Випяшана бясалгалын багш С. Н. Гоенка нь Бирмын даяаны багш асан Саяажи У Ба Кхины шавь билээ. Их багш Гоенкагийн заан сургаж буй энэ бясалгал нь Бурхан багшийн гэгээрэлд хүрсэн аргыг түгээн дэлгэрүүлж байгаа хэрэг юм. Бурхан багш хэзээ ч шашны аль нэг урсгалыг буй болгоогүй билээ. Тэрээр мөнхийн амар амгаланд хүрэх,бүхэнд нэгэн адил үйлчлэх нийтлэг ариун номыг заасан юм. Түүнчлэн их багш Гоенка өөрөө шашны аль нэг урсгалд харъяалагддаггүй. Тиймээс түүний зааж буй энэ бясалгал нь шашин шүтлэг, нийгмийн давхарга,арьс өнгөөс үл хамааран бүх хүн төрөлхтөд зориулагдсан болно.

Бизнесменээс бясалгалын Их багш

Их багш Гоенка 1924 онд Бирма улсын Мандалай хотод төржээ. Tэрээр 1940 оноос гэр бүлийнхээ бизнесийг залгамжлан, удалгүй улсдаа аж үйлдвэрийн салбарыг үүсгэн байгуулагч болж хэд хэдэн томоохон хүнд үйлдвэрийн корпорацийг байгуулсан юм.Бизнес өргөжихийн хэрээр нэр нь өсч Энэтхэгчүүдийн хүрээлэлд хүндтэй байр суурь эзлэх болов. Бирма улсын Марваригийн Худалдаа аж үйлдвэрийн танхим, Рангууны Худалдаа аж үйлдвэрийн танхимыг олон жил толгойлов. Тэрээр Бирм улсын олон улсын худалдааны төлөөлөгчдийн холбооны зөвлөхөөр ажиллаж байлаа.

1956 онд С.Н.Гоенка багш анх удаа Рангун хотын олон улсын бясалгалын төвд их багш Саяжи У Ба Кины удирдлага дор 10 хоногийн Випашяна бясалгалд суужээ. 1962 онд Бирмад цэргийн засаглал тогтосноор үндэсний бүхий л үйлдэрлэл тэр дотор С.Н.Гоенкагийн байгуулсан үйлдвэр, бизнесийн үйл ажиллагаа зогсоход хүрчээ. Энэ таагүй нөхцөл байдал харин түүнд өрх гэрийн тэргүүн, 6 хүүгийн эцгийн үүргийг гүйцэтгэхэд сайнаар нөлөөлсөн төдийгүй их цагийг бясалгалд, бясалгалын гүнд ороход зориулах сайхан боломж олгожээ. 14 жилийн турш Випашяна бясалгалд шамдсаар 1969 онд Випашяна бясалгалын багшаар томилогдов. Энэ нь түүнийг үлдсэн амьдралаа хүн төрөлхтний тусын тулд энэ бясалгалыг дэлгэрүүлэх их үйлсэд зориулахад хөтөлсөн юм.Тэр жилдээ тэрээр Энэтхэг улсад ирж анхныхаа 10 хоногийн бясалгалыг удирдан явуулав. Шашин шүтлэг, язгуур угсаагаар хуваагдсан Энэтхэг улсад энэхүү ямар нэг шашны урсгалтай огт хамаарахгүй Випашяна бясалгал нь тун хялбархан түгэн тархаж байлаа.

1974 онд Их багш Гоенка Випашянагийн Олон Улсын академийг Энэтхэг улсын Бомбей хотын ойролцоох Игатпури хотод байгуулжээ.
Өдгөө тэнд 10 хоногийн болоод урт хугацааны курсуудыг тасралтгүй явуулж байна. 1979 оноос дэлхийн олон улс оронд аялж, Випашяна бясалгалыг дэлгэрүүлж эхэлжээ. Ази, өмнөд америк, европ, австралийн орнуудад биеэр явж нийт 10 хоногийн 400 гаруй бясалгалыг зохион байгуулж олон мянган хүнд заан сургажээ.

Өдөр ирэх тусам улам бүр нэмэгдэх бясалгагчдын тоо, олон курс зохион явуулах шаардлагын улмаас тэрээр өөрийг нь орлон 10 хоногийн бясалгалыг удирдан явуулах туслах багш нарыг сургаж эхэлжээ. Одоо түүний бэлтгэсэн 800 гаруй багш нар Хятад, Иран, Арабын нэгдсэн Имират,ӨАБНУ, Зимбабе, ОХУ, АНУ, Серби,Тайвань,Монгол зэрэг дэлхийн 120 гаруй оронд олон мянган бясалгалын курс зохион явуулсаар байна. Дэлхийн 30 гаруй оронд Випашяна бясалгалын курс тогтмол явагддаг 100 гаруй төв ажиллаж байна. Бусдаас хоол унд орон байрны хөлс үл авч, түүнийг заах багшийн сургалт үнэ төлбөргүй явагддагаараа Випашяна бясалгал онцлог юм.
Зохиолч, яруу найрагч Гоенка багш англи,хинди ражстани хэлээр зохиолоо бичдэг бөгөөд түүний бүтээлүүд дэлхийн олон хэлнээ орчуулагджээ.
Тэрээр Тайваний Дхармадрум уулын хийд, Щвейцарийн Давос хотноо болсон Дэлхийн Эдийн засгийн чуулга уулзалт, НҮБ-ийн Энхтайвны чуулга уулзалт зэрэгт уригдан оролцож дотоод сэтгэлийн энх тунх байдал, Дэлхийн энх тайванд хичнээн чухал нөлөөтэйг тайлбарлан таниулсаар иржээ.
Хорих ангиас Төрийн албан хаагчдыг хүртэлх нийгмийн бүхий л давхрагыг хамарсан сургаал

