Byasalgal.mn

ВИПАШЯНА БЯСАЛГАЛ

“МОНГОЛ ДАХЬ ВИПАШЯНА БЯСАЛГАЛЫН АЛБАН ЁСНЫ “ДХАММА-МАХААНА” ТӨВ

Бурхан багш

МЭӨ 6 зуун бол дэлхийн түүхийн чухал үе байлаа. Хүн төрөлхтөний түүхэнд аугаа их ачтан Гоутам гэгч мэндэлж улмаар Бурханы хутгийг олон гэгээрсэн юм.  Тэрээр түгээмэл орших зовлонгоос ангижруулагч ариун номын замыг дахин нээж олсон төдийгүй их нигүүлсэнгүй сэтгэлээр 45 жилийн турш сая сая хүмүүст зовлонгоос хагацах арга замыг зааж сургасан юм. Түүний сургаал өнөөдөр ч хүн төрөлхтөнд ач тусаа өгч байгаа төдийгүй,  цэвэр ариунаараа хадгалагдаж байгаа нөхцөлд цаашид ч үр шимээ өгч сэтгэлийн амар амгаланд хүрэхэд тусалсаар байх болно. 

Түүхэнд өгүүлснээр Сакяа улсыг МЭӨ 624 онд захирч байсан Судходана хаан 2 хатантай байжээ. Их хатаныг Махамая,  харин залуу хатанг Махапажапати Готами гэдэг байсан ба,  тэд эгч дүүс байжээ. Вэшака сарын  /4,5 сар/ тэргэл  сартай өдөр Махамая хатан,  нийслэл Капилаватугаас Девадах хот руу анхны хүүхдээ гаргахаар өөрийн эцэг эх рүү явж байх зуураа Лумбини цэцэрлэг дэхь модны дор нярайлж  хүү төрүүлжээ. Энэ үед Ашита гэх нэгэн настай даяанч тэнд ирж хүүгийн биеэ лагшинд цогцлосон суут хүмүүний шинж тэмдэгийг үзсэн түүний нүүрэнд үлэмж баяр баясгалан тодрон байснаа төдөлгүй нулимс унагасан байна. Тэрээр зовлонгоос хэрхэн ангижрах арга замыг хүн төрөлхтөнд заан сургахаар ертөнцөд ирсэн энэ аугаа хүнийг хараад бишрэн баясахын хамт,  түүнийг ном заах хүртэл өөрийгөө удаан наслахгүйгээ мэдээд ийнхүү уйлсан байжээ. 

Хүүг төрснөөс 5 хоногийн дараа нэр өгөх хүндэтгэлийн арга хэмжээн дээр уригдсан олон лам хуврагууд хүүг Чакравартын  хаан эсвэл Төгс гэгээрсэн бурхан болно гэж зөгнөж байсанч Конданяа гэгч нэг л хувраг хүүг Бурхан болно гэж итгэлтэй хэлсэн байна. Хүүд Сидхарта буюу зорилгодоо хүрсэн гэдэг утгатай нэрийг хайрлажээ. Хүүг мэндэлснээс 7 хоногийн дараа эх нь нас барж, тэрээр хойд эх Махапажапатийн асрамжинд өсчээ. Залуу ханхүү үеийнхэнтэйгээ адил тоглоом зугаанд дургүй, харин бодлогоширон ганцаараа байхыг илүүд үздэг байв.

Үүнийг ажиглаж мэдсэн хаан эцэг нь,  хүүгийнхээ тухай зөгнөн хэлсэн зүйл биелэх вий хэмээн эмээж хүүгээ үргэлж сайхан өнгө үзэмжтэй бүхнээр хүрээлүүлэн гадаад ертөнцийн амьдралыг үзүүлэлгүй тусгаарлан байхыг хичээж байжээ.

