Энэтхэгийн хамгийн эртний бясалгал бол випашяна. Энэ бясалгалыг өдгөөгөөс 25 зууны тэртээ Бурхан багш Гоутам нээж байж. Випашяна бясалгал Бурхан багшийг нирваан дүр үзүүлснээс хагас мянганы хойно Энэтхэгээс устан алга болсон түүхтэй. Бирм улсад л цэврээрээ хадгалан үлдэж дэлхийд түгсэн випашянагаар монголчууд олноороо хичээллэж байна. Монголын випашяна судлалын төвийн тэргүүн Д.Ширэндэвтэй энэ бясалгалын талаар ярилцлаа.
-Бясалгал гэж юу вэ, яагаад заавал випашяна бясалгалыг хийх ёстой вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхэлмээр байна?
-Бурхан Буддагийн өөрийнх нь хийж байсан бясалгал. Дэлхийн бясалгалууд дандаа Энэтхэгээс гаралтай. Энэтхэгийн бясалгалуудаас хамгийн эртнийх нь. Бясалгал бол сэтгэлийн муухай бүхнийг арилгадаг бодитой арга. Бидний амьдарч буй галвыг сайн хэмээн тодотгодог. Энэ галавт таван бурхан залрах ёстойгоос дөрөв нь заларчихсан. Дараагийн залрах бурхан нь Майдар. Дөрөв дэх бурхан нь випашяна бясалгалыг нээсэн Гуатом. 2600 жилийн өмнө амьдарч явсан бодит хүн. Бодит хүн байсныг нь нотлох хэд хэдэн баталгаа бий. Гэгээрсэн хүний бие лагшинд нь галд шатдаггүй зүйл байдаг. Чандарлахад нь үлддэг ийм зүйлийг лагшин шүтээн гэж ярьдаг л даа. Бурхан багшийн лагшин шүтээн байна. Бурхан багшийн заасан сургаалыг багтаасан Ганжуур, Данжуур судар хүн төрөлхтөнд үлдсэн. Гурав дахь нотолгоо нь та бид хоёрын ярьж суугаа випашяна бясалгал. Товчхондоо випашянаг хорвоо дээр заларсан бурхдын хүн төрөлхтөнд зааж үлдээдэг бясалгал гэж ойлгож болно.
-Бясалгаж байгаагүй хүн шууд випашяна бясалгал хийж чадах уу. Эсвэл эхлээд арай энгийн бясалгал хийсний дараа энэ бясалгалаар хичээллэх ёстой юу?
-Хүний ярьсныг ойлгодог л бол энэ бясалгалаар хичээллэх боломжтой. Маш энгийн. Хамраараа орж гарч байгаа амьсгалдаа анхаарлаа төвлөрүүл гэвэл хэн ч хийж чадна. Гэхдээ энэ бясалгал тун энгийн хэрнээ агуу зүйл рүү хөтөлдөг. Далайн эрэг дээр очихоор сэлчихмээр санагддаг даа. Урагш сэлэх хэрээр гүнзгийрдэг. Яг түүнтэй адил. Хичээгээд бясалгах тусам самадид шилжиж чадна. Сэтгэлийн гүндээ төвлөрөөд нэг хоёр цаг байх боломжтой. Итгэлт хамба гэхэд л самадид шилжсэн хүн. Сэтгэл нь тийм удаан хугацаанд төвлөрсөн гэсэн үг. Сэтгэл төвлөрөх хэрээрээ тайвширдаг. Энэ бол бурхан багшийн бясалгалын зөвхөн нэг хэсэг нь.
-Бясалгасан хүмүүс сэтгэлийн хувьд амар амгалан болж, стрессээ тайлж чадна гэдэг. Бясалгаснаар стрессгүй амьдрах боломжтой гэдгийг та энгийнээр тайлбарлаад өгөөч?
