Буддагийн сургааль

Будда дундаж замыг сургасан байдаг. Номын хүрдийг эргүүлэхүй гэсэн түүний эхний сургаальд үнэнийг хайгчид мэдрэхүйн жаргалд дурлах болон хэт их хатуужил тэсвэрийг үйлдэх гэсэн 2 төрлийн туйлшралаас сэрэмжлэх хэрэгтэй гэж сургажээ.

Энэхүү дундаж зам мөрийг тэрээр хутагтын 4 үнэн, 8 гишүүнт зам мөр гэсэн сургаалиудаараа тайлбарлажээ.

Хутагтын  4 үнэн:

  1. Зовлон байдаг
  2. Зовлон шалтгаантай байдаг. Тэр нь шунал
  3. Шунал үгүй бол зовлон үгүй
  4. Зовлонг устгах арга зам бий

Зовлонгоос гарах тэрхүү зам мөр нь Хутагтын  8 гишүүнт зам мөр юм. Энэ зам мөр нь 3 хэсэгт хуваагддаг. Шилла буюу зөв амьдрал, самади буюу сэтгэлийн хяналт, пакка буюу сэтгэлийг бүрэн цэвэрлэн ариусгах билгүүн ухааныг үүсгэх байдаг.

Хутагтын 8 гишүүнт зам мөр

Билгүүн ухаан

  1. Зөв үзэл
  2. Зөв бодол

Ариун явдал

  1. Зөв яриа
  2. Зөв үйл
  3. Зөв амьжиргаа

Сэтгэлийн тэгш амгалан

  1. Зөв зүтгэл
  2. Зөв дуртгал
  3. Зөв төвлөрөл

Шүтэн баридлагын хууль

Будда хутагтын 4 үнэнийг шүтэн барилдлагын хуулиар тайлбарладаг. “Мунхаг болон шунал хоёр байгаа учраас бид тооцоолшгүй цагаас эхлэн дахин төрөхүйн урсгалд хөвж байгаа билээ. Бид төрөл авснаар янз бүрийн зовлонт мэдрэмжийг мэдэрч, үхэж дараа нь дахин төрөх мэтээр энэ үйл явц эцэс төгсгөлгүй үргэлжилнэ” гэж Будда айлдсан ба үүнийг сансар гэж нэрийджээ.

Тэрээр цааш нь “Энэхүү  процесийн учир шалтгааныг шунал хүслээс үүсдэг болохыг ухаарч, төрөл төрөлдөө хуримтлуулсан үйлийн үрийг усгаж мөн шинээр нэмж шунал хүслийн үйлийн үр үүсгэхгүй байх аваас тэр хүмүүн юунд ч үл автах сэтгэлийн төгс төгөлдөр байдлыг олно.” Шунал хүслийг үндсээр нь устгасан хүний сэтгэл туйлийн амар амгаланд оршиж, дахин хэзээ ч төрөл авахгүй болдог.  Энэ бол бүх зовлогийн хүлээснээс салсан нирвааны оршихуй юм.

Төрөл авах болон түүнээс ангижрах үйл явцыг Шүтэн барилдлагын хууль илүү тодорхой тайлбарлах боломжийг олгдог.  Энд нэг нь нөгөөгөөр нөхцөлдсөн тасралтгүй үүсэн үргэлжлэх процессууд байдаг.

  1. Мунхагаар үйлдэхүй нөхцөлдөн үүснэ.
  2. Үйлдэхүйгээр тийн мэдэхүй нөхцөлдөн үүснэ
  3. Тийн мэдэхүйгээр дүрс нөхцөлдөн үүснэ
  4. Дүрсээс 6 мэдрэхүй нөхцөлдөн үүснэ.
  5. 6 мэдрэхүйгээр хүрэлцэхүй нөхцөлдөн үүснэ
  6. Хүрэлцэхүйгээр мэдрэхүй нөхцөлдөн үүснэ
  7. Мэдрэхүйгээр хүсэл нөхцөлдөн үүснэ
  8. Хүслээр чухал авахуй нөхцөлдөн үүснэ
  9. Чухал авахуйгаар байхуй буюу сансар нөхцөлдөн үүснэ
  10. Сансараар төрөхүй нөхцөлдөн үүснэ
  11. Төрөхүйгээр өтлөх үхэх нөхцөлдөн үүснэ

 

Эдгээрээс нэг нь нөгөөгийнхөө эх үүсвэр болдог ба нөхцөлдүүлж байгаа нь шалтгаан болж үүсч байгаа нь үр болно.

