САЯА ТЕТЖИ (1873-1945)

Саяа ТЕТЖИ (Бирмээр Са яа та жи гэж дуудна) 1873 оны 6 дугаар сарын 27-нд Рангүүн мөрний эсрэг талд Рангүүн хотоос өмнө зүгт найман милийн зайд орших Пабэжи тосгонд мэндэлжээ. Түүнд Мон Бо Да гэсэн нэр хайрлажээ. Хүүг 10 настай байхад эцэг нь өөд болж, бэлэвсэрсэн эх нь Бо Дагийн хоёр ах, охин дүү, Бо Да дөрвийг ганцаар өсгөжээ. Бүсгүй тосгондоо бүрж шарсан ногоо зарж, гэрийнхнийгээ тэжээдэг байсан болохоор бяцхан хүү үлдсэн ногоог гадуур явж худалдах болдог байв. Гэвч хүү бараагаа сурталчлан хашгирахаас их ичдэг байсан тул ихэнхидээ заралгүй буцаж ирдэг байжээ. Тиймээс ээж нь Бо Дад савтай ногоог толгой дээр нь бариулаад дүү охиноор нь зарлуулахаар явуулдаг болов.

Гэрийнхнээ тэжээхэд туслах хэрэгтэй байсан болохоор хүү сургуульд зургаахан жил л суралцжээ. Тэднийх ямар ч тариан талбай, газаргүй тул бусад хүмүүс ургацаа хураасны дараа талбайд үлдсэн шилбийг нь түүдэг байжээ. Нэгэн удаа талбайгаас харих замдаа Бо Да ширгэж байгаа цөөрөмд хэсэг жижиг загас байхыг олж харав. Хүү тэднийг тосгоныхоо цөөрөмд аваачиж хийхээр аваад харилаа. Эх нь хараад хүүгээ загас барилаа гэж загнахыг завдтал хүү зорилгоо тайлбарлахад ээж нь “Зүйтэй, Сайн байна” гэлээ. Бүсгүй загнаж, зандардаггүй сайхан сэтгэлтэй хэдий ч зүй бус үйлдлийг тэвчдэггүй нэгэн ажээ.

Мон Бо Да 14 настайдаа будаа тээдэг үхэр тэрэгчнээр ажиллаж өдрийн цалингаа ээждээ өгдөг байв. Тэр үед хүү хайрцаг ачиж буулгахааргүй балчир байлаа. Бо Да дараа нь завьчин болсон юм. Пабэжи тосгон Рангүүн голтой нийлдэг олон цутглангаар тэжээгддэг тариан талбайд оршдог. Будаан талбай үерт автах үед усан зам хэцүү болдог учир түгээмэл тээврийн хэрэгслийн нэг бол хавтгай шалтай урт завь юм.

Нутгийн будааны тээрмийн эзэн будаа тээвэрлэх ажлыг нямбай хийж буйг хараад бяцхан хүүг сарын 6 рупипийн цалингаар тээрмийн нярваар ажилд авчээ. Бо Да ажлынхаа байранд сууж, будаа буурцагханаар л хооллодог байжээ.

Эхний удаа хүү энэтхэг харуул, ажилчдаас будаа худалдаж авав. Тэд гахай тахиа хооллох тээрэмдсэн будааны үлдэгдлийг авч болох санаа хүүд хэлэхэд Бо Да эзэнд мэдэгдэлгүй будаа авч болохгүй хэмээн эсэргүүцэв. Эзэн нь энэ тухай дуулаад түүнд зөвшөөрчээ. Гэлээ ч Бо Да будааны үртсийг идэхгүй л байжээ. Удалгүй завь, тэрэгний эзэд ч хүүг идэвхитэй, тусч гээд будаа өглөө. Бо Да мөн л цуглуулсаар будаа авч дийлдэггүй тосгоны ядууст өгчээ.

Жилийн дараа цалин нь 10 рупи, хоёр жилийн дараа 15 болж өсөв. Эзэн нь хүүд сайн чанарын будаа авах мөнгө өгч, сард 100 сагсыг үнэгүй тээрэмдэхийг зөвшөөрчээ. Сарын цалин нь 25 рупи болж, эх хүү хоёр элбэгхэн аж төрөх болов.

