Сургаалийн шинэ үе

Бурхан Буддагийн сургааль Энэтхэг төдийгүй дэлхийн олон хязгаарт дахин цэцэглэн дэлгэрч байна. Түүний сургаалийг 2200 жилийн турш Бирмийн хуврагууд багш шавийн уламжлалаар өвлүүлэн хадгалсаар ирсэн ба сүүлд Випашяна бясалгалыг сурсан хуврага Лэди Саяадав энэхүү аргыг хар хүмүүст хүртээсэн байдаг.  Тэрээр Саяа Тэгиед зааж харин тэр цааш нь Саяжи У Ба Кинд заан сургасан байна. Энэхүү Энэтхэг орноос алдагдаад удсан бясалгалын аргыг эх нутагт нь эргүүлэн авчирч тэндээс бүх дэлхийд түгээх нь Саяа Жи У Ба Киний чин хүсэл байсан юм.  Тэрээр 1969 онд өөрийн итгэлт шавь С.Н.Гоенкаг Випашяна бясалгалын багшаар томилсоны дараа Гоенка багш Энэтхэгт хүрэлцэн ирж Випашяна бясалгалыг Энэтхэг төдийгүй бусад орнуудад заан хүртээж эхэлсэн юм. Ийнхүү мартагдаж үгүй болсноос хойш хэдэн зууны дараа Бурхан багшийн сургааль дэлхийн олон газарт олон хүмүүст дахин хүртэх боломж нээгджээ.

Өнөөдөр янз бүрийн үндэс угсаа, гарал үүсэл, ажил мэргэжилтэй хүмүүс ялгаагүй Випашяна бясалгалын үр шимийг хүртэж эхлээд байна. Менежер, судлаач, оюутан, эмч, фермер гэж ялгалгүй энэ бясалгалын аргаар хичээллэсэн л бол сэтгэлийн амар амгаланг олж, хувийн амьдрал болон мэргэжлийн чадварт нь сайнаар нөлөөлж байгааг янз бүрийн нийгмийн орчин, байгууллагууд дээр явуулсан бясалгалын туршлагууд харуулж байна.

Шоронд хоригдлуудад явуулсан бясалгалын курсууд ч үр дүнгээ өгч хорих газрын засан хүмүүжүүлэх арга зүйд шинэчлэл хийх чухал хэрэгсэл болж байна. Хоригдлууд төдийгүй хуяг, харгалзагч нарч энэ бясалгалаас ашиг тусыг хүртэх болжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, мансуурагч нар,  оюутнууд, сүм хийдийн байгууллагууд өөр өөрийн хүрээлэлдээ энэхүү бясалгалын курсыг явуулах боллоо.

Хүүхдүүд бясалгалын анхан шатыг дүүргэснээр ёс суртахуун, төвлөрөх чадвараа хөгжүүлж байгаа нь тэдний нийгмийн харилцаанд хандах эрүүл сэтгэлгээг төлөвшүүлж, цаашид дэвшин суралцах болон сэтгэл зүйн тогтвортой байдлыг олж авахад дэмжлэг болж байна.

Випашяна бясалгал бол алив нэгэн шашны бүлэглэлд хамааралгүй, үр дүн нь бүхэнд түгээмэл хүртэх, сэтгэл оюуныг ариусган цэвэрлэх арга юм.

Буддагийн сургаалийг хүмүүс 2500 жилийн өмнө хэрэглэж байсан шиг өнөөдөр ч олон хүмүүс шашин шүтлэг, нийгмийн гарал, ажил, мэргэжил, хөрөнгө чинээ, туулсан амьдралын зам мөр ямар байхаас үл хамааран түүний бясалгалын үр шимийг хүртэж оюун сэтгэлээ  ариусган чин шударгаар амьдрах болсондоо баярлацгааж байна.

Бурхан Гоутамагийн сургааль цэвэр ариун байж, олон олон хүмүүс ариун номын замд орж,  эцсийн зорилго болох гэгээрэлд хүрч чөлөөлөгдөх болтугай.

Хамаг амьтан аз жаргалтай, амар амгалан, эрх чөлөөтэй болтугай.