-Хүний сэтгэлийг компьютерээр зүйрлэе. Сэтгэлээ junk file-уудаар дүүргэчихээд яваад байна л даа. Сэтгэлийн гүнд байгаа тийм файлуудыг гаргах ганц арга бол бясалгал. Бясалгал хийвэл сэтгэлдээ үүсгэсэн junk file-аасаа салах боломжтой. Сэтгэлийн хоол бол бодол. Бясалгал хийж суугаа хүн шинэ бодол үүсгэхээ больдог. Яг ийм үед оюун ухаан хуучин бодлоо идэж эхэлдэг. Бясалгаж суугаа хүмүүс “Ямар сонин юм бэ, хар багын мартагдсан зүйл санаанд орлоо” гэж ярьдаг. Шалтгаан нь ерөөсөө л энэ. Бясалгах явцад хуучин бодлуудаас хэрэггүй нь устаад, хэрэгтэй нь үлдээд явдаг. Компьютерийн вирусийг форматлаж байгаа юм шиг процесс өрнөдөг. Төрснөөсөө хойш сэтгэлдээ үүсгэсэн бүх зүйлс хаашаа ч алга болдоггүй. Сэтгэлд чинь бүгдээрээ бий.
-Зарим хүн “Би зовлонтой дурсамжуудаа мартаж чадсан” гэж ярьдаг. Тэгэхээр таагүй дурсамж, мэдрэмжүүд хүссэн зоргоор алга болдоггүй гэсэн үг үү?
-Хэзээ ч алга болдоггүй. Хуримтлагдсаар байдаг.
-Танайд хандаж випашяна бясалгалд хамрагдъя гэвэл хаана хандах ёстой вэ?
-Манайд хандъя гэвэл www.byasalgal.mn гэсэн вэб сайт руу орж мэдээлэл авах хэрэгтэй. Үнэхээр бясалгая гэвэл энэ жилийн бясалгалын хуваарь гарчихсан. Өдрөө сонгоод бүртгүүлэх боломжтой.
-Арван хоногоор орчноосоо тусгаарлагдаж бясалгалд хамрагдана гэж байсан. Заавал ийм урт хугацаанд бясалгах ёстой юу?
-Арван хоног гэдэг нь цаанаа учиртай л даа. Бясалгал эхэллээ л бол бясалгагчид хоорондоо юм ярихгүй, гар утас, сонин, телевиз, компьютергүй гэхээр гайхдаг юм. Хүн гэдэг сэтгэл, бие гэсэн хоёр зүйлээс тогтдог. Биеэ хиртсэнийг бид мэддэг. Усанд ороод биеийн хирээ угаачихдаг. Бие хиртэж байгаа юм чинь сэтгэл ч бас хиртэх нь жам. Гэтэл бид сэтгэлийн хирээ угааж мэддэггүй. Випашяна бясалгалд суусан хэн ч сэтгэлийн хирээ угааж чадна. Өөрөөр хэлбэл бясалгал бол сэтгэлийн хирийг угаадаг ажил. Өнөөг хүртэл випашянад суугаагүй бол сэтгэлээ нэг ч удаа усанд оруулаагүй гэсэн үг. Тэр олон жилийн хирийг арван хоног тодорхой дэгтэйгээр, гаднах холбоонуудыг тасалж вакум орчинд аваачиж байж л арилгана. Жинхэнэ бясалгал ийм л байх ёстой. Ингэж байж л жинхэнэ утгаараа сэтгэл зүйн эмчилгээ болно. Өдөрт хоёр цагаар бясалгах төдийд арилгах боломжгүй л дээ.
-Огт ярихгүй гэхээр санаанд бууж өгөхгүй юм?
-Шаардлагатай тохиолдолд багштайгаа л ярих боломжтой. Бусдаар бол бие биетэйгээ харилцахгүй. Өмнө нь бясалгалд суусан хүмүүс бясалгагчдад хоол ундаар үйлчилдэг. Ариун цэврийн цаасаа мартсан гэх мэт материаллаг зүйлээ шийдэх хэрэгтэй бол тэр хүмүүстэй ярьж болно. Учир нь нэгэнт бясалгалд орсон бол гадагшаа гарах боломжгүй. Товчхондоо тэнд танд бясалгахаас өөр ажил байхгүй.
-Арван хоногийн турш өөр ямар дэг барих вэ?
-Ёс суртахууны таван зарчим гэж бий. Амьтан алахгүй, худал ярихгүй, хулгай хийхгүй, архи, тамхи хэрэглэхгүй, бэлгийн харилцаанд орохгүй гэсэн сахилыг мөрдөнө.
-Бясалгах хүмүүсийн нэг өдөр хэрхэн өнгөрдгийг сонирхуулаач?
