Зургаан түүхэн чуулган

Бурханы сургааль үгсийг цуглуулан эмхэтгэх зорилгоор Дамма сангитис буюу 6 түүхэн чуулган зохиогдож байжээ.

Үүнийг сангитис буюу цээж уншлага гэдэг байсан ба хамгийн ахмад хуврага сургаалийн үгсийг мөр мөрөөр цээжээрээ уншиж түүний дараа бүх хуран цугласан хуврагууд нэгэн дуугаар даган хэлдэг байсан байна.  Ийм аргаар цуглаанд оролцож буй хуврагууд тус бүрдээ өөрийн цээжилсэн үгсийг шалгаж тааруулдаг байжээ.

Энэхүү Буддагийн сургаалийн эмхэтгэлийг Трипитака буюу Ганжуур гэнэ.

Ариун номын сургааль нь 2 чухал хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээрт онолын хэсэг буюу утгын тал хоёрдугаарт парктикийн хэсэг буюу хэрглээний тал юм. Үндсэндээ энэхүү чуулган эсвэл аман уншлага нь Бурханы сургаалийн онолын хэсгийг цэвэр ариунаар нь хадгалан авч үлдэхийн тулд зохиогддог байж.  Харин номын хэрэглээний буюу практик хэсгийг хадгалан үлдэх арга нь багшаас шавьд биечлэн зааж сургах хэлбэртэй байсан байна.

4 дэх удаагийн чуулган хүртэл Бурханы сургаалийг бичгээр тэмдэглээгүй байсан тул ийнхүү чуулган зохион байгуулж цээжлэх нь зайлшгүй зүйл байсан байна. Түүнээс гадна ийм чуулганы үеэр хуврагууд болон сүм хийдийн дэг журмыг хэлэлцэн тогтоох хурал болдог байжэээ.

6 удаагийн чуулганыг тус бүрд нь тодорхойлж үзэхэд:

Анхдугаар чуулган м.э.ө 544 онд Ажатасатту хааны ивээл дор Ражагахад зохиогдсон.  Махакасаппа Тера даргалж Упали Вияагийн уншлагыг, Ананда номын уншлагыг үйлдсэн байна. Энэ чуулганд 500 архад оролцож, 7 сарын турш үргэлжилжээ.

Хоёрдугаар чуулган анхны чуулганаас 100 жилийн дараа м.э.ө 444 онд Каласока хааны ивээл дор Весалд зохиогдсон. Энэ чуулганыг  Ревата Тера даргалж 700 хуврага оролцсон байна.

Гуравдугаар чуулган м.э.ө 326 онд Даммашока хааны (олонд Ашика хаан гэж алдаршсан) ивээл дор Паналипутад зохиогдсон. Энэ чуулганыг Моггалипутта Тера даргалж Бурханы сургаалийг цээжээр мэддэг 1000 хуврага оролцож, 9 сарын турш үргэлжилжээ. Энэ чуулганы үеэр Катаватту буюу Бурханы багшийн сургаалийн нэмэлт эмхэтгэлийг үйлдэж Ганжуурт дагалдуулсан байна. Энэ чуулганы дараа 9 Тераг номын үрийг тараахаар зүг бүрт илгээсэн байна.

Дөрөвдүгээр чуулган м.э.ө 29-17 оны орчимд Шриланк улсад Ваннагамини Авая хааны үед зохиогдсон. Энэ чуулганд Бурханы сургаалийг сайтар цээжилсэн 500 хуврага оролцож, Маха Ракита Тера даргалсан байна. Энэ чуулган дээр Ганжуур болон түүний тайлбаруудыг цээжээр уншихын хамт анх удаа бичгээр тэмдэглэн үлдээсэн байна.

Тавдугаар чуулган м.э. 1871 онд Мин Дон Мин хааны ивээл дор Бирм улсад зохиогдсон. Энэ чуулганд 2400 хуврага оролцож, гэгээн Маха Жагарабиванса Тера мөн гэгээн Маха Нирандабидхажа болон гэгээн Сумангала Сами нар ээлжлэн даргалсан байна.

Ганжуурыг 5 сарын турш уншиж мөн гантиг хавтан дээр сийлж үлдээсэн байна.

Зургаадугаар чуулган 1954 онд Бирм улсын Ерөнхий сайд У Ну-гийн ивээл дор Рангуун хотод дэлхийн янз бүрийн улс орноос ирсэн лам хуврагууд оролцон зохиогдсон байна. Энэ чуулганыг гэгээнтэн Абхидажа Махаранна Баданта Ревата даргалж Бирм, Шри Ланк, Тайланд, Энэтхэг болон бусад орны 2500 гаруй номтой хуврагууд оролцсон ба Ганжуурын утга агуулгыг дахин хянасан байна. Энэ чуулган Бурханы багшийн нирваан дүр үзүүлснээс хойш 2500 жилийн ойн дээр 1956 оны Вешака сарын бүтэн сартай өдөр өндөрлөсөн байна.

Эдгээр 6 чуулганы 3 нь Энэтхэгт, дөрөвдэх нь Шри Ланкад, харин сүүлийн хоёр нь Бирмд зохиогдсон ба Бурхан Гоутам дахин нээж олсон ариун номыг 2500 жилийн турш цэвэр ариунаар нь хадгалан үлдээхэд  үнэтэй чухал үүрэг гүйцэтгэжээ.