Саяажи Уба Хин (1899-1971)

Саяажи Уба Хин 1899 оны 3 дугаар сарын 6-нд Бирмийн нийслэл Рангүүн хотын ажилчин ангийн дүүрэгт эгэл нэгэн гэр бүлийн удаахи хүүхэд болон мэндэлжээ. Тэр үед Дэлхийн II дайны дараахи хүртэл үргэлжилсэн Британийн засаглал Бирмд тогтсон байсан тул Англиар сайн ярьж сурах нь ажил олж хийхэд маш чухал байсан юм. Уба Хинийг найман настайд нь ойролцоох үйлдвэрийн ахимаг насны нэгэн хүн Методистын дунд сургуульд элсэн оруулсан нь тус болжээ. Хүү Англи хэлний дүрмийн номоо нэгбүрчлэн цээжилж, чандлан тогтоох чадвартай авъяаслаг сурагч болохоо харуулсан. Уба Хин жил бүр онц суралцан дунд сургуулийн тэтгэлэг хүртэж байжээ. Бирм багш нар нь Гэгээн Паулын Сургуульд ороход нь тусалж, хүү ч тэндээ үргэлж тэргүүлсээр байлаа. 1917 оны 3 дугаар сард Уба Хин ахлах сургуулийн төгсөлтийн шалгалтаа өгч, алтан медаль, дээд сургуулийн тэтгэлгээр шагнуулсан боловч түүний гэрийхэн сурахы нь болиулж, мөнгө олуулах гэж хүчилжээ.
Бирмийн “Нар” гэдэг сониноос ажлынхаа гарааг эхэлсэн Уба Хин удалгүй Бирмийн санхүүгийн ерөнхий газар нягтлан бодогчоор ажиллаж эхлэв. Тэр үед төрийн албан хаагчдын дийлэнх нь англи, энэтхэгчүүд байсан тул цөөн хэдэн бирм хүн л энэ газарт ажиллаж байлаа. 1926 онд Энэтхэгийн орон нутгийн захиргаанаас авсан санхүүгийн үйлчилгээний шалгалтад тэнцээд, 1937 онд Бирм Энэтхэгээс салан тусгаарлах үед анхны тусгай газрын ахлагчаар томилогджээ.
Саяажи анх бясалгал хийсэн нь 1937 оны нэгдүгээр сарын нэгэн байлаа. Саяа Дажигийн шавь, бясалгалын багш, газрын эзэн нэгэн ирж, Уба Хинд Анапана бясалгалыг тайлбарлаж өгөв. Саяажи үүнийг туршиж үзээд сайн төвлөрч чадсандаа урамшин хичээлд гүйцэд суухаар шийдэж, 10 хоногийн чөлөө аваад Саяа Дажигийн сургалтын төвийг зорьлоо. Удирдах газраасаа гэнэт явсан нь Випассанад суралцах Уба Хинийг турших шалгуур боллоо. Анапанаг туршсаны нэг 7 хоногийн дараа л бясалгал хийх гэсэн хүсэл нь оргилж, Пабэжи дэх Саяа Дажигийн төвөөд одсон юм.
Пабэжи жижиг тосгон Рангүүнээс чанх урд Рангүүн гол гатлаад, хэдэн бээр будааны талбайн цаана оршино. Хотоос ердөө найман милийн зайтай ч ургац хураахын өмнөх намагтай талбай илүү урт мэт санагдуулж, багахан тэнгис гатлахын дайтай болжээ. Уба Хин Рангүүн голыг гатлах үед түрлэг бага, хөлсөлж авсан сал нь Пабэжитэй холбогдох цутгалангаар Пиарсу тосгонд буюу замын талд нь л аваачиж дөнгөлөө. Саяажи өвдгөө хүртэл намагт шигдэж, голын эрэг өөд авиран гарав. Талбай дундуур туучин үлдсэн замаа явган алхсаар ирэхэд хөлд нь шавар зууралдсан байлаа.
Тэр шөнөө Уба Хин, Лэди Саяадавийг шүтэгч өөр нэгэн Бирм оюутантай Саяа Дажигаар Анапанаг заалгажээ. Хоёр шавь түргэн сайжирч, маргааш нь  Випассанад суралцсан юм. Эхний 10 хоногийн хичээлээ сайн дүүргэснээс хойш Саяажи Саяа Дажигийн төвд тогтмол ирж уулздаг болж, Рангүүн рүү буцаж очоод ажлаа хийсээр байв.
Саяажи албан өрөөндөө орж ирэхэд ширээн дээр нэгэн дугтуй байлаа. Ажлаас халах шийдвэр байх гэж бодтол Бирмийн ерөнхий хянах шинэ газарт тусгай албаны удирдлагад тушаал дэвшүүлсэн байсанд ихэд гайхлаа.