Сидхарта харьцангуй залуу насандаа буюу 17 настай байхдаа Яшодхара гэдэг үзэсгэлэнт гүнжтэй гэрлэсэн байна. Эцэг нь ингэж түүнийг гэр бүлийн амьдралд оруулах нь зүйтэй гэж үзсэн байна.  Ийнхүү 29 нас хүртлээ тэр торох бэрхшээлгүй тансаг сайхан гэр бүлийн амьдралыг туулсан байна.  Нэгэн өдөр Сидхарта гадагш гарч гудмаар явж байх зуур эхлээд хөгшин өвгөнийг, дараа нь өвчтэй хүнийг, дараа нь үхсэн хүнийг харжээ.  Эцэст нь амар амгалан гэрэл гэгээ нүүрэнд нь  туяарсан даяанчтай таарсан байна. Эдгээр 4 учрал түүнд маш гүн сэтгэгдэл үлдээсэн тул тэрээр ертөнцийн зовлонгийн тухай бодсоор байсан ба  ертөнцийн амьдралыг улам гүнзгий таньж мэдэхийг, мөн эдгээр зовлонгоос салж чөлөөлөгдөх арга замыг олохыг хүсэх болжээ. 

Төдөлгүй ханхүү Сихарта болон гүнж Яшодхара нар хүүтэй болсон бөгөөд энэ үйл явдлыг Сидхарта сэтгэлийн саад гэж үзэж байсан тул хүүдээ Рахула буюу саад бэрхшээл гэсэн утгатай нэр өгсөн байна.  Хэдийгээр хүү нь түүний бодсончлон тийм ч төвөгтэй байгаагүй тул тэрээр улам хүчтэй дасч уягдахаасаа өмнө ертөнцийн амьдралтай танилцахаар шийджээ. Тэр үнэний эрэлд гарсан даяанчийн амьдралыг сонгосон байна. Нэгэн шөнө тэр өөрийн зарц Чаннагийн хамт ордноо орхин гарсан ба хэсэг газар хамт туулсны дараа өөрийн үнэт чимэг зүүлтийг өгч буцаагаад дараа нь үсээ тайрч даяанч болжээ. Энэ үед тэр 29 настай байлаа. Тэр 6 жилийн турш үнэнийг хайн тэнүүчилсэн байна. Эхлээд тэр Алира  Калама, Уддака Рамапутта гэдэг багш нартай учирч тэднээс тухайн үед хөгжиж байсан самади бясалгалаар гүн төвлөрөх /7 ба 8 шат хүртэл/ аргыг заалгажээ. Гэвч энэ нь түүнд хангалттай санагдсангүй. Түүний сэтгэл маш их цэвэршиж, урьд өмнөхөөс илүү тайван амгалан тогтвортой болж байгааг тэр анзаарч байсан ч түүний сэтгэлийн хамгийн гүн хэсэгт хир буртаг нуугдсаар байгааг бас мэдэж байлаа. Түүний сэтгэл бүрэн цэвэрлэгдээгүй байсан юм. 

Түүний эрэл ийнхүү цааш үргэлжилсээр Урувелийн Синанигамад хүрчээ. Тэнд хүнд хэцүү тэсвэр хатуужлын сургуулилт үйлдэж байгаа 5 бадарчинтай учирч хамт сургуулилж эхэлсэн байна.   Тэдэнтэй хамт тэр хэлхээ яс болтлоо турж эцтэл хоолоо сойж сургуулилсан боловч сэтгэлээ бүрэн төгс ариусгаж чадахгүй байв. Энэ бүх хугацааны эцэст тэрээр биеийн тав тух, тансаг бүхнийг хангах хийгээд биеэ зовоон хүнд хэцүү хатуужил, тэвчээрийг үйлдэх хоёрын аль аль нь зовлонг арилгахад тус болж чадахгүй туйлшрал юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Энэ дүгнэлт нь түүнийг төв зам мөрийг нээж олоход хүргэжээ. Ингээд тэр хоол идэхээр шийдэж, ойролцоох тосгонд амьдардаг Сужата гэгч нэгэн бүсгүй будааны зутан өргөснийг идсэн байна.  Энэ мөчид түүнтэй хамт сургуулилж байсан бусад 5 бадарчин хатуужил тэсвэрийн сургуулилт үйлдэх нь төгс гэгээрэлд хүрэх зам гэдэгт итгэсээр байсан тул түүнийг зорилгоосоо ухарсанд тооцож орхин явцгаажээ. Харин Сидхата  ганцаараа үргэлжлүүлэхээр шийдсэн ба Вешака /4,5 сар/ сарын тэргэл сартай нэгэн өдөр Неранжана голд орж угаал  үйлдсэний дараа хажуугийн ойн төгөлийг зүглэн явсан байна. Тэнд очоод тэрээр нэгэн модны дор сууж төгс гэгээрэлд хүрэхээс нааш эндээс босохгүй гэсэн хатуу шийдвэрийг гарган суужээ.  Тэр бүтэн шөнийн турш гүн бясалгал үйлдэн суусан ба эцэст нь үнэнийг олж, хүн төрөлхтөнөө мартагдан үгүй болоод байсан Випашяна бясалгалын аргыг дахин нээн илрүүлсэн байна.