-Өглөө дөрвөн цагт босч 04.30-06.30 цаг хүртэл бясалгана. 06.30 цагаас өглөөний цайгаа уучихаад 08.00 цаг хүртэл унтана. Арван хоногт бясалгал хийлгэж сэтгэлийг чинь амраана, байсхийгээд унтуулж биеийг чинь амраана. Арван хоногийн турш цагаан хоолоор үйлчилж ходоодыг чинь амраана. Жинхэнэ утгаараа амралт болдог гэсэн үг. Гэхдээ амаргүй амралт. Өчнөөн жил сэтгэлдээ хураасан хир буртгаа арилгах процесс яаж ч бодсон амар биш. Бие бодитой учраас барьж болно, сэтгэл бол барьж тэмтрэх боломжгүй эд гэж ярьдаг даа. Бясалгах арван хоногт бид сэтгэл барьдаг аргуудыг зааж өгдөг юм. Жишээ нь, сэтгэл барьж болдог зүйл гэдгийг шинжлэх ухаан нотлоогүй. Бясалгалын аргаар сэтгэлийг барьж болно. За тэгээд 08.00-11.00 цаг хүртэл бясалгана. Удаандаа нэг цаг л сууна. 11.00 цагаас өдрийн хоол идээд 13.00 цаг хүртэл ахиад унтаж амарна. Тэгээд 13.00-17.00 цаг хүртэл бясалгана. Мэдээж дунд нь амарч болно. 17.00 цагаас оройны хоолоо идээд 18.00 цаг хүртэл амарна. 18.00-19.00 цаг хүртэл ахиад бясалгадаг. Өглөөнөөс хойш бясалгаж практик хийж байгаа хүмүүст онолын маш олон асуулт гардаг. Тийм учраас орой 19.00-20.30 цаг хүртэл номын айлдвар хийдэг. Өдөржин хийсэн бясалгалынх нь онолыг тайлбарлаж өгнө. Тэгээд маргаашийнх нь бясалгалыг зааж өгдөг юм. Үдшийн 21.00 цагт унтаж амарна. Өдрийн дэглэм нь ийм зарчмаар явна.
-Арван хоногт яг яаж бясалгах вэ. Та түрүүн амьсгалаа ажиглахаас эхэлнэ гэж ярьсан. Өөр ямар аргууд зааж өгдөг бол?
-Эхний гурван хоногт сая таны ярьсан амьсгал орж гарч байгааг мэдрэх дасгал хийнэ. Хамартаа анхаарлаа төвлөрүүлээд амьсгалаа ажиглана. Сэтгэлийг хоёр хуваадаг. Сэтгэлийн өнгөн ба гүн хэсэг гэж. Дахиад компьютерээр зүйрлэе. Desktop, C, D диск гээд төсөөлчих. Олон жил бясалгаагүй хүмүүс бол вирустсэн компьютер. Өөрөөр хэлбэл оюун ухааныг нь форматлах гэж байна гэсэн үг. Сэтгэлийн өнгөн хэсэг буюу desktop дээр цөөхөн файл байна л даа. Тэр файлууд нь хүнийг стресстүүлж, тайван бус болгодог. Сэтгэлийн өнгөн хэсгийн асуудлыг шийдэх гэж амьсгалыг нь ажиглуулдаг юм. Энгийн ч гэлээ энэ дасгалыг хийх явцад анхаарал сарниад байдаг. Тэр утгаар нь эхний гурав хоногт амьсгалыг нь ажиглуулдаг. Өөрөөр хэлбэл ингэсний үр дүнд анхаарал төвлөрдөг. Анхаарал төвлөрөх дасгалыг хэдхэн цаг хийгээд төгс болохгүй. Мэдээж энэ дасгалыг эхлэх үед сэтгэл тогтож өгөхгүй л дээ. Нэг бол өнгөрсөн бодогдоно, эсвэл ирээдүй төсөөлөгдөнө. Яг одоодоо байж чаддаггүй. Бид өнгөрсөн, ирээдүйд амьдрах аргагүй. Одоо цагтаа л амьдрах учиртай. Тэгэхээр одоо цагт анхаарлаа төвлөрүүлж сурах хэрэгтэй. Анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байна гэдэг чинь сэтгэлээ удирдаж чадахгүй, сэтгэлдээ удирдуулаад яваагийн илрэл. Өөрөөр хэлбэл бидний оюун ухаан огт амрахгүйгээр 24 цагийн турш ажиллаад байдаг. Уг нь шөнө унтахад бие, сэтгэл хоёулаа амрах ёстой. Гэтэл бид биеэ амраачихаад, сэтгэлээ амрааж чаддаггүй. Шөнө унтсан хэрнээ цаанаа л нэг ядруу, сульдсан яваад байдаг нь сэтгэл амраагүйтэй холбоотой. Гурван хоног төвлөрөх дасгал хийхээр яваандаа төвлөрөөд ирдэг. Өөрөөр хэлбэл хорь, гучин жил амраагүй сэтгэл сая нэг амарч эхэлдэг. Амраад ирэхээр сэтгэлийн өнгөн хэсгийн муу файлууд устаад эхэлдэг л дээ. Оройдоо онолын хичээр сонсчихоор утгыг нь ухаад явчихдаг юм. Товчхондоо сэтгэлийнхээ боол биш, эзэн нь байх ёстой гэдгийг бясалгалын эхний өдрүүдэд ухаарч, мэдэрдэг.
