Энэтхэгийн Ражастан мужийн дотоод хэргийн төрийн нарийн бичгийн дарга асан Раам Сингх. 1994 он

Их багш Гоенка 1975 онд Энэтхэгийн Ражастан мужийн төв шоронд анхны Випашяна бясалгалыг удирдан явуулсан билээ. Тэр үед би тэр мужийн дотоод хэргийн төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан бөгөөд би өөрөө Випашяна бясалгалд сууж, өөртөө ихээхэн өөрчлөлт гарч буйг мэдэрч, ач тусыг нь хүртсэн байлаа.

Випашяна бясалгал нь хувь хүнийг өөрчлөх төдийгүй нийгмийг өөрчлөх хийгээд засаг төрийн үйл ажиллагаанд ч гэсэн сайн үр нөлөөтэй байж болохыг би мэдэрсэн билээ. Бясалгалын дөрөв дэх өдрийн орой би Гоенка багштай уулзаж, өөрийнхөө бодлоо хуваалцлаа. Би түүнээс энэ бясалгалыг төр засгийн үйл ажиллагааг сайжруулахад ашиглаж болох эсэх талаар асууж сонирхоход тэр бололгүй яахав гэж билээ. Тэгэхэд нь би түүнээс тэр даруйд нь шоронд бясалгал явуулж болох эсэх талаар асуулаа. Тэрээр хэрэв чи зохион байгуулж чадвал би очиж бясалгал явуулж болно гэж билээ.  Энэ нь миний хувьд нилээн том сорилт байсан юм.

Би мужийн засаг дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, шоронгийн захиргааны хүмүүстэй уулзаж ярилцах үед эхэндээ тэд бүгд эргэлзэж, тээнэгэлзэж байсан боловч эцэст нь туршиж үзэхээр шийдлээ.

Гол бэрхшээл Гоенка багшийг Жайпур хотод бясалгал явуулахаар хүрэлцэн ирэх үед гарч эхэлсэн билээ. Би түүнд “Та шорон дотор байж болохгүй. Шоронгийн ойролцоо орших сайхан байшинд та байрлах болно” гэж хэлэхэд тэрээр “Би бясалгал явж буй шоронгийн дотор 24 цагийн турш байх ёстой. Випашяна бясалгал бол маш гүн мэс засал  учраас шоронгийн гадна байж болохгүй” гэж билээ.

Энэ нь шоронгийн дүрэм горимтой зөрчилдөж байлаа. Шоронгийн дүрмийн дагуу зөвхөн шийтгэгдсэн, шийтгүүлэхээр шүүх хурлаа хүлээж буй гэмт хэрэгтнүүд хийгээд шоронгийн ажилчид л шоронгийн дотор байх ёстой байлаа. Гоенка багшид үүнийг хэлтэл тэрээр намайг шийтгээдэх гэж билээ. Багшийгаа шийтгэж, шоронд суулгана гэдэг миний хувьд маш аймаар хэрэг байлаа.

Хуулийнхантай зөвлөлдөхөд ямар ч арга зам байхгүй мэт байсан боловч бид захирамж гаргаж, асуудлыг шийдвэрлэлээ.  Гоенка багш шоронгийн дотор бэлдсэн өрөөнд байрлахаар боллоо.

Бясалгал эхлэх гэж байх үед бас нэгэн бэрхшээл тулгарлаа. Тэр үед хүнд гэмт хэрэгтэй хүмүүсийн гар хөлийг нь гавладаг байлаа. Гар хөлийг нь төмөр гаваар гавласан дөрвөн хүнд гэмт хэрэгтнийг бясалгалын зааланд авчирлаа. Гоенка багш ойрхон алхаж явснаа үүнийг хараад ихэд гайхаж, юу болж буйг надаас асуулаа. Би “Энэ хүмүүс бол хүнд гэмт хэрэгтэй хүмүүс” гэхэд тэрээр уулга алдан “Хөл гарыг нь гавласан хүнд би хэрхэн яаж ном заах билээ? Ингэж болохгүй. Гавыг нь ав” гэж билээ.

