хайрлах энэрэх аргыг заадаг. Энэ гурван аргыг суралцсан хүүхдүүдэд сургуулийн хүрээнд нь багш өглөө хичээлээ эхлэхээс өмнө 10 минут, хичээл тарахын алдад 10 минут хэвшүүлээд явчих аваас суралцах чадвар, зөв хүн байх гэх мэт эергээр өөрчлөгдөөд ирдэг. Энэ аргыг хэрэгжүүлж буй дэлхийн олон улс орны сургуулиуд байна. Бид Боловсрол, шинжлэх ухааны яамтай ярилцаж, энэхүү хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлэхээр санаачилга дөнгөж гаргаад байна. Мэдээж бидний хойч үр хүүхдүүдийн оюун ухаан боловсролд нэвтрэх энэхүү асуудлыг маш нухацтай авч үзэн, зөв байдлаар нь хэрэгжүүлэхгүй бол шашны урсгал энэ тэртэй хольж ойлгох тал одоохондоо бас гарч магадгүй гэж эмээж байна.


-Та орчуулагчийн хувьд Ганжуур, Данжуурын хөлгөн судрыг бурхны эх хэл болох эртний Энэтхэгийн пали хэлнээс орчуулж байгаа гэв үү? 
-Энэ тухай ярихаас өмнө уламжлалын тухай ярья. Хорвоо дээр заларсан бурхад випашяна бясалгал хийж гэгээрсэн байдаг. Гэгээрээд тэр сайхан аргыг хүн төрөлхтөнд үлдээсэн. Аз жаргалтай амьдрахын талаар сургаал айлдахад түр зуур сэтгэл тайван болохоос биш сэтгэлийн хирээс бүрэн ангижруулж төгс амгаланд хүргэдэггүй. Харин тэр сэтгэлийн амар амгаланд хүргэх практик аргыг випашяна бясалгал /www.byasalgal.mn/ заадаг. Энэ аргыг таарсан хүмүүстээ ойлгуулах гэж сургаал ном айлдаад явсан нь Ганжуурын судрууд юм. Тэр зарлигийг сүүлд хүмүүс ойлгохгүй байсан учраас Энэтхэгийн эрдэмтэд тайлбарласан нь Данжуур юм. Өөрөөр хэлбэл, шастирын орчуулга. Миний хийсэн муу үйлээс болж би зовдог, сайн үйлээс би жаргадаг. Миний зовох жаргах надаас болдог. Гол буруутан нь би өөрөө. Түүнийг сайн ойлгуулахаар түүнээс яаж ангижрах, муу үйл хийхгүй болох вэ гэдэгт випашяна бясалгал хөтөлдөг. Энэтхэг хэлэнд Ганжуур, Данжуурыг Трипитака буюу гурван сав аймаг гэдэг. Бурхан багш хорвоод амьдрахдаа гурван төрлийн зүйлийг айлдсан. Нэг нь судрын аймаг. Уулзсан хүмүүс, энгийн хүмүүст айлдсан сургаал. Винайн аймаг гэдэг лам хуврагуудад сахил санваартай холбоотой айлдсан судрууд нь. Абхидхарамын аймаг нь бясалгал хийгээд хүрдэг шатуудыг системтэйгээр ойлгуулсан. Энэ шатанд хүрвэл ийм болдог гэсэн гэгээрлийн шат хүртэлх замыг тайлбарласныг хэлж буй юм.