1941 онд энэ насанд нь ихэд тус болох азтай завшаан Саяажд тохиосон юм. Бирмийн засгийн газрын дээд тушаалд байхдаа бясалгалын дээдийг эзэмшсэн Вэбү Саядав ламтантай уулзжээ. Ламтан Уба Хиний бясалгах чадварыг бахдан сайшаагаад багшлан заахыг ятгасан нь Уба Хиний хувьд анхны тохиол байлаа. Энэ түүхэн уулзалт болоод энэ хоёр онцгой хүний цаашдын харилцааны тухай “Вэн Вэбү Саяадав, Саяажи Уба Хин хоёр” гэсэн нийтэл бичжээ.
Уба Хин Вэбү Саяадавтай анх уулзсанаасаа хойш арваад жилийн хугацаанд албан ёсоор багшилж эхлээгүй юм. Саяа Дажи түүгээр мөн Випассана заалгахаар дэмжиж байжээ. Япончууд Бирмийг эзлэх үеэр Саяа Дажи Рангүүнд төрийн алба хаадаг шавийндаа иржээ. Гэрийн эзэн болон бусад шавь нар нь ойр ойрхон ирж байхыг гуйхад Саяа Дажи: “Би бол тодорхой үед л уулзаж болдог эмч адил. Харин Уба Хин ямар ч үед байдаг сувилагчтай ижил юм” гэж хариулжээ.
Саяажи төрийн албаа дахиад 26 жил хааж, 1948 оны 1 дүгээр сарын 4-нд Бирм тусгаар тогтнолоо олох үед Ерөнхий эдийн засагч болсон байв. Дараагийн 20 жил засгийн газарт янз бүрийн алба хашиж байснаас ихэнхи үед нь хэлтсийн даргатай тэнцэх хоёроос дээш албан тушаалтай байсан юм. Гурван өөр хэлтсийн даргыг гурван жил хийсэн үе байхад 1 жил хиртэй дөрвөн хэлтсийн ч даргаар ажилласан үе ч бий. 1956 онд Улсын хөдөө аж ахуйн борлуулалтын удирдах зөвлөлийн даргаар томилогдох үед нь Саяажид “Трай Ситу” буюу хүндэт дээд цолыг олгожээ. Саяажи сүүлийн дөрвөн жилээ л бясалгал заахад бүрэн зориулсан юм. Бусад цагт төрийн албаны зүтгэл, бясалгалын ур чадвар, гэр бүлийн үүрэг хариуцлагаа зэрэг биелүүлж байжээ. Тэрбээр таван охин, нэг хүүтэй гэрийн эзэн байлаа.
1950 онд Санхүүгийн төв газрын Випассанагийн холбоо байгуулсанд нь ажилтнууд голдуу хүмүүс Випассанад суралцдаг байжээ. 1952 онд Рангүүнд алдарт Швэдагон хийдээс хойд зүгт хоёр милийн зайд Олон улсын бясалгалын төвийг (ОУБТ) байгуулсан нь бирмийн болон гадаадын олон шавь нар Саяажигаар заалган Даммад суралцах аятай боломж болжээ.
Саяажи 1954-56 онд Рангүүнд болсон Чата Сангаяана (Зургадугаар уншлага) нэртэй Зургадугаар зөвлөгөөнийг зохион байгуулахад их идэвхи зүтгэл гаргасан. 1950 онд Бурхан сасанагийн Бирмийн зөвлөлийн холбоо (БСБЗХ) болж хожим нэгдсэн хоёр байгууллагын үүсгэгч гишүүн, Их зөвлөлийн гол төлөөлөгч болжээ. Уба Хин БСБЗХ-ны гүйцэтгэх гишүүн, патипатти буюу бясалгалын хорооны тэргүүнээр ажиллаж байв.
Зөвлөлийн хүндэт хянагчийн үүрэг гүйцэтгэж байсан тул бүх хандив, зарлагын тооцоог хариуцаж байлаа. Байр, гал зуух, хооллох газар, эмнэлэг, номын сан, музей, захиргааны байр, 4 буудаллах газар зэргийг багтаасан өргөжүүлсэн барилгын хөтөлбөр хэрэгжүүлжээ. Энэ нүсэр ажлын гол цөм болсон Маха Пасанагуха буюу Их агуй нэртэй том танхимд Бирм, Шри Ланк, Тайланд, Энэтхэг, Камбож, Лаосаас ирсэн 5000 орчим лам Типитака судрыг уншиж ариутган шүүн хэвлүүлэхээр цугласан юм. Лам нар багаар ажиллаж, Бирм, Шри Ланкийн Тай, Камбож хувилбар, Лондоны нийгэмлэгээс эрхэлсэн Ром үсгийн Пали эхтэй харьцуулан Пали эхийг хэвлэлтэд бэлтгэсэн байна. Шүүн баталсан эхийг Их агуйд уншихад 10-15 мянган сонирхогч ирж, лам нарын уншлагыг сонсчээ.
Уг ажлаас олдсон олон саяын хандивыг зөв зохицуулахын тулд Уба Хин хамгийн багаас их хүртэлх бүх хандивын хуудсыг өөр өөр өнгийн цаасан дээр хэвлэх тогтолцоог санаачилжээ. Элдэв зүй бус зүйлээс зайлсхийхийн тулд зөвхөн сонгогдсон хүмүүст л ихээхэн мөнгө зарцуулахыг зөвшөөрч, хандив нэг бүрийг нарийн тооцож байв.