-Дөрөв дэх өдрийн бясалгалаас хойш сэтгэлийн гүн дэх хэрэггүй файлуудыг устгаж эхлэх нь ээ дээ?
-Тэгнэ. Та түрүүн надаас асуусан даа. Хүний зовлонтой дурсамж мэдрэмжүүд мартагддаг уу гэж. Би танд мартагддаггүй, байсаар байдаг гэж хариулсныхаа учрыг одоо тайлъя. Хэцүү дурсамж, мэдрэмжүүд хүний оюун ухаанаас арчигддаггүй. Яг компьютер шиг, C, D рүү нь орчихсон байдаг. Хүнийг төрсөнөөс хойш өнөөг хүртэлх бүх мэдээлэл сэтгэлийнх нь гүнд бий. Амралтанд явж, агаар салхинд гараад хэцүү бүхнээ мартлаа, стресс тайлагдлаа гэдэг хэт өнгөц ойлголт. Зүгээр л дарагдаад дотогшилчихсон хэрэг. Випашянагаас бусад бясалгал сэтгэлийн өнгөн хэсгийг шийдэж, тайвшрал өгдөг. Сэтгэлийн гүнээ цэвэрлээгүй тохиолдолд яваандаа гүнээс гарсан сөрөг дурсамж, мэдрэмжийнхээ давалгаанд цохигдоно. Тэгэхээр дөрөв дэх өдрөөс ес дэх өдөр хүртэл випашянагийн гол бясалгал өрнөдөг. Сэтгэлийн гүн хэсэгт үүссэн стрессийн давхаргууд биенд мэдрэмж болж илэрдэг. Заримдаа халуу дүүгнэ, эсвэл загатнана, нэг бол эвгүйрхэнэ. Илэрсэн бүх шинж шалтгаантай. Стрессийн давхарга гэдэг нь буддын ухаанаар бол үйлийн үр. Сэтгэлдээ үүсгэсэн үйлийн үрийг хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл дөрөв дэх өдрөөс нь бүх биеэ дээрээс нь доош нь ажигладаг. Ажиглахдаа зүгээр л ажиглана. Бид аливааг ажиглахдаа хоёр үйлдэл хийх гээд байдаг. Сайхан зүйл мэдрэгдвэл гоё байна гээд, муухай мэдрэмж төрвөл тавгүйрхдэг. Бясалгах явцад сайхан, муухай гэж бүү бод, зүгээр л ажигла гэдэг. Учир нь биед үүсч байгаа мэдрэмж хэсэгхэн илрээд алга болдог. Биед үүсч буй мэдрэмж мөнхөд байдаггүй гэсэн ойлголтыг ашигладаг. Ихэнх хүн биеэ өвдөж эхэлснийг мэдрэнгүүтээ сэтгэлээрээ давхар өвдчихдөг. Амьсгал, сэтгэл хоёр холбоотой. Сэтгэл тавгүйрхэхээр амьсгал хурдсаад ирдэг. Тэгэхээр сэтгэлийн өнгөн хэсгийг амьсгалаар барьдаг, сэтгэлийн гүн хэсгийг биед үүсч буй мэдрэмжээр барьдаг. Шинжлэх ухаан ямар нэг арга хэрэглэж сэтгэлийг барья гэвэл энэ хоёр зүйлээр дамжуулж л барих боломжтой. Бүр энгийнээр хэлбэл арван хоногийн бясалгал товчхондоо сэтгэлд хийдэг мэс засал. Анагаах ухаан хүний биед мэс засал хийж байгаа шиг сэтгэлд ч мэс засал хийх боломжтой. Өөрөөр хэлбэл випашяна бясалгал хийснээр сэтгэлийн гүний амар амгаланг мэдэрч эхэлдэг.