Випашяна бясалгал америк, англи, шинэ-зеланд, тайвань, балба, монгол, энэтхэг зэрэг дэлхийн олон орны хорих ангиудад явагдаж байна. Энэтхэгийн хоёр хорих анги Випашяна бясалгалын байнгын төвтэй болжээ. 10 мянга гаруй хоригдол 10 хоногийн бясалгалд хамрагджээ. Дэли хотын Тихарын шоронд Их багш Гоенкагийн удирдлага дор мянган хоригдол нэгэн зэрэг оролцсон 10 хоногийн бясалгал 1994 оны дөрөвдүгээр сард явагджээ. Тихарын шоронд эхэлсэн энэ гайхамшигт явдал одоо энэтхэг даяар түгэн тархжээ. Гайхамшигт үр дүнг олж мэдсэн Энэтхэгийн Засгийн газар бүх шорондоо Випашяна бясалгалын 10 хоногийн курсуудыг зохион явуулж байхаар шийдвэрлэв. Үүний үр дүнд сар бүр олон зуун хоригдол бясалгалд хамрагдсаар байна. Үүнээс гадна Дэлигийн цэргийн академи хийгээд Энэтхэгийн бусад төвүүдэд олон мянган цагдаа, офицерууд Випашяна бясалгалд хамрагдах болов.
Нийгмийн олон давхрагын боловсролтой боловсролгүй, баян ядуу, шашин шүтлэгтэй шүтлэггүй, хөгшин залуу, янз бүрийн хүйсний хүмүүс Випашяна бясалгалыг хийсээр байна. Мөн хараагүй, тахир дутуу иргэдэд зориулсан бясалгалууд ч олноор зохион байгуулагдаж байна. Түүнчлэн сургуулийн сурагчид, орон гэргүй хүүхдүүд, оюутнууд, бизнесменүүдэд зориулсан курсууд явагддаг. Энэтхэгийн Махараштра, Анадрапрадэш, Мадяпарадэш зэрэг томоохон мужууд,Газрын тосны, байгалийн хийн томоохон корпароциуд, Бхаба цөмийн судалгааны хүрээлэн зэрэг тэргүүлэх зэргийн инститиуд, байгууллагууд өөрсдийн албан хаагчдыг сургалтынхаа программын хүрээнд Випашяна бясалгалд хамрагдахад дэмжих болжээ.

Энх тайвны зорилго

Улс орнуудын хоорондох энх тунх байдал нь хүн бүрийн дотоод сэтгэлийн амгалангаас эхтэй гэж Их багш С.Н.Гоенка сургадаг. Энх тунх амьдрахын тулд хүн бүр өөрсдөө л амгалан амьдрахуйн ухаанд суралцах хэрэгтэй билээ. Төрөл бүрийн гарал үүсэл, шашин шүтлэгтэй хүмүүст хүргэдэг түүний сургаалийн үндэс нь энэ юм.

Энэтхэг дэх шашин шүтлэгүүдийн хоорондох эв нэгдэлд уян хатнаар бодитой нөлөөлж чадсан нь түүний ажлын гайхамшигт үр дагавар байлаа. Мянга, мянган католиг санаавартан, бурханы шашинт лам нар, жейн даянчид,хинду хувраг нар, лалын мула нар Випашяна бясалгалд хамрагдсан бөгөөд өнөө ч хамрагдсаар байна.

Өөр шашинд урван орох айдасгүй, үзэл бодлынхоо зөрөөг умартан, хүмүүн гэдэг нэгэн тугийн дор амгалан амьдрах ухааныг заан сургадаг нь Бурханы сургаалийн гол үндэс болсон Випашяна бясалгалын онцлог билээ.

Нийгмийг өөрчлөхийн тулд түүний гишүүн болсон хувь хүнийг өөрчлөх хэрэгтэй. Хувь хүн бүр сэтгэл оюунаа гүнээс нь өөрчилж дотооддоо амгалан тайван амьдарч сурсанаар л нийгэмд энх тунх амьдарч чадах билээ.

Ийм учраас Их багш Гоенка бясалгалыг амьдралд хэрэгжүүлсэн хүн л дотооддоо хийгээд гадна нийгэмд энх тунх амьдарч чаддаг хэмээн сургадаг юм.