1967 он хүртэл Саяажи БСБЗХ-ны аливаа ажилд идэвхитэй байсан юм. Ийм байдлаар тэр Бурханы сургаалийг түгээх Дамма хүчтэй төрийн албан хаагч, сонирхогч хоёрынхоо үүрэг хариуцлага, авъяас чадварыг нэгтгэж чаджээ. Төрийн чухал албаны хажуугаар Саяажи төвдөө байнга Випассанаг заасаар байлаа. Тэр үед Випассанагийн багш нар дунд англиар чөлөөтэй ярьдаг багш байгаагүй тул Зургадугаар зөвлөгөөний үеэр ирсэн өрнөдийнхөн бясалгал заалгахаар Саяажид ханджээ.
Төрийн хариуцлагатай албанаасаа болоод Саяажи цөөхөн хүнд л заах боломжтой байв. Бирм шавь нарын ихэнхи нь ажлын нь хүмүүс бол олон Энэтхэг шавийг С.Н.Гоэнка танилцуулжээ. Саяажи гадаад шавь цөөтэй боловч тэд нь Өрнөдийн Бурханы шашны тэргүүн, академич, Рангүүн дэх дипломат албаныхан зэрэг янз бүрийн хүмүүс юм.
Цаг ирэх тутам Саяажи Бирмд суугаа гадаадынханд Даммагийн тухай ярихаар уригдах болжээ. Нэг удаа л гэхэд жшиээ нь Рангүүн дэх Методист сүмд цуврал лекц уншихыг хүсчээ. Энэ цуврал хичээлээр “Бурханы шашны тухай” нэртэй гарын авлага хэвлүүлж, Бирмийн элчин сайдууд болон дэлхий дахины Бурханы шашны байгууллагаар тараав. Уг гарын авлага өрнөдийн олон хүний Саяажигийн хичээлд суух гэсэн сонирхолыг татжээ. Бас нэг удаа Израилийн ерөнхий сайд Давид Бэн Гурионы Бирм дэх айлчлалын үеэр Израилийн хэвлэлийн төлөөлөгчдөд лекц уншиж, түүнээ хожим “Бурханы үнэн бясалгалын мөн чанар” нэрээр хэвлэжээ.
Саяажи 1967 онд төрийн албаны онцгой ажлаасаа тэтгэвэрт гарснаас хойш 1971 онд насан өөд болох хүртлээ ОУБТ-д Випассана заалаа. Насан эцэслэхийнхээ өмнөхөн өөртөө тус болсон бүх хүнийг, сургуульд ороход тусалсан өвгөн, Гэгээн Паулынд оруулсан Бирм багш, олон нөхдийн дундаас 40 гаруй жил уулзахаа байгаад орон нутгийн сонин дээр гарсан нэгэн андынхаа тухай дурсан санажээ. Саяажи хуучны тэр нөхөр, доктор С.Н.Гоэнка, гадаад шавь нар, сонирхогчдод хаягласан захиа уншиж бичүүлсэн. Нэгдүгээр сарын 18-нд Саяажи гэнэт өвджээ. Шинэхэн танилцсан нөхөр нь Саяажигийн захидалыг 20-нд авахдаа тэр шуудангаар ирсэн Саяажи нас барсан тухай эмгэнэлийг уншиаад цочирдсон байна.
Багший нь өнгөрснийг мэдэгдэх үед Шри С.Н.Гоэнка Энэтхэгт хичээл зааж байжээ. Тэр ОУБТ рүү алдарт Пали шүлэгтэй цахилгаан шуудан илгээв.

Үүнд:

Төрөх үхэхийн чанарт юмс бүхэн мөнх үгүй
Төрөөд түрдсэн бол тэр нь амар амгалан авчирна.
Жилийн дараа Шри С.Н.Гоэнка багшийнхаа дурсгалд зориулан бичихдээ: “Жилийн өмнө өнгөрснөөс нь хойш ч амжилттай заасаар байгаадаа би энэ олон хүнд үйлчлэх сэтгэл, хүчийг багшийн минь энэрэх сэтгэл өгдөг гэдэгт улам итгэсээр байна. Даммагийн хүч хэмжээлшгүй гэдэг нь гарцаагүй.”
Саяажигийн хүсэл биелэлээ олжээ. Зуун зуунд хямгадан ирсэн Бурханы сургаалын ач тус өнөө хир оршсоор байна.
Дамма зовлон шаналалыг арилгаж, зол жаргалыг бэлэглэдэг. Хэн үүнийг авчирдаг вэ? Энэ бол Бурхан багш биш, харин биед орших аз жаргал авчрах аниккагийн мэдлэг Дамма юм. Бясалган сууж, аниккаг мэдэхийн учир ийм ажгуу.

Саяажи Уба Хин