-Сэтгэлийн гүн дэхээ цэвэрлэчихээр бясалгагчид ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ?
-Эхлээд бөөн асуудал, стресстэй орж ирсэн хүмүүс тэс өөр болчихдог. Хүн болж төрсөндөө баярлаж эхэлдэг. Випашянаг сонгосон хүмүүс бясалгах тусам салахаа больдог нэг онцлог бий. Улам дурлана шүү дээ. Нүд нь гэрэлтээд, инээд алдаад, хоорондоо ярьчих гээд өрөө их сайхан энергиэр дүүрдэг.
-Бясалгалын арав дахь өдөр ямар бясалгал заах уу?
-Нинж бясалгал зааж өгдөг. Хүн стресстэй яваа бол бусдын төлөө бодохтой манатай байдаг. Стресс нь арилчихаар бусдыг бодож эхэлдэг юм байна л даа. Би ийм гоё болчихлоо, одоо гэр бүлийн хүнээ суулгах сан, аавыгаа, ээжийгээ бясалгуулъя гэдэг. Бусдыг хайрлах сэтгэл аяндаа үүсдэг. Нинж сэтгэлийг хөгжүүлдэг аргыг сүүлийн өдөр заадаг нь ийм учиртай.
-Жигтэйхан сайхан болоод тарцгаадаг байх нь…?
-Үгээр илэрхийлэх аргагүй.
-Дараагийн шат гэж байх уу?
-Байна. Гурван удаа арав хоногийн бясалгалд сууж байж дараагийн шат руу ордог. Бурхан багшийн өөрийнх нь айлдсан судрын курс гэж бий. Найм хоног үргэлжилдэг. Дараа нь хорь хоногийн бясалгалд суух зөвшөөрөлтэй болно. Гэх мэтээр шат ахидаг.
-Дэлхийн буддистуудын дунд өргөн тархсан бясалгал гэж ойлголоо?
-Зөвхөн бурханы шашинтан гэхгүй. Бүх шашинтны хувьд тархсан бясалгал. Хүн бүр аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Тэр хүслийг нь өгдөг бясалгал. Бясалгалд суусан христ гэхэд л христ хэвээрээ гарна. Стрессгүй амьдардаг л христ болдог.
-Випашяна бясалгалын хэчнээн төв хэдэн улсад ажиллаж байна вэ?
-Дэлхийн 120 гаруй оронд 300 гаруй төв ажиллаж байна. Лалын орнуудад ч ажилладаг. Иран, Израилд байна.
-Випашяна бясалгалыг хорих ангиудад зохион байгуулдаг гэж сонссон. Үр дүнг нь сонирхуулаач?
-Одоогоор 1350 орчим хоригдол хамрагдсан. Нийтдээ 6000 гаруй хүн хоригдож байгаа гээд бодохоор бага биш тоо. Хоригдлууд хамгийн мундаг бясалгагчид. Зовж яваа хүмүүс илүү сайн хийдэг юм байна. Випашяна бясалгалд хамрагдсан хоригдлууд ахиж гэмт хэрэг хийхгүй байгаа гэсэн үр дүн бий. Хорих ангиуд манай бясалгалын хөтөлбөрийг авах гэж уралддаг болоод байгаа.
-Танай төв хүүхдийн бясалгалын хөтөлбөртэй. Хүүхдүүд бясалгана гэхээр зарим хүн гайхаж мэдэх юм. Зайлшгүй шалтгаан байна уу?