Гэтэл шоронгийн дарга, шоронгийн дотоод дахь аюулгүй байдал түүний үүрэг хариуцлага учраас гар хөлийнх нь гавыг авч болохгүй гэлээ. Гэвч Гоенка багш шийдвэрээсээ буцахгүй байлаа. Тэрээр “Хөл гар нь гавтай хүнд Ариун номыг зааж болохгүй. Гавыг нь авах хэрэгтэй” гэлээ. Аргаа барсан шоронгийн дарга “Доторх гавыг нь авч болно. Харин гаднах гавыг нь авч чадахгүй” гэсэнд Гоенка багш “Бясалгал хийж буй хүмүүс гавтай байж огт болохгүй” гэж зүтгэсээр байлаа. Энэ бол маш их том асуудал байсан юм.

Шоронгийн дарга маш туршлагатай цагдаа байсан юм.  Тэрээр эдгээр гэмт хэрэгтнүүдийг сул чөлөөтэй болгож болохгүй. Хэрэв сул чөлөөтэй болговол тэдний хэн нь ч хэдхэн секундын дотор Гоенка багш болон та хоёрын амийг хөнөөж чадна. Тийм учраас аюулгүй байдлыг бодож гавыг нь авахгүй байхыг багшдаа ятгахыг надаас гуйж байлаа. Бид нэлээн ярилцаж, эцэст нь гавуудыг авахаар боллоо. Буутай цагдаа ойрхон зогсож, хэрэв гэмт хэрэгтэн бидний зүг ойртож эхэлбэл шууд буудахаар бэлэн зогсжээ. Би шоронгийн даргаас хэн нэгнийг буудаж, бясалгалын орчинг сандрал эгдүүцэлд оруулахгүй байхыг биечлэн гуйлаа.

Гэмт хэрэгтнүүдийн гар хөлийн гавыг авсанд багш их баяртай байв. Бясалгал эхэлж, би ойрхон суулаа. Шоронгийн дарга бясалгалын заалны гадаа ойрхон зогсож, би нөгөө дөрвийг ширтэж, сэтгэл зүрх айдас хүйдэсээр дүүрэн байлаа. Гэлээ ч минут өнгөрөх бүр тайвширч байлаа. Гоенка багш номын ерөөлөө уншиж эхлэх үед түүний энэрэл, асрахуйн долгион орчинд цалгилж эхэллээ. Аймшигт улаан нүдтэй хоригдлуудын зүс царай өөрчлөгдөж, тэдний нулимс хацрыг нь даган урсаж, би ч гэсэн баяр баяслын нулимс дуслуулсан билээ. Энэ нь тэр их айдас хүйдэст мөч өнгөрсний дараах баяр баяслын үнэт мөч байлаа.

Випашяна бясалгал хоригдлуудын сэтгэлд хүрч, Ангулимаал хэмээх нэртэй алуурчины тухай түүх сэтгэлд бууж ирсэн юм.

Өөр бас нэгэн сэтгэл хөдөлгөм явдал болж билээ. Тэр үед уг шоронд цаазлагдах ялаа хүлээж буй хоёр хоригдол байсан юм. Тэдэнд бясалгалд суух зөвшөөрөл олгогдоогүй ажээ. Өглөө шоронгийн өрөөнүүдийг тойрч явахдаа Гоенка багш тэднийг хараад “чанга яригчаар дамжуулан тэдэнд Анапана болон Випашяна бясалгалыг зааж болох юм” гэснээр бид тохирч тэдний өрөөнд чанга яригч тавьж, тэд ч бясалгал хийж, амжилтанд хүрч, баяр баяслыг мэдэрцгээсэн юм. Тэд номын айлдварыг бусадтай нэгэн адил өрөөндөө сонсож, бясалгаж байсан юм.

Бясалгал дууссаны дараа цаазлагдах ялаа хүлээж буй тэдгээр хоёр хоригдлын нэг нь надад захиа явуулж, Энэтхэгийн ерөнхийлөгчөөс уучлахыг хүссэн хүсэлтээ буцааж авахаар шийдсэнээ мэдэгдлээ. Тэрээр үхэхэд бэлэн байлаа. “Ариун ном”-той учирсан болохоор үхлийн ялаа хүлээхээс буцахгүй болж, айх аюулгүй болжээ. Удаж төдөлгүй түүний хүслийг ерөнхийлөгч татгалзсан хариу ирүүлж, түүнийг дүүжлэн хороох ялт өдөр ойртсоор байлаа. Намайг тэр зовлонт явцыг гэрчлүүлэхээр урьсан байлаа.