Мон Бо Да 16 нас хүрээд уламжлал ёсоор эхнэр авч, гурван охинтой  газрын эзэн, баян худалдаачны отгон охин Ма Минтэй гэрлэн хүү, охин хоёртой болжээ. Хос залуус Бирмийн заншлыг дагаж, хүүхний эцэг эхийнд эгч нартай нь хамт суудаг байв. Дүү охин Ма Ин нь хүнтэй суулгүй жижиг бизнест амжилт олж, хожим У Бо Дад бясалгалд суралцан заахад нь голлон тусалжээ. Ма Миний ууган эгч Ма Хин Ко Каеэтэй сууж, Мон Нюнт гэдэг хүүтэй болсон. Ко Каеэ будааны талбай, гэр бүлийн бизнэс эрхэлж байсан тул Мон Бо Да У Бо Да (одоо У Да хэмээн нэрлэгдэх болсон) будаа авах борлуулах ажилд ч амжилт олжээ.

У Даг хүүхэд байхад нь Бирмд тогтсон жишгээр шавьлан суух боломж олдоогүй юм. Ач дүү Мон Нюнт нь 12-тойдоо шавьлан суух үед нь л У Да анх шавьлах болж, хожим лам болов. 23-тайдаа Саяа Нюнт багшаар заалган Анапанад суралцаж, долоог жилийн турш хичээллэжээ.

У Дагийнхан тосгондоо олон найз нөхөд, хамааатан садантай байв. Авга нагац, ач дүү үеэл, хүргэн бэртэйгээ олуулаа эв найртай амар амгалан суудаг байв. 1903 онд тосгонд нь булчин задрах тахал тархаж, тэр сайхан аз жаргал үгүй болжээ. Тосгоны олон хүн хэдхэн хоногиийн дотор үхэж, У Дагийн хүү, өсвөр насны охин хоёр ч гар дээр нь өнгөрч, хүргэн дүү Ко Каеэ, түүний эхнэр, У Дагийн охинтой тоглож өссөн ач дүү нар ч үгүй болов.

Энэ их аюулаас болж У Дад орох байх газар олдохоо байжээ. Зовлонгоос ангижирах гэж аргаа ядсан У Да үхэлгүй мөнхийг хайхаар тосгоноо орхин явахаа гэргий, хадам эгч Ма Ин болон бусад хамаатнаасаа гуйжээ.

У Да үнэнч нөхөр У Ёотой хамт Бирмийн газар нутгаар явж уул,  ойн хийдүүдээр очин лам, сонирхогч олон багшаас суралцаж эрэл хайгуул хийсээр. Эцэст нь У Да анхны багш Саяа Нюнтийн үгийг дагаж, Мэргэн Лэди Саяадавтай хичээллэхээр Моняг чиглэн хойд зүгт одлоо.

У Даг ийнхүү оюун санааны эрэл хайгуул хийж явах жилүүдэд эхнэр, хадам эгч нар нь Пабэжидаа үлдэж, тарин талбайгаа эрхэлсээр байв. Эхний жилүүдэд У Да ойр ойрхон очин гэрээ эргэдэг байжээ. Гэрийн нь байдал сайжирч байсан болохоор илүү удаан бясалгадаг болов. У Да Лэди Саяадавынд байсан долоон жилиийн турш эхнэр, хадам эгч нар нь ургац хураалтаас олсон мөнгөө жил бүр явуулдаг байжээ.

У Нёотой хамт тосгондоо буцаж ирэхдээ У Да хуучин гэртээ очоогүй юм. Буцах үед нь Лэди Саяадав түүнд цаашдаа бясалгал заахын тулд самади (төвлөрөл), панна (сэтгэлээ ариусгах)-г сайжруулахын тулд хичээх хэрэгтэй хэмээн захижээ. У Да У Нёо хоёр ёсчлон Пабэжид ирэнгүүтээ талбайн захад орших амрах байранд шууд очиж, тэндд Дамма танхим адил бясалгал хийдэг болов. Тусгаарлан орогнож байх хугацаандаа тэд хөршийн нэгэн бүсгүйгээр өдөрт хоёр удаа хоол хийлгэж байхаар тохирчээ.

