ХҮҮХДИЙН “АНАПАНА” БЯСАЛГАЛ ТАНИЛЦУУЛГА

Бидний хойч ирээдүй болсон хүүхдийн боловсрол хүмүүжил нь эрдэм мэдлэг, бие бялдарын хүмүүжил төдийгүй тэдний сэтгэл зүй, дотоод ертөнцийг ч гэсэн хамарсан байх ёстой. Харамсалтай нь орчин үеийн боловсролын систем нь зөвхөн эрдэм мэдлэг, бие бялдарын хүмүүжил боловсролыг голлон анхаарч, сэтгэл зүй, дотоод ертөнцийг ерөнхийд нь мартаж орхисон байна.

Хүүхдийн боловсрол нь гадаад материаллаг ертөнцийг таньж мэдэх хийгээд өөрсдийн дотоод ертөнцийг таньж мэдэх гэсэн 2 ангилалтай байдгийг орчин үеийн боловсролын систем дутуу харсан бололтой. Хүүхдийн гадаад ертөнцийн талаар олж мэдсэн эрдэм мэдлэг, авъяас чадвар нь тухайн хүүхдэд ирээдүйд амьжиргаагаа олоход нь туслах бөгөөд хүүхдийн дотоод ертөнцөө таньж мэдсэн боловсрол нь өөрийгөө хийгээд бусдыг амгалан амьдруулах арга ухаанд сургадаг байна. Гадаад ертөнцийн элдэв зүйлийг сурч мэдсэнээр хүүхэд ирээдүйд янз бүрийн мэдлэг боловсролтой хүмүүс болох нь сайн хэдий ч дотоод ертөнцтэй танилцах боловсролын чухал талыг орхигдуулсанааар бидний амьдран буй орчин айдас хүйдэс, аллага хядлага, сэтгэлийн дарамтаар дүүрэн байгаа билээ. Орчин үед эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгчид хүүхдийн боловсролд ямар нэгэн зүйл дутагдаад байгааг мэдэрсээр байдаг ч тэр талаар хэрхэн юу хийхээ мэддэггүй.

Хувь хүний хувьд бид одоогийн боловсролын системийг өөрчилнө гэдэг амаргүй. Гэхдээ бид хүүхдийг тэдний дотоод ертөнцтэй нь танилцуулж, өөрийнхөө сэтгэлийн эзэн нь болж, сэтгэлийн тэнцвэртэй, сайн хүн болон хүмүүжихэд нь туслах аргыг бидний гэрэлт ирээдүй болсон үр хүүхэддээ сургаж болох юм.

Энэ арга нь тэдэнд өөрсдийгөө, өөрийнхөө дотоодоос ажиглан мэдэж, өөрсдийгөө зөв замд удирдан жолоодох арга барилыг бүрэн төлөвшүүлэх болно. Өөрөөр хэлбэл энэ аргыг хэрэглэснээр тэд өөрсдийнхөө дотоод сэтгэлийн тухай үнэнийг ном шастираас биш, өөрсдийнхөө туршлагаараа илтэд онож мэдэх болно.

Энэ арга бол ямар ч шашны урсгалаас ангид, шинжлэх ухааны үндэслэлтэй, ач тус нь шууд илтэд мэдрэгдэх “Анапана” бясалгал юм. Энэ бясалгалыг сурахад амар хялбар учраас бага наснаасаа эхлэн сурч болох юм. Хүүхэд шинэ зүйлийг мэдэх, таних хүсэл тэмүүлэл, эрч хүч дүүрэн байдаг энэ үед тэднийг өөрсдийнх нь оюун ухаан хийгээд тэнд нуугдсан содон авъяас чадвар, нарийн уялдаа холбоог олж мэдэх боломжийг олгох хэрэгтэй юм. Энэ бясалгалыг сурсанаар хүүхдүүд анх удаа өөрсдийнхөө дотоод ертөнцөд анхныхаа алхамыг тавьж эхэлдэг.

“Анапана” гэдэг нь өөрсдийн орж гарч буй бодит амьсгалыг өөрөө ажиглан мэдэх гэсэн утгатай үг. Бясалгалын энэ гайхамшигт тусгагдахууныг ариудан гэгээрсэн Бурхан багш Гоутам бээр бидэнд өөр өөрсдийн дотоод ертөнцтэй танилцах зэмсэг болгон өгсөн билээ. Энгийн орж гарах амьсгал нь бидний бие цогцос хийгээд сэтгэл оюунтай нарийн холбоотой бадаг. Энэ бясалгал нь хүүхдийг одоо цагт амьдарч сургадаг бөгөөд хүүхдийн сэтгэл оюунд үүсэгч ил далд хир буртаг, буруу зуршилыг арилгахад тусалдаг байна. Нийтэд нэгэн адил орж гарч байдаг бодит амьсгалыг ажиглан мэдэрч, түүн дээр анхаарлаа төвлөрүүлж сурах энэ бясалгалыг ямар ч язгуур угсаа, шашны гарал үүсэл, арьс өнгө, хүйс харгалзахгүйгээр хүүхэд бүр хийж болох юм.