Тэр хоригдол өрөөнөөсөө инээмсэглэн сэтгэл өндөр гарч ирэн шоронгийн ажилчдад баяр хүргээд урьд нь харж байгаагүй тайван байдлаар эргэн хараад цаазын тавцан луу очиж билээ.

1976 онд Жайпур хотын цагдаагийн академид Випашяна бясалгал явагдаж, цагдаагийн даргаас авхуулаад жирийн цагдаа хүртэл суусан юм. Жайпурын шоронд хоёр дахь бясалгал 1977 онд явагдсан билээ. Эдгээр бясалгал маш амжилттай явагдсан бөгөөд удалгүй би өөр албанд томилогдлоо. Миний оронд ирсэн хүн шоронд бясалгал явуулахтай санал нэг бус байсан учраас энэ хөтөлбөр зогссон билээ.

Би Випашяна бясалгал дахин явагдаасай гэж маш их хүсэж байсан бөгөөд Гоенка багшаас энэ тухай асуухад тэрээр Випашянагийн үрийг аль хэдийн тэр газар суулгасан учраас удахгүй соёолох болно гэж билээ. Жил бүр би багштай уулзаж, бясалгал явагдахгүй байгаад санаа зовж байгаагаа хэлэхэд, Гоенка багш санаа бүү зов, удахгүй цаг нь болно гэдэг байлаа.

Үнэхээр ч цаг нь болж, үр нь соёолж эхэлсэн юм. 1990 онд Жайпурын төв шоронд дахин нэг удаа 10 хоногийн бясалгал зохион байгуулагдлаа. Миний анд Тандон тэр бясалгалыг удирдан явуулж, хоригдлууд маш сайн бясалгаж, ихээхэн өөрчлөлт гарч, би их баяртай байлаа.

Тэгтэл Гужрат мужийн төрийн албаныхан ирж уулзацгаалаа. Уулзаад тэд хэд хэдэн болзол тавьлаа. Гужратын дотоод яамны албаныхан намайг өөрөө бясалгал удирдан явуулбал дургүйцэх юмгүй гэлээ. Би ч түүнийг хүлээн зөвшөөрч, 1991 онд Гужрат мужийн Ахмедабад хотын Сабармати шоронд анхны бясалгал явагдаж, удалгүй Гужрат мужийн Барода хотын төв шоронд бясалгал эхэлж, доктор Саавла удирдан явуулсан юм.

Одоогийн байдлаар тэнд нийтдээ таван бясалгал явагдаад байна. Барода шоронгийн дарга Р. Бора Гужратад явагдсан эдгээр бясалгалуудын талаар “Шоронгийн доторх ариусал” нэртэй ном бичсэн бөгөөд уг номонд гайхалтай түүхүүдийг өгүүлдэг. Бародагийн шорон нь одоо өөрчлөлт шинэчлэлтийн төв болжээ.

Мөн удалгүй Випашяна бясалгал Энэтхэгийн нийслэл шинэ Делигийн Техар шоронд явагдаж эхэллээ. Техар шорон нь 8000-9000 хоригдлуудтай, дэлхийн хамгийн том шоронгуудын нэг юм. Випашянаг Техарын шоронд явуулах амаргүй байлаа. Би 1993 оны 11 сарын сүүлчээр явагдсан анхны бясалгалын талаар энд цухасхан дурдая.

1993 оны 7 сард Энэтхэгийн дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга М.Л. Мехта надад хандаж, шинэ Делигийн Техар шоронд Випашяна бясалгалыг явуулж чадах эсэх талаар асуулаа. Тэрээр Ражастан мужийн Жайпур хотын төв шоронд бясалгал явагдаж, хичнээн их өөрчлөлт авчирсан тухай сайн мэдэж байлаа. Удалгүй Техар шоронгийн ерөнхий захирал хатагтай Киран Вээди утсаар ярьж, бясалгал явуулж өгөхийг хүслээ.

Шоронгийн ажилчдыг бэлтгэх, бясалгал явуулах заал бэлдэх зэрэг бэлтгэл ажилд хэсэг хугацаа зарсан бөгөөд бид хэд хэдэн удаа Техар шоронд очиж, хатагтай Вээди болон түүний шадар туслах, цагдаа, офицеруудтай уулзсан юм.