У Да нэг жил ийн шамдсаар бясалгалд хурдан сайжирч байлаа. Энэ үед У Да, Лэди Саяадав багшаасаа зөвөлгөө авмаар санагдахад биеэр уулзаж чадахгүй ч багшийн нь ном судрууд гэрт нь шүүгээн дотор байгааг санаад тийш явлаа. Ийм удаа хугацаанд эзгүй байсанд нь эхнэр, эгч хоёр нь ихээхэн ундууцаж байв. Эхнэр нь бүр салахаар шийдсэн байжээ. У Даг ирж явааг хараад эгч дүүс мэндлэх ч үгүй, оруулах ч үгүй байхаар шийдсэн боловч хаалган дээр ирэнгүүт нь уриалгахан оруулжээ. Хэсэг ярилцаад У Да өршөөл хүсэж, тэд ч зөвшөөрлөө. Хоол цайгаар дайлж, номы нь ч олж өгчээ. У Да эхнэртээ одоо найман номлол мөрдөж, гэрийн эзний хуучин амьдралдаа эргэж орохгүй, ах дүүс адил байх болсон тухайгаа тайлбарлав. Эгч эхнэр хоёр нь өглөө бүр цай уухаар ирж байхыг уриад, урьдын адил дэмжиж байхыг ч баяртай зөвшөөрлөө. Энэ сайхан сэтгэлд нь талархсан У Да хариуд нь Даммаг л өгч чадахаа хэлэв. Эхнэрийн нь үеэл У Ба Со зэрэг бусад хамаатнууд нь ч уулзаж ярилцахаар иржээ. Хоёр долоо хоногийн дараа У Да хооллохоор ирж очиход цаг их үрж байгаагаа хэлэхэд Ма Ин, Ма Мин хоёр үдийн хоолыг байр луу нь явуулж байхаар болов.

Тосгоныхон        эхэндээ У Дагийн бишрэлийг буруу ойлгож, хичээлд нь суух гэж ирэхээсээ эргэлздэг байжээ. Олон гай зовлон учирч, тосгоноосоо явсан зэргээсээ болоод ухаан нь муудсан гэж бодож байсан боловч хэл яриа, хийсэн үйлдлээс нь үнэхээр Даммаг дагаж амьдардаг шинэ хүн болсныг нь аажимдаа ухаарч ойлгоцгоов.

Удалгүй найз нөхөд, хамаатан садан нь бясалгал заалгахаар иржээ. У Ба Со газар тариалан, гэр орныхоо ажлыг хийж, У Дагийн эгч, зээ дүү хоёр хоол хийж байхаар боллоо. 1914 онд У Да 41 настайдаа 15 хүнтэй ангид Анапанаг зааж эхэлжээ. Шавь нар бүгд тэндээ амрах байранд байрлаж, зарим нь хааяа гэртээ харьдаг байв. У Да шавь нартаа болон бясалгалаар хичээллэдэггүй сонирхсон хүмүүст яриа хийдэг байжээ. У Дагийн яриа Даммагийн онолын мэдлэг багатай гэмээргүй их нарийн судалгаатайг сонсогчид нь олж мэдсэн юм.

Эхнэр, эгч хоёрын нь болоод бусад айлын санхүүгийн дэмжлэгээр У Дагийн Дамма танхимд ирэх бясалгагчдын хоол, бусад хэрэгцээг хангаж, цаашлаад Випашянагийн хичээлд сууж цалингаа алдсан ажилчдын цалинг ч олгосон тохиолдол гарчээ.

Нэг жил багшилсны дараа 1915 оны үед У Да эхнэр, эгч, өөр хэдэн хүнийг аваад 70 насыг зооглож байсан Лэди Саяадав багшдаа золгохоор Мониваг зорилоо. Багшдаа очоод бясалгал хийж, хичээл зааснаа ярихад багшид нь ихэд таатай байсан юм. Энэ айлчлалын үеэр Лэди Саяадав багш У Дад гар таягаа бэлэглээд ийн өгүүлэв:

Миний энэ таягийг аваад яв, эрхэм шавь минь. Сайн хадгалаарай. Би чамайг урт наслуулах гэж үүнийг өгч байгаа юм биш, харин амьдралд чинь муу зүйл бүү тохиолдоосой гэж шагнаж байна. Чи их амжилттай явч ирсэн. Одоогоос эхлэн чи 6000 хүнд рупа, нама (ухаан бодол, үйл хэрэг)-гийн Даммаг заан сургах ёстой. Чиний мэддэг Дамма бол агуу зүйл учраас сасана (Бурхан багшийн сургаалийн эрин үе)-г түгээн дэлгэрүүл. Миний оронд сасанаг эрхэмлэж яваарай.

Маргааш нь Лэди Савадав хийдийнхээ бүх лам нарыг цуглуулж, У Даг эндээ 10 – 1 5 хоног байж, тэдэнд хичээл заахыг хүслээ. Саяадав цугласан лам нарт хандан хэлэв:

Та нар бүгд тэмдэглэж ав. Энэ хүн бол Бирмийн доод хэсгээс ирсэн миний шавь У Бо Да юм. Шавь маань над шиг бас бясалгал заах чадвартай. Та нараас бясалгалд суралцахыг хүссэн нь түүнийг дагаж, арга туршлагаас нь суралцаарай. Даяака Да (хоол унд, хувцас хунар, эм тариа зэрэг хэрэгцээг хангах ажил эрхэлдэг ламын туслах), чи миний оронд Даммагийн ялалтын дарцагийг миний хийдээс эхлэн мандуул.