-Тэгэхээр Ганжуур, Данжуур хийгээд випашяна бясалгал хоёр харилцан хамааралтай байх нь ээ? 
-Бурхан багш бүх хүн төрөлхтөнд хэрэгтэй сургаал номыг айлдсан. Харин випашяна бясалгал сэтгэлийнхээ хирийг арилгах практик аргыг зааж өгдөг. Бурхны заасан сургаал нэг ёсондоо онол, практик хоёр байдаг. Онол нь Ганжуур судар. Практик нь випашяна бясалгал. Нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Дорно дахины сургаал номлолууд дандаа практикаас гарсан онол байдаг. Дорно дахиныхан практик хийгээд тодорхой шатанд хүрсэн хүмүүс. Түүнтэй адил бурхны айлдсан бүхэн дандаа практикаас гарсан сургаалууд. Тиймээс Ганжуур, Данжуурыг уншсан төдийхнөөр бүрэн ойлгохгүй. Практик випашяна бясалгал хийвэл илүү гүн ойлгоно. Ганжуурын судруудыг МЭӨ 5 зуунд Бурхан пали хэлэн дээр айлдаж МЭ-ны 1 зуунаас Самгард хэлэн орчуулагдаж тэр л самгард эхээс МЭ 9-12 зууны хооронд Төвд хэлнээ орчуулагдаж тэр Төвд эхээс МЭ 17-18 зууны үeд их хаадын оролцоотойгоор Монгол хэлнээ орчуулж хуучин Монгол бичгээр барлаж хэвлэсэн юм.Ийн олон зуун дамжин олон хэлээр орчуулагдсан шалтгаан хийгээд сүүлийн 70 жил бид эртний шашны хэл соёлоо гээсний улмаас одоогийн лам хуврагуудын Орчин цагийн Монгол хэлнээ буулгасан ном судруудыг эгэл ард түмэн ойлгохгүй байна. Уншихаар Монгол хэл байвч ойлгогдохгүй юм хэмээн өгүүлж байна. Тиймээс бид МЭӨ V зууны үeд Бурхны айлдсан Бурхны өөрийн хэл болох Пали хэлэн дээрх оригнал бүх судруудын 140 ботийг Монголд залан ирж пали хэлнээс монгол хэл рүү орчуулж байна. Одоо найман боть орчуулж гаргасан байна. Эхний гурван боть буддын библи гэж үзэгддэг Дхаммапада буюу номын бадаг бөгөөд түүний цогц тайлбар юм. Мөн дараагийн 5 боть нь Бурхан Буддагийн урьд төрлийн 550 төрлийн түүхийг өгүүлсэн судрууд бөгөөд эдгээр 8 боть одоо орчуулагдан хэвлэлтээс гараад байна. Эдгээр ботиудыг авч уншихыг хүсвэл 8087-3818 утсаар холбогдон гэртээ хүргүүлэн авч болох юм.


-Бурхан шашин, бясалгал хоёр ямар холбоотой вэ?
-Бурхны сургаал бол мунхрал биш. Муу үйл хийвэл тэр үйлийн үр дагавар муугаар ирнэ, сайн үйл хийвэл сайн үйлийн үр жаргаланг авч ирнэ гэсэн үйлийн үрийн хуулийг ойлгуулсан гайхамшигт цогц төгс сургаал юм.Шашин гэдэг үгийг religion гэж ойлгож байна.Үнэндээ шашин гэдэг нь сургаал гэсэн утгатай энэтхэг үг юм. Бурхны заасан сургаал нь ёс суртахууны 5 зарчим эрхэмлэж биe болон хэлээр нүгэлт үйл хийхгүй байх, анхаарлаа төвлөрүүлж самади-сэтгэлийн гүн төвлөрлийг хөгжүүлж, сэтгэлийн эзэн болгохыг заадаг. Мөн сэтгэлийнхээ хир буртгийг билгүүн хөгжүүлэх замаар гүнээс нь ариусгах явдал юм. Бурхан гурван зүйл заасан. Нүглийг битгий үйлд, буяныг хотол чуулган болго, өөрийн сэтгэлийн хирийг цэвэрлэ гэдгийг заасан. Бурхны заасан энэ гурван зүйл бол шашин биш юм. Муу үйлийг битгий хий, сэтгэлийнхээ эзэн бол, сэтгэлийн хирийг арилга гэж байна. Бүх төрлийн шашны энэ шим нь ижилхэн байдаг.. Буддын шашин, Есүс, Аллах ч бай аль аль шашин юу заадаг вэ гэвэл нүгэлт үйл үйлдэхгүй бай, сэтгэлийнхээ эзэн бай, сэтгэлийнхээ хирийг арилгаж өгөөмөр бай гэдгийг нь сургаалддаг.