Би Киран Вээдийн чадварлаг удирдлагын дор Техар шоронгийн ажилчид хэрхэн сэтгэл зорилго нэгтэй ажиллахыг хараад гайхсан билээ. Хатагтай Киран Вээди шоронгийн хоригдлуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тэдний сэтгэлийн шаналал,  зовлонг арилгахад хамаг анхаарлаа тавьж байлаа. Сүүлд нь 4 сард Техарын шоронд Випашяна бясалгал явуулж байхдаа их багш Гоенка бээр түүнийг Каруна Вээди буюу энэрэн хайрлагч Вээди гэж олны өмнө нэрлэсэн билээ. Тэрээр шоронгийн гүн харанхуй, зовлонт амьдралд ариун номын гэрэл гэгээг авчирсан билээ.

Техар шоронгийн хоёр дугаар хэсгийн арав дахь

Бид нар сайхан өрөөнд амьдарч, сайн хоол идэж, хоригдлууд тэгэх эрхгүй байгааг мэдээд сайхан санагдсангүй. Тэгээд бид шоронгийн хоригдлуудтай адил өрөөнд амьдарч, адилхан хоол идэж байхаар шийдлээ.

Бясалгал эхэлж, эхний шөнө бидний хувьд маш хэцүү шөнө байлаа. Техарын шорон хоёр өрөөтэй, маш сонин зохион байгуулалттай байдаг. Эхний өрөө нь өндөр, оргож чадмааргүй ханаар хүрээлэгдсэн задгай талбайтай. Дотоод өрөө нь унтах ор, усанд орох, хувцасаа угаах жорлон ваннтай байлаа. Өвөл байсан болохоор маш хүйтэн байлаа. Эрүүл мэндээ бодож, ус жорлонгоос хол гадаа унтахаар шийдлээ. салбарт Випашяна бясалгал явагдаж эхэллээ. Энэ хэсэгт хүнд гэмт хэрэгтэй хоригдлууд байхаас гадна хэргээ хүлээж буй хүмүүжигчид хоригдож байлаа. Бясалгалд 96 хоригдол, 23 шоронгийн ажилчид суулаа.

Би проф. Дхарр мөн Чаддха хоёртой хамт бясалгал удирдан явуулахаар ирээд бидэнд тусгай өрөө, сайн хоолоор хангахыг Киран Вээди тушаасныг олж мэдлээ. Мөн тэрээр бясалгалд суугчдад ч гэсэн тусгай хоол өгөхгүй байх хэрэгтэй. Шоронд 9000 гаруй хоригдлууд байгаа бөгөөд зөвхөн тэдэнд сүү жимс зэрэг зүйлийг өгвөл бусад нь эсэргүүцэн босч магадгүй гэж хэлсэн байлаа. Шоронгийн хоол гэдэг нь өглөөний цайнд талх, өдрийн хоолонд халуун ногоо ихтэй гамбир вандуй ногоо, оройн хоолонд цагаан будаа вандуйтай хольж, бага зэрэг сүү өгч байлаа.

Өглөө сэртэл маш хүйтэн учраас нөхөд маань дотогшоо орсоныг мэдлээ. Гэвч би гадаа үлдлээ. 11 цагийн орчим хүйтэн салхи хөнжлийг минь хийсгэж одлоо. Шоронгийн албан хаагчид бидэнд хангалттай шинэ хөнжил өгсөн хийгээд би өөрөө ч гэсэн хөнжилтэй байсан боловч тэр шөнө ихэд даарч, маш бэрх байдлаар шөнийг өнгөрөөж билээ. Мөн удалгүй шоронгийн өглөөний хоол ирлээ.

Би ходоод муутай болохоор гэртээ халуун ногоо иддэггүй, хоолоор өөрийгөө ихээхэн торддог байлаа. Харин энд өнгөрүүлсэн 10 хоногийн үед шоронгийн хоолыг идсэн ч гэдэс гүйлгэж, дотор гал шатах зэргийн аль нь ч тохиолдоогүй.

Өдөр ирэх тусам бид бүгдээрээ ийм сайхан хоол идэж байгаагүй юм шиг санагдаж байлаа. Би гэртээ ирээд авгайгаасаа шоронд идэж байсан шиг тийм хоол хийхийг хүсэж байлаа. Бидний хоолыг бэлтгэж байсан хүн бол гэмт хэрэгтэн хоригдол байсан юм. Гэмт хэрэгтэн боловч энэрэнгүй сайхан сэтгэлтэй нэгэн байлаа. Түүний сайхан сэтгэл хоолыг улам амттай болгосон ажээ.