Випашяна гэдэг бол юмс үзэгдлийг харагдаж байгаа хэлбэрээр бус бодит мөн чанараар нь олж харахыг хэлдэг. “Брахмажала”  хэмээх сударт тэрээр гэгээрэлд хүрэхийн тулд хэрхэн бясалгал үйлдсэнээ ийн өгүүлсэн байна.

“Хуврагуудаа, үүсээд устан үгүй болох мөн чанартай мэдрэмжид дурлан таашаахын аюул хийгээд түүнд үл автаснаар хүлээснээс салж чөлөөлөгдөхийг илтээр онож, туршлагаараа мэдэрсэн тул би бээр гэгээрлийн хутгийг олсон билээ.” хэмээжээ.

Випашяна бясалгалыг үйлдсэнээр тэрээр юмс үзэгдлийн мөн чанарыг олж харахад саад болж байсан сэтгэлийн мунхаг, төөрөгдлийг арилгаж бүх ертөнц шалтгаан ба түүний үр дагавар гэсэн гинжин хэлхээсээр нөхцөлдсөн байдаг тухай шүтэн барилдлагын хуулийг нээсэн байна. Ямарч юмс ба үзэгдэл шалтгаанаас үүсэх бөгөөд шалтгааныг үгүй хийвэл түүнээс үүсэх ямарч үр дагавар үгүй болно. Иймд зовлонг үүсгэгч шалтгааныг бүрэн устгаж чадсан хүн жинхэнэ аз жаргалд хүрч бүх зовлонгоос чөлөөлөгдөх болно. Үүнийг ойлгож мэдсэнээр тэрээр бидний сэтгэл хүсэл шунал үүсэх дадалтай байдгаас юмс үзэгдлийг оршин байгаа мэт хуурмаг төсөөллийг үүсгэж байдаг гэх туйлийн үнэнийг олж мэдсэн байна. Ийнхүү түүний билгүүн ухааны хурц гялбаа мунхагийн харанхуйг нэвтлэн гэрэлтэхэд, сэтгэлийн гүнд үлдсэн өчүүхэн хир буртаг нь угаагдан арилсан байна. Түүний сэтгэл бүх хүлээснээс салж, цаашид үүсэх ямарч хүсэл шунал үгүй болсон ба туйлын үнэнг мэдэрч төгс гэгээрэлд хүрсэн байна. Одоо тэр Саммасамбудда буюу огоот туулсан бурхан болжээ. Түүний дор нь сууж гэгээрсэн модыг Бодь мод гэж нэрлэх болсон ба одоо Бодгаяа орчим байдаг байна.

Төгс гэгээрэлд хүрэх тэр мөчид түүний бодолд дараах үгс орж ирсэн байна.

“Тоолж баршгүй олон төрлийг дамжин би сансарын хүрдэнд эргэлдэж өөрийн бүтээгчийг хайсан ч олж үл чаджээ.  Би бээр дахин дахин төрөл авч зовлонг эдэлж байж. Намайг бүтээгч таныг би одоо харж байна. Та одоо намайг дахин бүтээж чадахгүй болсон. Гол багана болон хана бүгд нуран унав. Миний сэтгэл одоо бүх үйлийн үрээс  ангижирлаа. Ямарч хүсэл үгүй шатанд би хүрлээ.” хэмээжээ