Хүүхдийн “Анапана” бясалгалыг ерөнхий боловсролын сургуулиуд хийгээд бясалгалын төвүүдэд зохион байгуулдаг. Бясалгал 1, 2, 3 хоногийн гэсэн ангилал, хугацаатай үргэлжилдэг. Хүүхдийн сонирхол, чадварт нь зохицуулан зохион байгуулдаг бөгөөд бясалгалыг “Випашяна” бясалгалын туршлага бүхий багш нар удирдан явуулна. Бясалгал нь хүүхдийн сэтгэл зүйн хүмүүжлийн нэг чухал хэсэг хэдий ч хүүхдэд хэтэрхий их ачаалал болгохыг эрмэлздэггүй. “Анапана” бясалгал хийснээр хүүхдийн сэтгэл орж гарч буй амьсгал дээр төвлөрч, сэтгэлийн амгалан тайвныг мэдэрч эхэлдэг. Хүүхдийн бясалгал нь хүүхдэд зохицсон цагийн хуваарьтай байдаг бөгөөд үлгэр түүх ярих, тоглох, дуртай зүйлээ хийх урлах зэрэг олон зүйлийг цагийн хуваарьтаа багтаадаг.

8-15 насны хүүхдүүд хэд хэдээрээ тусгай хэсэг болон хуваарилагдаж, зөвлөх багш нараас заавар зөвлөмжийг авч, бясалгалын аргыг сайн сурч, түүнийгээ хүүхэд насныхаа амьдралын салшгүй хэсэг болгоход суралцана. “Анапана” бясалгал заахаас гадна сайн хүүхэд гэдэг нь бусдыг үг хэл, биеэрээ хорлон зовоохгүй байх хийгээд өөрсдийнхөө сэтгэлийн эзэн болж, сэтгэлийнхээ буруу дадал зуршилыг арилгах хэрэгтэй гэдэг талаар бүрэн ойлгуулж, таниулдаг.

Бидний сэтгэлд үүсэх уур хилэн, айдас хүйдэс гэх мэтийн хир буртаг нь бидний сэтгэлийг тайван бус байдалд оруулдаг учраас сэтгэлээ юуны өмнө тодорхой хэмжээнд тайвшруулахын тулд уг “Ананапана” бясалгал, 5 сахил авснаар эхэлдэг. Өөрсдийнхөө сайн сайхны төлөө амьтаны амь хөнөөхгүй, хулгай хийхгүй, худал хэлэхгүй, архи тамхи зэрэг хортон хэрэглэхгүй, насанд хүрч гэр бүлтэй болох хүртлээ ариун явдалыг дээдлэх зэрэг 5 сахилыг авдаг билээ.

Тэдэнд эдгээрийг мэдээд зогсохгүй, амьдралдаа хэрэгжүүлбэл үнэн ач тустай болохыг таниулж ойлгуулдаг. Мөн Бурхан, Христос, Мохамед зэрэг дэлхийн олон хутагт ариун хүмүүсийн амьдралын түүхийн талаар олон үлгэр ярьж таниулдаг.

Эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч болон ахмадыг хүндлэх хийгээд сайнтай нөхөрлөхийн ач холбогдолын талаар таниулан ойлгуулахыг хичээдэг билээ. Хүүхдүүд бясалгал хийж байгаа болохоор эдгээр сургаал зөвлөмжийг сэтгэлдээ шууд тусган авах нь ажиглагдсан бөгөөд ингэснээр хүүхдүүд өөрсдийнхөө сэтгэл оюуныг ажиглахад суралцаж эхэлдэг. Тэд өөрсдийнхөө сэтгэл оюуныг хэрхэн өнгөрсөн хийгээд ирээдүй цагт үсчин явах дадалтайг ойлгож, хэвийн орж гарах амьсгалын тусламжтайгаар түүнийг энэ цаг мөчид төвлөрүүлэхэд суралцаж эхэлдэг. Тэд удалгүй хүний амьсгал болон сэтгэл оюун хоёр хичнээн нарийн холбоотой болохыг мэдэрдэг бөгөөд хойшид тоглож наадаж байхдаа ч бясалгалынхаа туршлагыг нэг нэгэнтэйгээ солилцож, ямар нэгэн алдаа дутагдал, бэрхшээлээ залруулдаг.