Шоронгийн гал тогоо нь маш цэвэрхэн, нямбай, хоригдлууд өөрсдөө зохион байгуулдаг болохоор үнэхээр сайхан газар байлаа.

Бясалгалын хоёр дахь өдөр би бясалгалд сууж буй 119 хоригдлуудын 30-аад нь тамхи татаж, ихэнх нь ярьж байгааг харлаа. Тэд юм ярихгүй байх сахил хийгээд бусад сахилуудыг дураараа зөрчиж байлаа. Би тэдэнтэй уулзаж, яагаад ингэж байгааг нь асуухад тэд тамхи татахгүй байж чадахгүй, бясалгал явагдаж байсан ч ярихгүй байж чадахгүй гэцгээлээ.

Би нөхдүүдтэйгээ ийм нөхцөлд яах талаар ярилцлаа. Бид дахиад хоригдлуудтай уулзаж ярилцсанд тэд номын өргөөнд тамхи татахгүй гэж хэлсэн болохоос өрөөндөө татаж болохгүй гэж хэлээгүй ш дээ хэмээн маргаж байлаа. Бид ч сахил сахихгүй бол бясалгалд суулгахгүй гэдгээ тэдэнд тулган хэллээ.

Үүний үр дүнд тэдний зарим нь дүрэм горимыг дагахаар шийдсэн боловч зарим нэг нь зөрсөөр байлаа. Бид дүрэм горим сахихыг хүсэхгүй байгааг нь тусад нь ялгаж, зөвхөн номын айлдварыг сонсож болно, харин бясалгалд суулгахгүй гэж хэллээ.

Дараачийн өглөө тэдний зарим нь бясалгалд суух хүслээ илэрхийлэхэд би тэднээс тамхи татахгүй, ярихгүй байх ам тангараг авлаа. Бясалгал үргэлжилж, тэд амласнаа биелүүлсэн юм. Ихэнх нь тамхиа шидэж, зарим нэг хар тамхи хэрэглэгсэд түүнийгээ орхисон юм. Энэ бүхнийг хараад бид баясаж байлаа. Хүн хэдий хэр доройтсон ч тэр хэмжээгээрээ өндөрт гарч болох билээ.

Зургаа дахь өдөр өөр нэгэн бэрхшээлтэй тулгарлаа. Шоронд нэгэн аймшигт алуурчин хоригдож байв. Шоронгийн албан хаагчид ч гэсэн түүнээс айж байлаа. Орой номын ярилцлагын дараа тэрээр шоронгийн хуягуудад энэ ямар янзын бясалгал гэгч нь вэ? Амьсгалаа мэдэр, амьсгалаа мэдэр л гэх юм. Энэ бясалгал биш. Номын ярилцлаганд танай багш чинь бидний шашин шүтлэгийг буруутгаж байна. Би энэ телевизорыг эвдчихье. Танай багшийг хашраагаад өгье гэхийг шоронгийн удирдлагууд сонсоод сандран гүйлдэн ирж, нөхцөл байдал хүнд байгаа хийгээд яах талаар асуулаа. Би бага зэрэг санаа зовж байсан боловч тайван байлаа. Би тэднийг санаа зовохгүй байхыг санууллаа.

Шөнө дунд өөр нэгэн явдал тохиолдлоо. Шоронгийн хоригдлуудын зарим нь Жай Си Раам, Жай Си Раам хэмээн хашгиралдаж эхэлжээ. Шоронгийн харгалзагчийг дуудлаа. Тэрээр энэ бол түгшүүрийн дохио. Юу ч тохиолдож магад. Та нарын амь насанд аюул учирч магад. Эд нар юу ч хийж чадах хүмүүс учраас та нар өөр өөрсдийнхөө өрөөнд орж, дотроос нь цоожилцгоо. Хэрэгтэй болох үед бясалгалын зааланд харуултай хамт аваачина гэлээ. Би түүнд битгий санаа зов. Бид асуудлыг зохицуулна. Шоронгийн даргад бүү хэлээрэй гэлээ. Шөнө дунд нэлээн ярилцсаныхаа дараа проф Дхарр бид хоёр өглөө тэдгээр хүмүүстэй очиж уулзахаар шийдлээ. Проф Дхарр бол гэр бүлтэй, үүрэг хариуцлага ихтэй залуу хүн байсан болохоор би түрүүлж очиж уулзах хэрэгтэй гэж би бодлоо.