Гэгээрснийхээ дараа Будда долоон долоо хоног нирвааны амгаланг эдлэн өнгөрүүлсэн байна. Түүний дараа Бирмийн худалдаачид болох Тапассу, Балика нар ирж будааны боов зөгийн бал зэргийг өргөв. Тэр хоёр,  дэлхийн хүмүүсийн дундаас хамгийн анхны Бурханы болон номын авралд багтсан шавь нар болсон байна. Энэ үед хувраг гэх ойлголт үгүй байжээ. Бирмийн түүхэн тэмдэглэлд энэ хоёр худалдаачин одоогийн Рангүүний ойролцоо орчмын эртний Оккал хотоос гаралтай гэж бичсэн байдаг. Хамгийн түрүүнд бирм хүмүүс Бурхан болон ариун номонд хүндэтгэл үзүүлсэн ба Бурхан гэгээрсний дараа хамгийн түрүүнд Бирмийн будаа зөгийн балыг зооглож байсан гэдгээр өнөөгийн Бирмчүүд их бахархдаг байна. 

Бурхан бээр хязгааргүй их энэрэн нигүүлсэх сэтгэлтэйн учир Ариун номыг сургахаар шийджээ. Түүний хоёр багш  Лара Калама, Уддака Рамапутта нар номыг хамгийн түрүүнд ойлгож чадах хүмүүс байсан боловч аль хэдийн энэ хорвоогоос явсан байлаа.   Тиймээс тэр Саранатийн ойролцоох Исапатана-мигадаяа гэх газар байрлах Варанасын бугат шугуйд очиж түүнийг гэгээрэхийн өмнөхөн орхин одсон 5 даяанчад эхлэн номоо заахаар шийдэв. Ийнхүү Асана сарын /7 ба  8 сар/ тэргэл сартай өдөр номын хүрдийг эхлэн эргүүлж төв зам мөрийн тухай буюу “Даммасакаппаватана Сутта” сургаалиа тэдэнд айлдахаар   замд гарсан байна.  Тэд Бурханы хамгийн анхны хувраг шавь нар болсон байна. Энэ сургаалийнхаа дараа тэрээр “Анатта-лакка Сутта” сургаалиа тэдэнд айлдсаны дараа тэд Випашяна бясалгал хийснээр 5 хувраг бүгд төгс гэгээрэлд хүрч архад болцгоожээ.  Тэд мөнх бус, зовлон болон би үгүйн мөн чанарыг /аничча, дукка, анатта/ билгүүн ухаанаараа онож чаджээ. Төдөлгүй түүн дээр баян тансаг амьдралтай хэдий ч сэтгэл нь тавгүйтэж гүйцсэн Варанасагийн том худалдаачны хүү Яаса гэгч ирж сахил хүртжээ.  Мөн түүнийг дагалдан явсан 54 найз нар нь мөн хуврагууд болцгоосон байна. Тэд бүгд ариун номын шимийг хүртэж эрж байсан амар амгалангаа олсон төдийгүй бясалгалаа үргэлжлүүлсээр архантын шатанд хүрчээ.

Яасагийн эцэг эх хоёр ч мөн ариун номын замд орж Гурван эрдэнийн авралд багтсан хамгийн анхны хар хүмүүс болжээ. Гурван эрдэнэ гэдэг нь Бурхан, Ном, Ариуссан хувраг бөгөөд ариун номын сургаалийг даган мөрдөхийг тэдгээрийн авралд багтах гэж хэлдэг байна.

Үүний дараа борооны улирал эхэлсэн тул Будда Саранатын ойролцоо 60 хуврагуудтайгаа хамт байрлан борооны улирлыг өнгөрөөх үед тэд бүгд архад болсон байна. Ингээд борооны улирал дуусахад Бурхан тэдэнд ийн зааварлажээ. 

“Хуврагуудаа хамаг амьтанд амар амгалан хайрлахын тулд зүг бүрт аялцгаа. Ертөнцийн хүмүүс, тэнгэрүүдийн сайн сайхан, тусын төлөө энэрэн нигүүлсэх сэтгэлийг үүсгэн нэг ижил зүгт давхардан бүү явцгаа.” хэмээжээ.