 

У Да шастирт суралцаж байсан 25 ламд Випашяна бясалгалыг заалаа. Энэ үеэс л тэр Саяа Дажи (саяа гэдэг нь багш гэсэн утгатай, жи нь хүндэтгэл заасан дагавар) нэртэй болжээ.

Лэди Саяадав Саяа Дажиг өөрийнхөө өмнөөс Даммаг заахыг дэмжжээ. Саяа Дажи багшийнхаа олон арван зохиолыг цээжээр мэдэж, тэдгээрийг судалсан багш лам нар алдаа олохын аргагүйгээр иш татан Даммаг нарийн тайлбарлаж чаддаг байлаа. Лэди Саяадав өөрийнхөө оронд Випашянаг заалгах гэж ятгаж байгаа нь Саяа Дажигийн хувьд гүн хүндэтгэл боловч, онолын мэдлэгээ голон эмээж байв. Саяа Дажи багшдаа гүн хүндэтгэлтэйгээр мэхийн ёслоод ийн өгүүлжээ:

Таны шавь нар дундаас шастир номонд сүүлдэж суралцсан нь би. Випашянаг зааж, сасанаг тайлах нь дээдийн мэргэн авч биелүүлэхэд хүнд даалгавар юм, багш минь. Учир иймийн тул тодруулах зүйл гарахад ачит сургаалиа айлдаж байна уу хэмээн багш танаас хүсэмжилнэ. Намайг дэмжиж, хэрэгтэй үед шүүмжилж байгаарай.

 

Лэди Саяадав хариуд нь “Үхэх үедээ ч би чамайг орхихгүй” гэж шавиа тайтгарууллаа.

Саяа Дажи хамаатнуудтайгаа Бирмийн өмнөд хэсэг дэх тосгондоо эргэж ирээд Лэди Саяадавын өгсөн даалгаварыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцлээ. Саяа Дажи Бирм орноор тойрон аялаж, олон хүнтэй харилцаа тогтооно гэж бодож байлаа. Гэтэл хадам эгч нь: “Чи энд Дамма танхимтай шүү дээ. Бид шавь нарт чинь хоол бэлдэж ажилд чинь тусалж чадна. Эндээ суугаад хичээлээ заавал яасан юм бэ? Випашянад суралцах гэж олон хүн ирнэ шүү дээ.” гэжээ. Саяажи ч зөвшөөрч, Пабэжи дэх байрандаа тогтмол хичээл явуулахаар болжээ.

Хадам эгчийн нь хэлсэн ёсоор олон хүн ирдэг болж, бясалгалын багш Саяа Дажи нэр хүндтэй болов. Эгэл тариачин ажилчид болон Пали эхэд сайн суралцсан хүмүүст ч заадаг байлаа. Тэдний тосгон Британийн захиргаан дахь Бирмийн нийслэл Рангүүнаас холгүй орших тул Уба Хин зэргийн төрийн албат, хотын оршин суугчид ч ирдэг байв.

Улам олон хүн бясалгалд суралцахаар ирэхэд Саяа Дажи У Нёо, У Ба Со, У Он Нюнт зэрэг туршлагатай ахмад бясалгагчдаа туслах багшаар томилжээ.

Төв жилээс жилд өргөжиж лам, гэлэнмаа нийлсэн 200 хүн хичээлд ирдэг болов. Дамма танхимын зай багадасан тул илүү туршлагатай шавь нар нь гэрээрээ хичээллэж, зөвхөн зөвлөлдөн ярилцах гэж л байранд ирдэг болжээ.

Лэди Саяадавын төвөөс эргэж ирснээсээ хойш Саяа Дажи ганцаараа амьдарч, өдөрт ганцхан хоол, хүнгүй нам гүм орчинд иддэг болжээ. Лам нарын адил тэр өөрийн бясалгалын амжилтаа ярьдаггүй байв. Асуусан үед өөрийн болон өөр ямар нэг шавийнхаа бясалгалын ямар шатанд очсоныг огт хэлдэггүй байсан. Гэвч түүнийг анагами (бүрэн чөлөөлөгдөхийн өмнөх шатанд хүрсэн хүн) байсан гэж Бирм даяар мэдэж, Анагам Саяа Дажи хэмээн нэрэлдэг ажээ.