Тэгээд проф. Дхаррыг усанд орж байх хооронд би, биднийг сүрдүүлээд байгаа гэмт хэрэгтэний өрөөний дэргэд очлоо. Тэр над руу харахад урдаас нь би эгцлэн харлаа. Дахин харахад нь би мөн эгцлэн харсаар байлаа. Тэгсэнээ тэрээр “Та яах гэж ирээв? Юу хүсээд байна” гэлээ. Тэгэхэд нь би “Би чамтай уулзах гэж, юу хийдгийг чинь харах гэж ирсэн юм” гэлээ. Тэрээр надад “Та бүү санаа зов. Би энэ шоронг хамгаална. Таны заавраар бясалгана. Би тамхи татахгүй. Тамхи татаж байгаа хүмүүсийг би зогсооно. Тиймээс бүү санаа зов. Шоронгийн албан хаагчдад бүү итгэ. Тэд таныг хамгаалж чадахгүй. Би л таныг хамгаалах болно” гэлээ.

Түүний энэ үгийг сонсоод би санаа амарч, шоронгийн тэр тасгийг тойроод явж байтал проф. Дхарр гүйсээр ирлээ. Бүх зүйл тайван байгааг хэлээд бид шоронг тойрч хоригдлуудтай уулзаж ярьсанд ихэнх нь уур уцааргүй, үзэн ядах сэтгэлгүй тайван байлаа.

Шоронгийн орчин бүхэлдээ өөрчлөгдөж, бид энгийн сайн хүмүүстэй ажиллаж байгаагаа мэдэрч байлаа. Тэд маш сайн бясалгаж байлаа. Ихэнх хоригдлууд сэтгэл санаагаар унаж, өшөө хорслоор дүүрэн байсан хийгээд тэдний ихэнх нь тэднийг шоронд явуулсан хүмүүсийг алахаар төлөвлөж байснаа хэлж байлаа.

Бясалгал дууссаны дараа тэд, тэднийг энэ шоронд явуулсан тэр хүмүүсийг үзэн ядахаа больж, ийм сайхан зүйлтэй учирсандаа баяртай байна. Шоронд ирээгүй бол ийм сайхан зүйлтэй учрахгүй байлаа. Шоронгоос гараад Випашяна бясалгалыг бусдад хүргэнэ гэж байлаа.

Тэдгээр хоригдлуудын 20-25 нь бясалгалын маш өндөр шатанд хүрснийг би мэдлээ. Тэдний сэтгэл амар амгалангаар дүүрч, итгэл бишрэлийн өнгө царай нүүрнээс нь гэрэлтэж байлаа. Үнэхээр их өөрчлөгджээ.

Бясалгалын арав дахь өдөр болоход үндэсний телевиз, радиогийн хүмүүсийг бид урьсан билээ. Шоронгийн дарга хийгээд нөхөр Мехта тэргүүтэй дотоод яамныхан хүрэлцэн ирсэн байлаа. Арав дахь өдөр энэрэхүй сэтгэлийг бясалгаж, ярьж эхэлдэг учраас бясалгалд суусан хоригдлууд, шоронгийн албан хаагчид хоорондоо туршлагаа солилцож байлаа. Сэтгэл санаандаа гүн өөрчлөлтийг хийсэн хүмүүсийн энэ яриа маш урам зоригийг хайрлахаар байлаа.

11 дэх өдрийн өглөө Киран Вээди  хоригдлуудаас хүсэж байгаа зүйл буй эсэхийг асуулаа. Тэд бусад нөхдийгөө бясалгалд суулгахыг хүсэж байгаа учир биднийг явуулахгүй байхыг хүсэж байсан юм. Ихэнх нь дахиад бясалгалд суумаар байна гэж байлаа. Шоронгийн дарга биднээс тэдний хүсэлтэнд хариулт өгөхийг хүслээ. Одоохондоо туслах багш нар байхгүй, бэлтгэл их хэрэгтэй учир боломжгүй байгаа талаар хэлэхэд тэрээр хоригдлуудад дахин эргэж ирнэ гэдгээ амлахыг шаардлаа.