Будда эдгээр 60 хуврагыг ариун номыг бусдад хүртээхийн тулд зүг бүрт илгээсэн ба тэд бүгд үнэнийг олж зовлонгоос чөлөөлөгдөх замыг туулж гэгээрсэний хувьд  өөрсдөө бурханы сургаалийн бодит үлгэр жишээг үзүүлэгч нар байсан юм. Иймээс тэд зөвхөн айлдвар үг дамжуулагчид төдий бус хүмүүст юу сургаж байгаагаа практик дээр хэрэгжүүлэх чадварыг зааж өгч чадаж байсан байна. Ариун номын мөн чанар нь түүнийг хэрэгжүүлж эхлэх мөчид л шууд үр дүнгээ өгч эхлэх төдийгүй, замын дунд, замын төгсгөлд ч үр шимээ өгсөөр байдаг явдал юм.  Бурханы сургаалийг даган үйлдэхийн ашиг тус илт тодорхой байдаг. Түүний сургаалийг янз бүрийн шашин шүтлэг, гарал үүсэл, угсааны хүмүүс сонирхдог. Янз бүрийн шашны тэргүүлэгч нарч ариун номын сургаалийг даган хэрэгжүүлсэн жишээ олон байдаг.  Тухайлбал Буддаг Урувел дах Сенанигама руу явж байх замд 30 даяанч  нар ирж түүнээс сахил хүртсэн байдаг.  Мөн Урувелд Кассапийн  3 ах дүүс өөрийн 1000 дагалдагч нартай хамт ирж хуврагууд болцгоосон байдаг.  Түүгээрч зогсохгүй Сарипутта, Могаллана зэрэг даяанч нар ирж сахил хүртэн түүний тэргүүлэх шавь нар болцгоосон байна.      

Тухайн цаг үед амьдарч байсан олон чухал хүмүүс ариун номыг сонирхон ирж байсан гэдэг.  Тухайлбал, Вимбасар, Судходан, Празенажита зэрэг хаад, Анатапиника, Йотияа, Жанила, Меннака, Пуннака, Какавалия зэрэг нэртэй худалдаачид,  мөн Вишака, Суппаваса, Кема зэрэг алдартай эмэгтэйчүүд тэддний дунд байжээ.  Эдгээр алдар цуутай хүмүүс ариун номыг дэлгэрүүлэх үйлсэд олон тооны бясалгалын хийд барьж  чин сэтгэлээсээ ихээхэн хэмжээний хандив өргөсөн байдаг.  Тэд илүү олон хүмүүс ариун номыг сурч бясалгал үйлдэн зовлонгоосоо салах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ийнхүү тусалдаг байсан гэдэг. 

Будда үүний дараагийн 2 дах, 3 дах болон 4 дэх борооны улирлыг Бимбсар хааны бэлэглэсэн хулсан ойн төгөлд өнгөрүүлж түүнээс цааш борооны нэг улиралд зөвхөн нэг л газарт үлдэж дараагийн газар луу шилжин явж байжээ. Будда бүхий л амьдралаа Хойд Энэтхэгийн нутгаар аялж ариун номын үрийг хүртээхэд зориулсан байна.

Нэгэн удаагийн аялал нь Судходана хааны урилгаар Капилавату нутагт үргэлжилсэн ба Сакяачуудын гүн хүндэтгэлийг хүлээсэн байна. Энэ аяллын үеэр мянга мянган Сакяачууд хуврагийн эгнээнд  нэгдэж тэдний дунд түүний хүү Рахула болон түүний хойд эхээс гарсан дүү Нанда бас байжээ. Мөн тэдний хамт Ануруда, Баддия, Ананд, Багу, Кимбила, Девадата болон Упали зэрэг хааны удмынхан ирж нэгдсэн байна.

Харин  5 дах борооны улирлаар түүнийг Весалид байх үед түүний эцэг болох Суддохана хаан насан эцэслэж бэлэвсэн хоцорсон хойд эх Махапажапати Готами түүнээс эмэгтэйчүүдийг хуврагийн эгнээнд хүлээн авахыг хүссэн байдаг. 

Ийнхүү энэ үеэс гэлэнмаа нарын чуулган анх үүссэн байна. 