Энэхүү шүтэн барилдлагын гинжин хэлхээтэй бидний зовлон зүдгүүр бүхэн холбоотой юм.  Харин Випашяна бясалгалыг хийснээр энэхүү гинжин хэлхээг тасдан зогсоох боломжтой болдог.

Бурхан бээр шунал хүслийн улмаас зовлон үүсч байгааг өөрийн туршлагаар онож мэдэрсэн ба энэ үл төгсөх оршихуйн гинжин хэлхээг аргыг олсон хүн юм. Тэрээр гадаад ертөнцийн юмс сэтгэлд орших шунал хүслийн хариу үйлдлүүд хоёр нь бидний биенд илрэх мэдрэмжээр холбогдож байдгийг өөрийн сэтгэлийн гүнд ажиглаж мэдсэн байна.  Хүн биеийн 5 болон сэтгэлийн мэдэхүйгээр ямар нэгэн дүрстэй шүргэхэд бидний биенд мэдрэмж үүсэх ба тэрхүү мэдрэмжийн зүг тэмүүлэн хүсэл шунал үүсдэг байна. Хэрэв мэдрэмж тааламжтай байвал тэр мэдрэмжийг удаан үргэлжлүүлэн мэдрэх хүсэл үүснэ.  Харин тааламжгүй байвал тэр мэдрэмжээс ангижрах хүсэл үүсдэг байна. Харин шүтэн барилдлагын гинжин хэлхээнд хүрэлцэхүйгээр мэдрэхүй үүснэ, мэдрэхүйгээр хүсэл шунал үүснэ гэдгийг Будда сургажээ. Иймээс хүний хамаг зовлонг үүсгэдэг эх үүсвэр нь ямар нэгэн гадны зүйл бус харин бидний дотор орших мэдрэмж болж байна. Хэрэв бид шунал хүслээс буюу зовлонгоос ангижирахыг хүсвэл  өөрсдийн дотоод мөн чанартай нүүр тулан ажиллах ёстой ба энэ нь мэдрэмжтэй ажиллах гэсэн үг юм. Энэ бол Бурханы сургаалийн хамгийн чухал онцгой зүйл юм.

Үл захирагдах сэтгэлийн дадал нь мэдрэмжид дурлах байдаг ба мэдрэмж бүрийн зүг шуналийг үүсгэсээр байдаг. Хэдийгээр эдгээр эдгээр мэдрэмжүүд нь түр зуурын мөнх бус байдаг ч гэсэн энэхүү мэдрэмжийг чухалд авч түүний зүг тэмүүлэх сэтгэлийн процессийг ажиглаж сурах нь чухал юм.

Мэдрэмж бүр түр зуурын байнга хувьсан өөрчлөгдлөх мөн чанартайг дүгнэн ойлгож, зөвхөн хөндлөнгийн ажиглагч байж сурснаар мэдрэмжид дурлах буюу ямар нэгэн хариу үйлдэл хийхгүй байхад бага багаар суралцаж болдог байна.

Ингэж ямарч хариу үйлдэл хийлгүй ажиглан байх хором бүхэнд бидний урьдын хураасан ийм сэтгэлийн дадал бага багаар арилж сэтгэл ариусдаг байна.

Хэрэв энэ  процессийг тасралтгүй ажиглан мэдрэмжийн зүг хариу үйлдэл хийх урдын хуримлагдсан сэтгэлийн дадлыг үгүй болтол арилгаж чадсан хүн дахин ямарч мэдрэмжийн зүг хүсч эсвэл шунаж хариу үйлдэл хийхээ больдог байна. Үүний үр дүнд “мэдрэмжээр нөхцөлдөн хүсэл үүсдэг” байсан процесс үгүй болж харин “мэдрэмжээр нөхцөлдөн билгүүн ухаан үүсэх” процесс болон хувирах ба зовлонгийн хөнөөлт тойрог хоригддог байна.  Ингэж сэтгэлээ алхам алхамаар цэвэрлэх арга бол Випашяна бясалгал юм.  Бурхан багш үүнийг “Би та нарт хэрхэн алхам алхмаар сэтгэлд нөхцөлдсөн үйлийн үрийг арилгахыг үзүүллээ.” гэж хэлсэн байдаг.  Алхам бүр мэдрэмжийг ажиглах ажиллагаа юм. Энэ бол Бурхан багшийн биеэрээ туулж үзүүлсэн дундаж зам мөрийн тухай сургаалийн практик хэрэглээ буюу Випашяна бясалгал билээ.