Тэгэхэд нь би дахин бясалгал явуулах болно гэхэд тэд намайг явуулахгүй гэцгээлээ. Нэлээн ярилцсаны дараа би тэдэнд удахгүй нэгэн зэрэг дөрвөн бясалгалын курс явуулахыг амласан билээ. Би бээр Гоенка багш туршлага бүхий багш нарыг тэнд явуулж, бясалгал зохион байгуулна гэж итгэж байсан бөгөөд хүссэнчилэн болсон билээ. Хоёр дугаар шоронгоос биднийг явахад хоригдлууд нулимс дуслуулан сэтгэл хөдлөм байсан билээ.

Дараачийн дөрвөн бясалгал 1994 оны 1 сарын 1-12 хооронд 1, 3, 4 дэх шоронгуудад явагдаж, нийтдээ 300 хоригдол сууж, бид ийнхүү амласнаа биелүүлж, бясалгал тайван явагдсан билээ. Туслах багш нар байрлах орон байр баригдаж, шоронгийн хоол унд ч гэсэн сайжирчээ.

Гэлээ ч Киран Вээди тайван суусангүй. 9000 хоригдолтой учраас яаралтай өөрчлөлт хийх хэрэгтэй. Тэрээр өөр албанд томилогдож магадгүй учраас яарч байлаа. Тэрээр Техарын хоригдол бүхэнд Випашяна бясалгалыг зааж сургахыг хүсчээ.

Би түүнд хэтэрхий хурдтай явж чадахгүй гэхэд тэрээр чадахыг хичээгээч гэж билээ. Тэрээр 1000 хоригдолтой бясалгал явуулахыг санал болгож байлаа. Гэтэл гэнэт би их багш Саяажи У Ба Кин-ы хэлсэн үгийг саналаа. Их багш Саяажи У Ба Кин, Гоенка багшийг нэгэн зэрэг 1000 хүнд Випашяна бясалгал заана гэдгийг урьдчилан лүндэгнэн хэлсэн байдаг. Би одоо ийнхүү цаг нь болсон гэдгийг ойлголоо.

Гоенка багш ч хүлээн зөвшөөрлөө. 1004 эрэгтэй хоригдолуудтай түүхэн бясалгал Техарын 4 дүгээр шоронд 1994 оны 4 сарын 4-15 хооронд явагдаж, Гоенка багш, Матажи хоёр 15 туслах багш нартай хамт бясалгалыг удирдан явууллаа. Үүнтэй зэрэгцэн 2 эмэгтэй туслах багш нар 1 дүгээр шоронд 49 эмэгтэй хоригдолуудад Випашяна бясалгалыг удирдан явуулжээ.

Энэ нь дэлхийн түүхэнд явагдсан хамгийн том бясалгалын курс байсан билээ. Мянгаас илүү гэмт хэрэгтнүүдийг нэгэн том асарын доор цуглуулна гэдэг гайхалтай сайхан ч аюулгүй байдлын талаар аймшиг ч байх байлаа. Бясалгалд суугчид ихэнх нь гэмт хэрэгтэн, хэргээ хүлээж буй, зарим нь бүр алан хядах үйл ажиллагаанд оролцогсод байлаа. Тэд янз бүрийн шашин шүтлэгтэй байсан бөгөөд гадаадын хоригдлууд ч байлаа.

Бясалгал нам тайван эхэлж, бясалгагчид их багшийн удирдлаган доор тайван бясалгаж эхэллээ. Тэд ч үнэхээр азтай хүмүүс байлаа. Бясалгалын өдөр өнгөрөх тусам тэд тайвширч, тэдний санаа сэтгэл амгалан болж байлаа. Арав дахь өдөр энэрэхүйн бясалгалыг хийсний дараа бид хоригдлууд үнэхээр баясан баярлаж байгааг харсан билээ.

Тэдний ихэнх нь Випашяна бясалгал хийснээр гэмт хэргийн ертөнцөөс салж, тайван, амгалан амьдралаар амьдарч чадна гэдэгтээ итгэлтэй байлаа. Тэдний зарим нь шоронгоос гараад Випашяна бясалгалыг бусдад хүргэж, нийгмийг гэмт хэрэг, аллага хядлагаас хамгаалахад амьдралаа зориулахаар шийдсэнээ хэлж байлаа.