Тэр үед Випашяна заах багш ховор байсан болохоор Саяа Дажи лам нарын үзээгүй зовлонг туулсан юм. Тухайлбал, түүнийг шастир номд суралцаагүй гэж зарим нь эсэргүүцэж байжээ. Саяа Дажи энэ шүүмжлэлийг үл тоож, дасгалын үр дүнг л чухалчилдаг байв.

Саяа Дажи өөрийн туршлагад үндэслэн Лэди Саяадавын гарын авлагыг иш татан гучаад жилийн турш багшилжээ. 1945 онд 72 насандаа тэр мянга мянган хүнд заах гэсэн зорилгоо биелүүлжээ. Эхнэр нь өөд болж, хадам эгч нь саажиж, өөрийн нь эрүүл мэнд ч доройтсон байв. Дамма танхимаа авч явахаар 50 га будаан талбайнаас бусад өмч хөрөнгөө бүх ач, зээ дүү нартаа хуваан өгчээ.

Саяа Дажид олон жил талбайд нь зүтгэсэн 20 одос үхэр байснаа сайн харж хандаж чадна гэж итгэсэн хүмүүстээ тараан өгөхдөө ингэж уриа дуу хэлжээ: “Та нар миний тэтгэгч байсан. Та нарын ачаар л будаа ургадаг. Одоо та нар ажлаас чөлөөлөгдлөө. Дээд төрлийг олж энэ ийм амьдралаас ангижирах болтугай”.

Саяа Дажи шавь нартайгаа уулзаж, эмчилгээ хийлгэхээр Рангүүн лүү нүүлээ. Рангүүнд насан өөд болсны нь дараа  урд нь хүн чандарлаж байгаагүй газар шарилы нь чандарлахыг хэдэн шавьдаа хичээнгүйлэн захижээ. Мөн өөрийгөө арахант (бүрэн гэгээрсэн төрөлтөн) буюу муу муухайгаас бүрэн ангижираагүй тул үнсий нь ариун газар тавихгүй байхыг сануулав.

Швэдагон хийдийн хойд нуруунд орших Арзанигонд нэг шавь нь бясалгалын төв байгуулжээ. Ойр орчинд нь Дэлхийн хоёрдугаар дайны үед барьсан бөмбөгийн нуувч байжээ. Саяа Дажи энэ нуувчийг бясалгал хийх агуй болгон ашигладаг байв. Шөнөдөө туслах багш нарынхаа нэгтэй нь хонодог байжээ. Рангүүнээс ерөнхий нягтлан бодогч Уба Хин, татварын байцаагч Усан Дайн зэрэг шавь нар нь зав зайгаараа ирдэг байв.

Саяа Дажи хичээлдээ сайн сууж, бясалгалд ирсэн лам, гэлэнмаа нарт хүндэтгэлтэй хандаж, бие, хэл, сэтгэлийн журмыг сахиж, үйлдэл бүртээ Бурхан багшийг дээдэлж явах тухай ирсэн хүн бүрт сургадаг байв.

Саяа Дажи орой бүр Швэдагон хийд рүү явдаг байсан боловч долоо хоногийн дараа ухсан нүхэнд сууснаас болж ханиад хүрэн халуурчээ. Биеэ эмчлүүлсэн боловч байдал дордож, Пабэжигээс ач, зээ дүү нар нь Рангүүнд ирлээ. Орой бүр 50-аад шавь нар нь хамтдаа сууж бясалгал хийдэг байв. Энэ үеэр Саяа Дажи ч үг хэлэлгүй дуугүй сууж бясалгадаг байжээ.

Нэгэн шөнө 10 цагийн үед Саяа Дажи олон шавь нартайгаа хамт байхдаа (Уба Хин ирэх боломжгүй байжээ.) хэвтэж, амьсгал нь чанга урт болж байв. Бусад нь чимээгүй бясалгаж байхад хоёр шавь нь анхааралтай харж байжээ. Яг 11 цагт Саяа Дажигийн амьсгаа улам гүн боллоо. Амьсгаа авах гаргах бүр нь 5 минут үргэлжилж байх шиг байлаа. Ийм маягаар гурван удаа амьсгалсны дараа бүрэн зогсож Саяа Дажи тэнгэрт халилаа.

Түүний шарилыг Швэдагон хийдийн хойд нуруунд чандарлаж, Уба Хин шавь нартайгаа тэр газарт жижигхэн сүм барьжээ. Гэлээ ч Лэди Саяадавын заавраар нийгмийн бүх давхрагад Дхаммаг түгээсэн үйлсээр нь энэ нэгэн онцгой багшийг өнөө ч дурсан санадаг юм.