Анапана бясалгалын ач холбогдол

Энэтхэг хийгээд дэлхийн олон оронд зохион байгуулагдаж буй хүүхдийн бясалгалын тоо улам бүр нэмэгдсээр байна. Зөвхөн өнгөрсөн жил л гэхэд 50 гаруй хүүхдийн бясалгал явагдаж, 5000 гаруй хүүхэд хамрагджээ. “Анапана” бясалгалыг хийснээр хүүхдэд бага наснаасаа сайн хүн болон хүмүүжих баттай суурь тавигдаж байгаа нь илтэд мэдэгдэж эхэлжээ. Бясалгалыг хийж сураад, гэртээ болон сургууль дээрээ тогтмол хийж буй хүүхдийн сурлага, хүмүүжил сайжирч байгаа нь илт байна. Бясалгал явагдсаны дараа хийсэн судалгаанаас үзэхэд хүүхдийн хүмүүжил сайжирч, шударга боловсон болж, багш сурган хүмүүжүүлэгчидийн үг сургаалыг дагах, анхаарал төвлөрөл сайжирах, ариун цэврээ сахих зэрэг олон сайн чанар нэмэгдэж, бусадтай маргах хэрэлдэх, буруу зөрүү үг хэлэх, гутрах зэрэг буруу дадал зуршлууд илтэд багасах нь харагджээ. Энэ бясалгалыг тогтмол сургууль дээрээ болон гэртээ үргэлжлүүлэн хийснээр л сайн үр дүн гарч байгаа нь харагджээ.

Эцэг эх хийгээд багш хүмүүжүүлэгчид ч гэсэн хүүхдүүдтэй хамт бясалгах хэрэгтэй. Хүүхдүүд хүчээр тулгасан сургаал зааврыг үргэлж сонсох дуртай биш байдаг учраас багш нарыгаа ч гэсэн энэ бясалгалыг хийж байгааг хараад тэд дуртай нь аргагүй даган хийж эхэлдэг. Иймээс бясалгалыг сургууль дээр зохион байгуулах нь маш чухал бөгөөд хүүхдэд ач тусыг нь хүртээхийн тулд ерөнхий боловсролын сургуулиудад хичээлийн цагийн хуваарийнх нь дотор 10-15 минут бясалгах бясалгалын хуваарийг ч оруулах нь зүйтэй юм. Бясалгалд суусан зарим хүүхдүүд “Анапана” бясалгалын талаар төрсөн сэтгэгдлээ ийн өгүүлжээ.

“Энэ бясалгалд суугаад их сайхан байна. Найз нар минь бүгдээрээ суугаасай.”

“Эхэндээ амаргүй ч аяндаа сайхан болсон. Өөрийгөө ажиглах нь их сонин юм.”

“Энэ бясалгалыг хийснээр би их тайван боллоо.”

“Амаргүй ч гэсэн хичээлээ хийхэд их хэрэгтэй юм шиг байна.”

“Хичнээн сайхан байсаныг хэлэхэд хэцүү байна. Эгч минь ирсэн болоосой.”

“Миний сэтгэл сармагчин шиг тогтворгүй болохыг би мэдлээ. Одоо би түүнийг төвлөрүүлж сурч байна.”

“Өнгөрсөн жил би анх удаа энэ бясалгалд сууж, хичээлээ хийх, юм цээжлэхэд их тустай байсан. Одоо би дахин суухаар ирсэн.”

“Анапана бясалгал хийснээр би сайн хүн болон хүмүүжих байхаа гэж найдаж байна.”

“Би их ууртай. Анапана бясалгал хийхээр уур минь алга болдог” гэцгээжээ.

Хүүхдүүдтэйгээ хамт өглөө хичээл эхлэхэд 10-15 минут, орой тарахад 10-15 минут “Анапана” бясалгал хийдэг багш нар амьдралдаа анх удаа амар амгаланг мэдэрч, бусад багш нар ч гэсэн тэдний анги хэрхэн амгалан тайвнаар дүүрэн, эвсэг дотно уур амьсгал бий болж байгааг ажиглах болжээ. Багш сурагч нарын хоорондын харьцаа ч улам бүр найрсаг болжээ. Нэгэн ээж бясалгалд суухаас өмнө хүүтэйгээ эвгүй харьцдаг байсан хийгээд “Анапана” бясалгалын дараа хүү нь уурлаж уцаарлахаа  больж тэгснээр тэдний хоорондох харьцаа нь сайжирч, урьдахаасаа улам ойт дотно болсон ажээ.

Хүүхдийнхээ боловсролд дутагдаж байсан тэр л цоорхойг “Анапана” бясалгалаар нөхөж, хүүхдийнхээ боловсролыг төгс болгож чадсан эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгчид энэхүү бясалгалын ач тусыг илтэд мэдэрсээр байна.

Аль болох олон хүүхэд ариун номын замд орж,улс орны ирээдүй гэрэлтэн гийх болтугай.