-Байлгүй яахав. Хүүхэд нас сайхан, инээгээд гүйж байгаа тэдэнд ямар асуудал байхав гэж хардаг хүмүүс олон. Тийм биш л дээ. Хүүхэд бүр өөрийн гэсэн ертөнцтэй. Бүгд асуудалтай. Сэтгэлийн хир, таагүй мэдрэмж бүр багаас хуримтлагдаж эхэлдэг. Цэцэрлэгт гүйж яваа нөхөр ангийнхаа охинд дурлалаа, гэтэл өнөөх нь тоодоггүй. Энэ асуудал шүү дээ, тэр жаахан хүүд. Багшдаа загнуулаад хямарна, ангийнхаа хөвгүүдэд зодуулаад уйлна. Ийм маягаар сэтгэлийн стресс эхэлдэг. Хүүхдээ ийм үг сонсоод тайвшруулж тайтгаруулдаг аав, ээж цөөн. Ажил ихтэй учраас сонсохоос төвөгшөөдөг. Ийм дэмий юм ярихаар хичээлээ хий гэж загнаад өнгөрдөг. Ингэж явсаар жаахан томроод ирэхээрээ хүүхэд чимээгүй болчихдог. “Манай хүү багадаа жигтэйхэн сэргэлэн байсан чинь одоо бүр таг дуугүй болчихсон” гэж ярьдаг даа. Энэ бол асуудал, аюул. Сэтгэлийн стресс нь хуримтлагдсаар яваад хэн ч тоохгүйг мэдрээд хувиа бодоод эхэлдэг. Эцэст нь өсвөр насандаа ч юм уу тэсэрдэг. Тэсрэхээрээ тамхи татна, архи ууна, бүр даамжирвал гэмт хэрэгт орооцолддог. Хүүхдээ ийм асуудалд оруулахгүйн тулд аврах арга бий. Хүүхдийн бясалгал хичээллүүлдэг нь ийм учиртай. Мэдээж арав хоногоор орохгүй. Тодорхой цагуудын бясалгал бий. Анхаарал төвлөрлийн бясалгал зааж өгдөг юм. Бид хүүхдэд ямар ч шашин гэхгүйгээр гуравхан зүйл зааж өгдөг. Ёс суртахууны таван зарчим хэлж өгнө. Хэлэхээр хүүхэд маш сайн ойлгож, их гоё хүлээж авдаг. Хэлэхээр болохгүй гэж ойлгоод буруу зам руу ордоггүй. Хоёр дахь нь анхаарал төвлөрүүлэх бясалгал, гурав дахь нь бусдыг хайрлах энэрэх сэтгэлийг хөгжүүлэх арга. Хүүхэд аливааг сэтгэлээсээ хийдэг учраас маш өндөр үр дүнтэй байдаг.
-Бясалгал хийхээр хүүхдийн сурлагад сайнаар нөлөөлдөг гэсэн мэдээлэл уншсан юм байна. Хэр бодитой мэдээлэл вэ?
-Бодитой мэдээлэл. Анхаарал төвлөрөл сайжрахаар хүүхдийн сурлага сайжирдаг.
-Хүүхдээ бясалгалд хамруулъя гэвэл хаана хандах вэ?
-Одоогоор тодорхой сургууль, цэцэрлэгүүдэд хязгаарлагдмал хүрээнд хийж байна. Бид хөтөлбөр боловсруулж, салбарын яамтай ярьж байгаад нийслэлийн бүх сургуулийн хэмжээнд явуулахаар төлөвлөж байгаа. Энэ ажил удахгүй эхлэх байх. Ийм хөтөлбөр хэрэгжүүлэх санаа шоронд бясалгал явуулах үед төрсөн л дөө. Тэнд дандаа залуус байна. 6000 хүний 90 орчим хувь нь залуус гээд бод доо. Хүүхэд насанд нь анзаараагүйгээс л үүдсэн хэрэг.
-Танай төвөөс зохион байгуулдаг бясалгал үнэ төлбөргүй. Хаанаас яаж санхүүждэг вэ?
-Бясалгалд хамрагдаж үр дүнг нь мэдэрсэн хүмүүсийн хандив тусламжаар явдаг. Өөрөө гоё болсон хүнд хүнийг сайхан болохыг харахаас илүү гайхамшиг байдаггүй л дээ. Випашяна бясалгал дэлхий дээр яг ийм зарчмаар дэлгэрч байгаа. Бурхан багшийн үед ч тийм байсан.