11 дэх өдөр Гоенка багш шоронгийн дарга, шоронгийн албан хаагчид бясалгалд суусан хоригдлууд олон улсын хэвлэл мэдээллийн ажилтанууд, Энэтхэг, Тайланд, Шри Ланк, Балбын засгийн газрын төлөөлөгчдийг байлцуулан Техарын 4 дэх шоронгийн доторхи Випашянагийн төвийг нээсэн билээ.

Энэ төвд сар бүр 10 хоногийн бясалгал 2 удаа явагдах болно. Бясалгал бүрийн 11 дэх өдөр хуучин бясалгагч нарт зориулсан нэг өдрийн бясалгал тогтмол явагдах болно. Гоенка багш энэ төвийг Дхамма Техар хэмээн нэрлэжээ. Энэ түүхэн бясалгал гайхамшигт явдал байлаа.

Одоо энэ шоронд энэ бясалгалыг хийсэн 30 гаруй шоронгийн ажилтанууд байгаа билээ. Эхний бясалгалд суусан хоригдлууд дараачийн бясалгалд номын үйлчлэгчээр ажиллаж байлаа. Миний нөхдүүд, тэдгээр хоригдлууд тэдний учирч байсан хамгийн сайн номын үйлчлэгч байсныг хэлж байлаа. Тэд гэмт хэрэг, аллага хядлага хийж, нийгмээс жигшигдсэн хүмүүс байсан бөгөөд Випашяна бясалгал хийсний дараа тэд төлөв даруу, амгалан тайван сэтгэлт нэгэн болж, ариун сайхан сэтгэлээр үйлчилж байлаа. Тэднийг ийнхүү цэвэр ариун сэтгэлээр үйлчилж байгааг харахад үнэхээр сайхан байсан билээ.

Энэ бол Випашяна бясалгал шоронд хэрхэн ирсэн тухай цухасхан өгүүлсэн түүхэн дурсамж билээ. Би шоронгийн тухай ерөнхийд нь нэгэн зүйлийг санал болгомоор байна. Хүмүүсийг шийтгэх энэ систем хэзээ эхэлсэнийг хэлэхэд бэрх. Харамсалтай нь эрт одоогийн бүх нийгэм журам шоронд хүн төрөлхтөнийг яллан цээрлүүлж ирсэн билээ.

Гэлээ ч өөрчлөлт, шинэчлэлт эхэлж байна. Энэтхэг хийгээд дэлхийн өнцөг булан бүрт шорон бол буруу зүйл хийгсэдийг бурууг нь ойлгуулах, тэднийг өөрчлөх зорилготой газар болохоос биш цээрлүүлэн шийтгэх газар биш гэдгийг ойлгож эхлээд байна.

Ихэнх шоронгууд гэмт хэрэгтнийг шийтгэн цээрлүүлэх биш, тэднийг өөрчлөх, сайн хүн болгон хүмүүжүүлэх газар болон шинэчлэгдэж байна. Техарын шоронд амжилттай явагдсан бясалгалын дараа Энэтхэгийн дотоод явдлын яам, бүх шоронгийн дарга нарыг цуглуулан хуралдаж, Энэтхэгийн бүх шоронгуудад Випашяна бясалгалыг зохион байгуулж, шоронгийн өөрчлөлт шинэчлэлтийг явуулахыг тушаажээ.

Энэ бол гайхалтай сайхан алхам байлаа. Нөхөр М.Л. Мехтагийн Випашяна бясалгалыг Техарын шоронд аваачих хүсэл хийгээд тэр л бясалгалын гайхамшигт үр дүн нь гэмт хэргийн ертөнцөд хөл тавигчидын хувьд өөрчлөлт шинэчлэлтийн шинэ эринийг бий болгожээ.

Випашяна бясалгал нь тэднийг гэмт хэргийн ертөнцөөс салгах төдийгүй, сэтгэл санааны бүх зовлон шаналалаас ариусгах болно. Би Энэтхэгийн шоронгийн хоригдлууд  хийгээд дэлхийн бусад орны шоронгийн хоригдлууд Випашяна бясалгалын ач тусыг бодитоор хүртэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.