Дараагийн борооны улирлыг тэрээр Манкулапаббатад, харин 7 дахийг Таватинсад өнгөрүүлэхдээ Абхидамма буюу Дээд сургаалиа өөрийн эх Махамая болон тэнгэрүүдэд айлджээ.

Энэ мэтээр 8-аас 19 хүртэлх борооны улирлуудыг тэрээр Бесакалвана, Кошамби, Парилэяака, Эканана, Веракжа, Каликапаббата, Жетавана, Капилавату, Анави, Ражага зэрэг  газруудад өнгөрүүлсэн байна.

Харин 20 дахь борооны улирлын үеэр тэр 999 хүний амийг хороогоод байсан алуурчин Ангулималагийн амьдралыг бүрэн өөрчилсөн гэдэг. Ангулимала бурханы сургаалтай учирснаар ариун явдалтай нэгэн болж хожим архад болж гэгээрсэн юм. Энэ үйл явдал Ражагад болсон гэдэг. 

Түүнээс цааш хорин нэгээс дөчин зургаа дахь борооны улирлаар  Саватийн Жетавана хийд болон Пуббарама хийд зэрэг газруудад саатсан байна.

Будда бүхий л замын турш хуучин мухар сүсэг, амьтны амиар тахил өргөгч хийгээд янз бүрийн итгэл үнэмшилтэй бүлэглэлүүдийн зүгээс дайсагнах үйлдэлтэй байнга тулгардаг байжээ. Тухайлбал түүнийг ямар нэгэн ичгүүртэй байдалд оруулахыг оролдох, элдэв муу хэрэг төвөгт хутгалдуулах зэрэг оролдлогууд гарч байсны дотор Девадата гэгч сүсэгтэн хуврагын чуулганыг ичгүүртэй хутгах болон Буддагийн амь биед халдах оролдлогыг удаа дараа янз бүрийн аргаар хийсэн  гэдэг. Ийн оролдох бүр Бурхан бээр хэмжээлшгүй их хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл, билгүүн ухааны хүчээр бэрхшээлийг даван гарч зовсон олонд үйлчлэх ажлаа үргэлжлүүлэн хийсээр байжээ.

Будда  80 настай байхдаа Весалд айлчилсан ба энэ үед Амбапали гэгч нэгэн баян биеэ үнэлэгч бүсгүй түүнд зоог барихын хамт Амбалланника цэцэрлэгийг хуврагын чуулганд бэлэг болгон өгсөн байдаг.  Випашяна бясалгалыг үйлдсээр тэр бүсгүй муу замаасаа салж, хожим нь архант болж гэгээрчээ.

Үүний дараа бурхан Пава хүрч Кундагийн манго жимсний цэцэрлэгт морилон байхдаа тэрээр зоог барьсаны дараа бие нь ихээхэн доройтсон байна.  Энэ бол түүний хамгийн сүүлийн удаа барьсан зоог байсан ба хэдий доройтсон боловч тэрээр Кушинар хүрэхээр цааш аяллаа үргэлжлүүлжээ.  Тэнд хүрсний дараа Бурхан Анандад хандан гадуур хувцсаа хоёр модны дунд тавихыг хүсээд түүний  насны төгсгөл ирснийг мэдэгдсэн байна.  Энд түүнийг дагалдан явсан олон хуврагууд, хар хүмүүсээс гадна түүнийг хүрээлэн олон тэнгэрүүд цуглаж эцсийн хүндэтгэл үзүүлж харин Бурхан тэдэнд эцсийн захиас сургаалиа айлджээ.

“Нөхцөлдөж үүссэн бүхэн устах жамтай

Нэг зүтгэлээр ариусалд шамдагтун”хэмээжээ

Бүтсэн бүхэн зайлшгүй төгсдөг жамтай

Өөрийн тонилохыг зоримог гүйцэтгэ.

Ийнхүү өөрийн айлдсаныг биеэр үзүүлэн МЭӨ 544 оны Вешака сарын тэргэл  сартай өдөр Будда 80 насандаа Махапариниббана буюу нирваан дүрийг үзүүлжээ.