-Бясалгалаар хүн төрөлхтнийг гэгээрүүлж болох аваас өмнө нь нийгэм яагаад гэрэлтэй гэгээтэй байж ирсэнгүй вэ. Энэ асуулт бясалгагч та бүхний амыг асууж байгаа хэрэг биш шүү?
-Випашяна бясалгал 5000 жил оршин тогтноно гэж сударт заасан нь бий. Энэхүү бясалгалыг дэлгэрэх цагийг хоёр хувааж үздэг. Анхлан дэлгэрэх 2500 жил. Хоёр дахиа дахин дэлгэрэх 2500 жил. Дэлгэрч буй эхний 500 жилийг яг цэвэр байдлаараа дэлгэрэх цаг гэж үздэг. Түүхэнд Энэтхэгт МЭӨ V зуунаас МЭӨ I зуунд буюу эхний 500 жилд гэгээрсэн хүмүүс маш олон байсан. Одоо 1955 оноос эхлэн хоёр дахь удаагаа хүчтэй дэлгэрэх 500 жил нь эхэлчихсэн явж байна. Бидний амьдарч байгаа галавыг сайн галав гэж ярьдаг. Энэ сайн галавт таван бурхан хорвоо дээр залрах ёстой. Таван бурхны дөрөв нь заларчихсан. Бурхад хорвоод залардаг учир нь стресстэй амьдарч байгаа хүн төрөлхтөнд тайван амгалан амьдрах аргыг зааж өгдөг. 
Одоо ийнхүү 1955 оноос эхлэн явж буй 500 жилийн дотор бясалгал хийж гэгээрэл ариусалд хүрсэн асар олон хүн төрж гарах нигуртай. Ийм эрин үед амьдарч байгаа нь бид маш азтай хүмүүс. Монголчууд түүхэн эх сурвалжаасаа харахад МЭӨ III зуунд Хүннү гүрний үед энэхүү бясалгалыг хийдэг байсан юм билээ. Тухайн үед Энэтхэгээс лам нар ирж заасан байдаг.


-Дэлхий нийт сайн сайхан цаг руу явж байна гэдэг нь гэгээтэй сайхан мэдээ байна шүү?
-Тийм ээ. Бидний амьдарч буй цаг үед бясалгалын хүчээр гэгээрч ариуссан асар олон хүн төрөн гарах 500 жил хэдийнээ эхэлчихсэн. Хоёр дахиа дахин дэлгэрүүлэх үндсийг тавьсан Их багш Гоенка багш маань бурхан багшаас лүндэнтэй хүн. Бурхан багшийн лүндэнд бууснаар Бурхан багшаас хойш 2500 жилийн дараа Саття нэртэй бодьсадваа ирж энэ бясалгалыг Энэтхэгээс эхлэлтэйгээр дэлхийгээр түгээнэ гэж бичсэн байдаг. Гоенка багшийн нэрийг Саття Нарааяана Гоeнка гэдэг бөгөөд 1955 онд анхны бясалгалд сууж 14 жилийн бясалгасны дараагаар дэлхийгээр түгээсэн. Ийм цаг үед хүн болж төрнө гэдэг нь бид асар буянтай хүмүүс юм. Ийм үед бясалгалд сууж ямар гайхамшигтай болохыг мэдэрч болох нь. Монгол оронд, дэлхий даяар сайхан цаг ирж байна. Болохгүй зүйл дэлхий нийтэд, Монголд их гарч байгаа нь бороо орохын өмнө шуурга шуурдагтай адил гэж зүйрлэж хэлье. Асар гоё, амар амгалангийн бороо бидэн рүү ирж яваа. Бидний үр хүүхэд маш гоё нийгэмд амьдрах хувьтай төрсөн хүмүүс. Сүүлийн үед шинээр төрж буй хүүхдүүдийг шинжлэх ухааны үндэслэлээр гоц өөр хүүхэд төрж байна гэж нэрлэж буй нь урьд олон төрөлдөө бясалгал хийчихсэн, одоо энэ төрөлдөө гэгээрэх чадалтай хүүхдүүд төрж байгааг хэлж байгаа юм. Сайхан эрин үе эхэлчихсэн яваа нь энэ бясалгалтай холбоотой. Сэтгэлийн хир буртгийг арилгаж байж гэгээрэлд хүрдэг. Тэр хирийг төгс арилгадаг арга нь энэ бясалгал. Хүн битгий хэл тэнгэрүүд хүртэл хүн болж төрөх юм сан гэж атаархдаг цаг үе дээ. Учир нь энэ бясалгалаар бүх зовлонг арилгаж, мөнхийн жаргаланд хүрэх боломжтой.


-Та хэдэн жил бясалгал хийж байна вэ. Таны хувьд мөнхийн жаргалан, амар амгаланд хүрч чадсан уу?
-Би 1991 оноос хойш бясалгал хийж байна. Амар амгалан, сайн сайхан замд хүрэх юм байна гэдгийг мэдэрчихсэн, цаашаа яваад л байвал хүрэх нь тодорхой. Миний хувьд би ганцаараа сайн сайхан гоё зүйлийг мэдэрч тэгш амгалан амьдрах биш, хамтдаа олуулаа цугтаа сайхан руу явмаар байна. Дэлхий даяар 120 оронд сайн сайхныг түгээж буй бясалгалын 6000 гаруй багш одоо байгаагийн нэг нь би.